УИХ-ын чуулганы пүрэв гаригийн нэгдсэн хуралдаан эхэлж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эдийн засгийг идэвхижүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эхлээд байна.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар дээрх тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед гишүүд ашигт малтмалын хайгуулыг сэргээх чиглэлээр Ашигт малтмалын тухай хуулийг батлах, Тавантолгойн ордод үйл ажиллагаа явуулж буй компанийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, Оюутолгой төслийн далд уурхайн санхүүжилтийг эрчимжүүлэх, төрийн байгууллагын хүнд суртлыг багасгах зэрэг санал гаргаж олонхийн дэмжлэг хүлээсэн байна.
Харин УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Л.Энх-Амгалан нар "Бага, дунд орлоготой иргэдийн Хүн амын орлогын албан татвар /ХАОАТ/-ыг хөнгөлөх”, "Цалин, тэтгэвэр, тэтгэмжийн доод хэмжээг нэмэгдүүлэх эрх зүйн орчинг яаралтай бүрдүүлэх", УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар "Төсвийн урсгал зардлыг 20 хувиар бууруулъя", "Төрийн байгууллагын албан тушаалтан баяр ёслол, ойн арга хэмжээний зардлыг төсвийн хөрөнгөөс гаргахыг хориглоё", "Төсвийн хөрөнгөөр хэвлэл мэдээллийн сурталчилгаа хийх, хаалтын гэрээ байгуулахыг хориглоё" гэсэн горимын санал гаргасан ч гишүүдийн олонхийн дэмжлэг хүлээгээгүй байна. Энэ тухай УИХ-ын гишүүн Д.Зоригт тогтоолын төслийн танилцуулгыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд илтгэх үеэрээ онцоллоо.
Одоо УИХ-ын гишүүд дээрх тогтоолын төсөлтэй холбоотойгоор асуулт асууж эхлээд байна.
Г.ДАРЬ