Улсын мөрдөн байцаах газраас Хүн худалдаалах, хар тамхи сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодистой холбоотой хэргүүдийн гаралт, мөрдөн байцаалтын талаар өчигдөр мэдээлэл хийсэн юм. Хэвлэлийн хурлын үеэр Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга Б.Батзориг дараах мэдээллийг өгсөн юм.
-Хүн худалдаалах гэмт хэрэг огцом өсч байгаа гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Хүн худалдаалах гэмт хэргийн тоо өсч байна. Тодруулбал, 2010 оноос хойш 23 холбогдогчтой 46 гэмт хэрэгт нийт 134 охин, эмэгтэй хохирсон байна. Мөн 2014 он гарсаар Филиппин, Индонез, БНХАУ-д хүн худалдаалах гэмт хэрэгт өртөж, хохироод байсан долоон бүсгүйг эх оронд нь авчирлаа. Мөн Зүүн өмнөд Азийн орнууд болох Малайз, Индонез, Филиппин, Макао, Сингапур зэрэг орнуудад цаашлаад АНУ-ын харъяа Сайпан арал зэрэг жижиг арлууд руу охид, эмэгтэйчүүдийг явуулахдаа болгоомжилж, анхаарах хэрэгтэй. Сүүлийн үед манай монгол охидууд монгол охидуудаа худалдаалдаг, зарж дамлах нь ихэсч байгаа.
-Хэдэн монгол охин хүн худалдаалах гэмт хэрэгт хохирч байгаа гэсэн тоо байдаг вэ?
-Зүүн өмнөд Азийн чиглэлийн орнууд болон БНХАУ зэрэг орнуудад бидний судалснаар хүн худалдаалах гэмт хэрэг өртөж болзошгүй, өртөж байгаа 200 орчим эмэгтэй байгаа гэсэн тоо гарсан. Мөн баттай бус мэдээгээр 400-450 охид байгаа юм.
-Насны хувьд?
-Ихэвчлэн 17-34 насны охид байгаа юм. Тэд ар гэрийнхэндээ үнэнээ хэлдэггүй, гадаад руу сургалтад сурахаар явахаар боллоо гэж тайлбарлах нь бий.
-Шалгаж байгаа томоохон хэргээс мэдээлэл өгөхгүй юу?
-АНУ-ын М гэгч манай улсын 15 охиныг Сайпан арал руу үйлчлэгч нэрийн дор явуулах гэж байгаад баривчлагдсан. Мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна.
Д.ЖАРГАЛ