УИХ-ын хуралд суудаг эрхмүүдийг хараад үхтэлээ атаархах юм. Зурагт асаахаар чуулган нэрийн дор УИХ-ын гишүүд “МАНай нам ийм гоё, тАНай нам тийм муухай. Цаана чинь МАХНы үнэ нэмэгдлээ” гэхчлэн баахан талцан хэрэлдэх юм. Хэрэлдэж, хэрэлдэж залхдаг юм байлгүй “Завсарлага авъя” гээд л зүтгэчихнэ. Завсарлага авмагцаа л Төрийн ордоноос гарч, хоол, унд идээд сүйд болохыг нь яана. Их удаан хэрэлдэхээр их л өлсдөг юм байлгүй хөөрхийс. Төрийн түшээ 76 нөхөр хувийн хэвшлийн компанид ажиллавал тун удахгүй халагдана гэдэгт 100 хувь итгэлтэй байна аа.
Би нэгэн хувийн компанийн жирийн нэгэн ажилтан. Бор ходоодоо тэжээхийн тулд борви бохисхийлгүй зүтгэнэ. Завсарлага авах эрх байхгүй. Хэрвээ завсарлага авбал цалин хэмээх цөөн хэд маань хасагдана. Цөөн хэд маань хасагдвал бор ходоод нь хонхолзоно.
Ажлаа дуусгахын тулд өглөөнөөс үдэш хүртэл үсээ цайтал ажиллана. Цайны цаг гэж бий.
Гэхдээ ажил амжихгүйд хүрвэл липтон, цай ганц нэг кофе, жигнэмэг тэргүүтнээр хооллон, ажлаа хийнэ. Үүнийгээ үйлийн үр гэж боддоггүй. Харин ч эзэмшсэн мэргэжлээрээ эх орондоо сайхан ажиллаж, амьдарч байна гэж ойлгодог.
Ажлаа цагтаа амжуулж чадаагүйгээс, эсвэл өөрийн бурууг зөв мэтээр зүтгээд бараагүйгээс үүдэн “Завсарлага авъя” гэж хэлэх эрх надад үгүй. Хэрвээ би ажлаа дуусгахгүй, хийж чадахгүйдээ өдөр бүр завсарлага авбал ажлаасаа халагдана. Миний хийж чадаагүйг цаг хугацаанд амжуулчих чадалтай, ажилгүй яваа аавын хөвгүүд, охид зөндөө бий. Түүнд миний ажлыг өгчихнө. Би ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж, гудманд лааз өшиглөх хэрэг гарна шүү дээ. Тиймээс оногдсон ажлаа цаг хугацаандаа хийх л ёстой. Үүнийгээ хариуцлага гэж нэрлээд байгаа юм.
Харин УИХ гэдэг газар ажилладаг хүмүүс хэрэлдэж, хэлэлцэж, хийж чадахгүйгээ хүрэхээр “Завсарлага авъя” гээд л амарчихна. Сайхан ч юм аа. Сайхан юм. Ард түмний сонголт гэдэг хүнийг ажиллаж ч болдог, ажиллахгүй байж ч болдог тун сайхан эрхийг олгодог ажээ. Завсарлага авч, нэгнээ ажил хийлгэдэггүй, ажлаа хийдэггүй УИХ-ын гишүүд та бүхнийг хараад л байгаа шүү. Завсарлага гэх улстөрчдийн залхуурлаас болж, Монгол Улс минь доройтох бий дээ. За яахав 2016 оны УИХ-ын сонгууль ч дөхөж байна даа. Дараагийн сонгуулиар бүрмөсөн завсарлага авхуулах эрх нь иргэд бидэнд байдаг нь хэвээрээ л юмсан.
Б.БИЛЭГ