Засгийн газар өчигдөр хоёр том хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа. Нэг дэх нь, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл, нөгөө нь сүүлийн долоон жил төмөр замын төслийг чөдөрлөсөн царигийн асуудлыг нэг тийшээ болгох Төмөр замын шинэ шугам барих тухай тогтоолын төсөл. Дээрх хоёр төсөл хоёулаа эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдолтой бөгөөд УИХ-ын дэмжлэг авч чадвал уул уурхай дээр түшиглэсэн Монголын хөгжил хоёр алхамаар урагшаа гишгэж байна гэж хэлж болно.
Хүлээлт үүсгэсэн хуулийн шинэчлэлт
Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн дагуу уул уурхайн салбарт хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгохыг хориглоод дөрвөн жил өнгөрч байна. Уул уурхайн салбарын гол үзүүлэлтүүд суларч, хөрөнгө оруулалтын хэмжээ өнгөрсөн оны байдлаар 55 хувиар унахад нөлөөлсөн шалтгаануудын нэг бол яах аргагүй дээрх хориг. Энэхүү хоригийг цуцлахтай холбоотойгоор Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гарцаагүй шаардлага бий болсон юм. Өнгөрсөн гуравдугаар сард болсон эдийн засгийн форумын үеэр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, хоригийг наадмаас өмнө цуцлах болно гэдгээ УИХ-ын дарга З.Энхболд амалсан. УИХ-ын даргын амлалтаас харахад Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл УИХ дээр цаг алдахгүй байх гэсэн найдлага төрүүлж байгаа. Тэгээд ч уул уурхайн гол “зүрх” нь эрэл хайгуул гэдгийг мэдэхгүй хүн бараг байхгүй биз ээ. Баялгаа эрх хайж, нөөцийг нь нэмэгдүүлэх нь уул уурхайн гол имиж, улс оронд мөнгөний даллага болж байдгийнхаа хувьд шүү дээ.
Уул уурхайн хөгжилтэй харьцуулах юм бол долоон жилийн өмнө буюу 2007 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хууль аль хэдийнэ хоцрогдчихоод байгаа. Чуулга уулзалт болгонд хөрөнгө оруулалтын орчинг шүүмжилж байдаг гадаадынхан ч энэ удаагийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг багагүй сонирхож байх шиг. Нөлөө талаар “нуухыг нь авах гэж байгаад нүдийг нь сохолчих вий” гэсэн болгоомжлол байгаа хэдий ч энэ хаврын чуулганаар хайгуулын хоригийг цуцлах аваас уул уурхайнханд том буян болох биз. Салбарын гол хуулийн шинэчлэлт хөрөнгө оруулагчдын хүлээсийг тайлах аваас эдийн засагт ихээхэн дэмжлэг болох нь гарцаагүй юм. Ерөнхийдөө одоо УИХ-ын хийх ажил үлдэж байна гэсэн тодорхойлж болно.
Цаг алдсан цариг
Төмөр замын шинэ шугам барих тухай тогтоолын төслийг Засгийн газар УИХ-д өргөн барихдаа Тавантолгойгоос Гашуун сухайт, Сайншандаас Замын-Үүд, Хөөтөөс Бичигт хүртэл нарийн царигтай төмөр зам тавьж, Тавантолгойгоос Сайншанд, Хөөт-Чойбалсан Нөмрөг буюу Дорнод аймаг руу гардаг зам болоод Эрдэнэт-Могойн голын хил хүртэлх 550 км замыг өргөн царигтай байхаар тусгажээ. Тодруулбал, хойд хөрш рүү өргөн, урд хөрш рүү нарийн царигтай төмөр зам барихаар болсон байна. Ердөө энүүхний төлөө зургаан жилийн хөгжлийг алдсан гэхээр дэндүү харамсалтай. Эдийн засаг танагтай байх үедээ энэ асуудлыг ингээд амархан шийдчихсэн бол Монголын нүүрс яалаа гэж үнс болох вэ дээ. Нүүрсээ Хятад, цаашлаад зүүн Азийн зах зээлд нийлүүлэхийн тулд Монгол Улс төмөр замтай болох гээд зүтгээд байгаа хэрэг.
Тиймээс дахин цаг алдаж, хэзээ ч юм бэ, яг өнөөдрийнх шиг амаа бариад суухгүйн тулд УИХ төмөр замын царигийн асуудлыг энэ хаврын чуулганаар хэлэлцэж батлах нь чухал байна. Энэ бол хэн нэгний хүсэл зорилгоос илүү эдийн засгийн шахалт шаардлага гэвэл үнэнд илүү ойртоно. Эдийн засаг өөрөөр төмөр замыг нэхэж байгааг өнөөдрийн уул уурхайн салбарын уналтууд гэрчлэх биз. Ялангуяа “халуун”-тай байгаа эдийн засгаа эмчилье гэж бодож байгаа бол төмөр замын төслийг чөдөрлөөд суухгүй байвал сайнсан. Угтаа энэ асуудлыг хугацаа алдахгүйгээр шийдвэрлэвэл УИХ хувьд эдийн засагт оруулж байгаа том хөрөнгө оруулалт нь болох юм. Үнэндээ төмөр замын царигийн хувьд Засгийн газрын хийх ажил дууссан. Үлдсэнийг нь УИХ хэрхэн шийдвэрлэхийг харах л үлдэж байна. Улстөрчид энэ удаад л эдийн засгаа аврахын тулд жаахан эх оронч сэтгэл гаргах аваас Монголын нүүрс дэлхий зах зээлд гарах замыг тавилаа гэсэн үг.
Ж.НЯМСҮРЭН