Хэвлэл мэдээллийн зарим байгууллага, эвсэл холбоод Монголын сэтгүүл зүйг илүү мэргэжлийн түвшинд хөгжүүлэхийг хүсэн эрмэлзэж буйгаа илэрхийлж, Хэвлэл мэдээллийн цэц байгуулах ажлыг хамтран зохион байгуулахаар шийджээ. Хариуцлагатай, ёс зүйтэй сэтгүүл зүйн хэм хэмжээг баримтлан ажиллаж, мэргэжлийн нэр хүнд, итгэл үнэмшлээ хамгаалан бататгах цаг ирсэн гэж үзэж буй хорь гаруй байгууллага нэгдэж, Монголд Хэвлэл Мэдээллийн Цэц байгуулах Санаачлагчдын бүлгийг албан ёсоор байгуулснаа өчигдөр /2014.04.30/ зарлалаа.
Энэ бүлэг нь ойрын хугацаанд Хэвлэл мэдээллийн цэцийн дүрмийн төсөл боловсруулах, мэргэжлийн ёс зүйн зарчмын шинэчилсэн хувилбарыг сэтгүүлчдийн дунд хэлэлцүүлэх, хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын мөн чанар, ач холбогдлын талаар сургалт, мэдээллийн үйл ажиллагаа явуулах, Олон улсын мэргэжлийн байгууллага, холбоодоос дэмжлэг авах, тэдэнд мэдээлэл түгээх зэрэг олон ажлыг төлөвлөөд байна.
Монголд хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын байгууллага бий болгосноор сэтгүүл зүйн хэм хэмжээ ил тод болж, мэргэжлийн үнэ цэнэ, редакцийн хараат бус байдал илүү баталгаажих боломжтой гэж Санаачлагчдын бүлэг үзэж байна. Одоогоор дараах байгууллагууд Хэвлэл мэдээллийн цэц байгуулах үйл явцыг дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлээд байна. Үүнд, Монголын Медиа Консул Клуб, Хэвлэлийн Хүрээлэн, Глоб Интернэшнл Төв, Монголын сэтгүүлчдийн эвлэл, Парламентын Сэтгүүлчдийн Холбоо, Мидас ТББ, Мэдээлэл Холбооны Чадавхийн Хөгжлийн Форум, Монголын Үндэсний Пресс Клуб, Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбоо, Монголын Телевизийн Холбоо, Монголын Сайтын Холбоо, Ньюс Агентлаг, Монгол ТВ, Монголын Чөлөөт Сонины Холбоо, Монголын Хүйн Радиогийн Холбоо, Монголын залуу сэтгүүлчдийн хөгжлийн холбоо, Монголын ФМ Радиогийн Холбоо, Спортын Сэтгүүлчдийн Холбоо, Хүний Эрхийн Үндэсний Комиссын Сэтгүүлч клуб, Ил тод байдал сан, Монголын Сайтын холбоо, МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим, МУБИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим.
А.ТУЛГА