УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Тогтоолын төсөлд Оюутолгойн далд уурхайн ажил эхлүүлэхэд УИХ, Засгийн газар дэмжлэг үзүүлнэ” хэмээн заасан нь УИХ-ын гишүүдийн дунд мэтгэлцээн үүсгэлээ.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Я.Содбаатар Засгийн эрх барьж буй Ардчилсан нам, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл нь УИХ-ын сонгуульд ялахдаа Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг илүү сайжруулна гэж амласан. “Шударга ёс”-ынхон сонгуульд амлалт өгөхдөө Оюутолгойн Монголын талын хувь хэмжээг 51-ээс доошгүй хэмээнд хүргэхээ зарласан. Гэтэл одоо хэлэлцэж буй асуудлын хүрээнд энэ нь эсрэгээрээ болж хувирч байна. Мөн Засгийн газар Оюутолгойн хэлэлцээр явж байна гэдэг, үйл явцынх нь талаар тодорхой мэдээлэл авмаар байна. УИХ ч мөн энэ асуудал дээр ямар байр суурь барьж буйгаа илэрхийлэх шаардлагатай гэв.
Энэ асуултад дээрх тогтоолын төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж буй УИХ-ын гишүүн Д.Зоригт хариулт өглөө. Тэрээр “Оюутолгойн асуудлаар УИХ байр сууриа илэрхийлэх цаг болсон. Хөрөнгө оруулалтын гэрээг өөрчилнө, өөрчлөхгүй гэж их олон жил ярьж, маш хүнд байдалд оруулж байгаа. Далд уурхайн ажил зогсонги байдалд орсноос гадаадын төдийгүй дотоодын олон аж ахуйн нэгж хүлээлтийн байдалд шилжсэн. Тодорхой байдлыг хүсэж байгаа. Тийм учраас бүтээн байгуулалтын ажилд саад учруулж болохгүй. Бүгдээрээ нэг үзэл баримтлал илэрхийлээд энэ ажлаа явуулъя гэдэг үүднээс Оюутолгойн далд уурхайн ажил эхлүүлэхэд УИХ, Засгийн газар дэмжлэг үзүүлнэ гэсэн заалтыг дэмжсэн гэх хариулт өгөв.
Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
-Оюутолгойтой холбоотой өөр заалт оруулмаар байна. Нэг компанийн өмнө УИХ, Засгийн газар үүрэг хүлээж болохгүй. Бидний гол ярих ёстой зүйл бол борлуулалтын орлогоо Монголоор дамжуулдаг болох, Эрдэнэтээс дөрөв дахин хүчин чадалтай үйлдвэр ашиглалтад орчихоод байхад яагаад валютын хомсдолд ороод байна вэ. Дансаа Монгол нээ, борлуулалтын орлогоо нээ, валютын нөөц бүрдүүлэхэд үүрэг хүлээ гэх ёстой. Ийм заалт байхын оронд бөхөлзөөд Засгийн газраа ч барьж өгөөд, УИХ-аа ч барьж өгч болохгүй.
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан:
-Танай нам ийм амлалт өгсөн гэж яриад хэрэггүй. Тэрэндээ тулбал, Ардын намын нөхдүүд хошуучлаад энэ дампуу гэрээг хийсэн. Мөн улстөрчид Оюутолгойн гэрээг маш их улстөржүүлж байгаа нь үнэн. Одоо Оюутолгойг тайван орхиж, 34 хувийг нь Монголын ард түмэндээ өгчих хэрэгтэй.
Энэ янзаар далд уурхай явахгүй, тийм болохоор татварыг нь ахиухан татаад явах нь оновчтой хувилбар. Ер нь бол уг заалтын доор ямар далд, нууц тохироо явах гээд байна вэ, үүнийг хуульчилж, хайрцаглах шаардлагагүй. Ийм л бодолтой байна.
УИХ-ын гишүүн Г.Уянга:
-Я.Содбаатар гишүүний хэлж байгаа үнэн. Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтыг түргэтгэх гээд УИХ үүрэг хүлээх нь хэр зохимжтой вэ гэдгийг бид бодолцох ёстой . Тэр тусмаа хөрөнгө оруулалтын гэрээ өөрөө маргаантай байхад. Жил гаруйн өмнө Оюутолгой төслийг ярилцаж байхад анхны хөрөнгө оруулалтын зардлын хэтрэлийг эхлээд шийдье, үүний дараа нэмэлт санхүүжилтийн зардлыг яръя гэсэн. Одоо тэгтэл юу болчих вэ. Ямар үндэслэлээр бүтээн байгуулалтын ажлыг түргэтгэе, УИХ, Засгийн газар дэмжлэг үзүүлье гэв. Өөрсдөө хөрөнгө оруулалт хийнэ гэчихээд одоо болохоор банкны зээл болоод хувирчихсан. Аудитынх нь дүнг үзсэн юм уу, яагаад ийм тодорхой заалт орж ирэв.
УИХ-ын гишүүн Д.Зоригт:
-Гэрээ байгуулчихсан ажиллаж байна, энэ гэрээнд тохиролцоод нэмэлт өөрчлөлт оруулах, шинэ нөхцөл байдал үүсвэл өөрчлөх эрх нь нээлттэй. С.Батболдын Засгийн газрын үед зарим өөрчлөлтийг харилцан тохиролцож хийсэн.
Одоо бид ажлаа түргэтгэмээр байна, дэлхий дахин монголыг харж байна. Хамгийн том төслөө жижиг сажиг зүйлээр саатуулахаа болъё. Амдралын шаардлагаар гэрээнд өөрчлөлт оруулах асуудал нэлттэй байгаа.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
-Эдийн засгийн хүндрэлийг бий болгочихоод түүгээрээ барьцаа хийж байна. Монголд өнөөдөр баян, хоосны ялгаа эрс ихэссэн, үүнээс ичихгүй хэрнээ Оюутолгойг дэлхий хараад байна, ичээч гэх юм. Муу гэрээ учраас энэ ингэж удаан яригдаж байгаа. Хөндлөнгөөс нь УИХ түрж орж ирнэ гэдэг чинь цаад агуулгаараа Арбитрын шүүхэд дуудагдах асуудал үүснэ. Асуудал өнөөдөр тодорхойгүй байна. Өмнө нь Монголын ард түмнийг яаж хуурч гэрээ байгууллаа. Хоёр дахиа хууртагдвал бид арчаагүй гэсэн үг. Урхинд л ороод байна гэсэн үг. Харанхуй “За” гэчихвэл ашиг орлогын харьцаанд өөрчлөлт орно гэлээ.
Улмаар энэхүү тогтоолын төсөлтэй холбоотойгоор УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг завсарлага авсан юм. Завсарлагыг нэг хоногийн хугацаатай авч байгаагаа УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг мэдэгдсэн. Ингэх болсон нь тогтоолын төсөлд тусгасан асуудлуудыг нягтлах шаардлага үүслээ хэмээн онцлов.
Одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан завсарласан бөгөөд үдээс хойшхи хуралдаан 14.00 цагаас үргэлжилнэ. Үүгээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлах юм.
Г.ДАРЬ