Тайзнаас аймшиг мэдрэхэд…

Хуучирсан мэдээ: 2014.05.01-нд нийтлэгдсэн

Тайзнаас аймшиг мэдрэхэд…

Ус дуслах чимээ… Улаан навчтай цагаан модны дор дугуйтай орон дээр амьдардаг хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэй. Өдөр ч, шөнө ч хайртай нөхрөө хүлээх золгүй бүсгүйн хувь тавилан хэрхэн төгсөх бол…  Тэр бүсгүйн нүд, чих, гар, хөл болсон ганц зүйл нь түүний орон дээр байх телефон утас. Орноосоо өндийж чаддаггүй, тахир дутуу түүнийг нөхөр нь хөнөөхөөр алуурчин явуулжээ. Алуурчны гарт үхэхээсээ айсан бүсгүй эцсийн мөчид өвчнөө ялж, өөрийн хоёр хөл дээрээ зогссон ч үхлийн өмнөөс инээмсэглэн эцсийн амьсгалаа хураах нь харамсалтай. Нийгмийн хүнд суртал, хүний дотоод ертөнцийн хүсэл, хар бараан оюуны төсөөллийг “Уучлаарай та дугаар андуурч жүжиг” харуулна.

Тайз засал, жүжигчдийн дүр сонголт оновчтой, театрын хамгийн залуу жүжигчид жүжгийг тайзнаа амьдруулсан нь сонирхол татав. Цагаан өнгийн өмсгөл, неон гэрлийн тусгал ашиглан тайзыг чимэглэжээ. Гэрэл сүүдрээр жүжгийн хурц үзэгдлүүдийг илэрхийлэн сүр оруулсан нь үзэгчдийг цочирдуулам, үйл явдлыг улам бодитой санагдуулам байлаа.

Аймшгийн драмын жанр гэж тодорхойлсон тус жүжгийн зарим үзэгдлээс үзэгчид цочиж, айж, сандал руугаа нугдайн шигдэхэд хүрэх аж. Залуу уран бүтээлчдээс бүтсэн жүжиг болоод ч тэр үү залуу үзэгчид олон байлаа. Ер нь анзаарч байхад театрт сүүлийн үед залуус ир очдог болж. Жүжиг их сонирхдог болсныг магтууштай.

Ийнхүү театрын тайзнаа өчигдөр Люсиль Флетчерийн зохиол, Соёлын тэргүүний ажилтан, найруулагч Ч.Түвшингийн найруулсан “Уучлаарай та дугаар андуурч” жүжиг нээлтээ хийлээ. Драмын театрын тайзнаа анх удаа аймшгийн гэх тодорхойлолттой жүжиг тавигдсан нь түүний  бүтээл байв. Энэ нь “Долоон найруулагчийн долоон өөр ертөнц” бэсрэг төслийн хүрээнд хүргэж буй гурав дахь бүтээл билээ.

Зургийн цомгийг ЭНД дарж үзнэ үү.

Э. ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж