УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан дөнгөж сая эхэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж эхлээд байна.
Уг хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Баярцогт танилцуулж байна.
Хуулийн төслийн тухай тодруулахад, Засгийн газрын танхимын сайдуудаас Ерөнхий сайд болон Үндсэн чиг үүргийн яамдын сайд нар УИХ-аас томилогдох боломжтой бол бусад нь парламентаас гадна томилогдох болж буй юм. Мөн хуулийн үйлчлэлийн хугацаа 2014 оны долдугаар сарын 1-н болж өөрчлөгдөөд байгаа. Дээрх заалтуудыг тэр дундаа хуулийн хэрэгжих хугацааг 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа үйлчлэхээр болгож өөрчлөхийн тулд өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож буй гишүүдийн гуравны хоёрын саналыг авах ёстой юм.
Хуулийн төсөлтэй холбоотойгоор гишүүдийн асуулт, хариулт үргэлжилж байна. Хуралдаанд 74 гишүүн оролцож байгаа гэсэн мэдээллийг УИХ-ын дарга өгөөд байна.
Г.ДАРЬ