Автомашины “хулгай”-г хэрхэн өөрчлөх вэ?

Хуучирсан мэдээ: 2014.05.01-нд нийтлэгдсэн

Автомашины “хулгай”-г хэрхэн өөрчлөх вэ?

Автозамын нэгдүгээр эгнээнд замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, автомашинаа орхидог дуулгаваргүй жолооч нарын автомашиныг “хулгайлдаг” болоод долоон сарын хугацаа өнгөрчээ. Энэ асуудал иргэдийн дунд багагүй бухимдал төрүүлдэг. Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс автозамын түгжрэлийг бууруулах үүднээс нэгдүгээр эгнээнд тавьсан машиныг ачиж журамлахаас өөр сонголт байхгүй гэж мэдэгддэг бол жолооч нар автомашинаа байрлуулах, түр зогсоох зогсоолгүй нөхцөлд дүрэм зөрчиж, нэгдүгээр эгнээнд автомашинаа түр зогсоохоос аргагүй байдаг гэсэн тайлбар өгдөг. Засгийн газрын 11 11 утсанд өнгөрсөн хугацаанд иргэдээс 7560 гаруй санал, гомдол ирсний ихэнх нь тээврийн хэрэгслийг ачсан талаар буюу мэдээлэл өгдөггүй, хотын төвөөс хол зайд зөөж журамладаг талаар байжээ. Энэ асуудлыг шийдвэрлэх үүднээс Нийслэлийн удирдлагууд хэлэлцэж, дараахи шийдвэрийг гаргахаар төлөвлөөд байгаа юм. Үүнд,

-Үүрэн холбооны операторуудтай хамтран жолоочдод тээврийн хэрэгслийг зөөж, хаана журамласан талаар мэдээлэл өгөх

-Тээврийн хэрэгсэл зөөж шилжүүлсэн болон бусад үйлчилгээний хураамжийг 24 цагийн турш, банкинд дугаарлахгүйгээр төлөх “Swipe” үйлчилгээг ашиглах

-Автомашиныг хол зайд зөөвөрлөхгүйгээр дугуйг нь төв замаас холдуулан түгжих гэх мэт саналууд багтаж байна. Эдгээрээс шууд захирамжлах боломжтойг нийслэлийн Засаг даргын захирамж гарган хэрэгжүүлж, тээврийн хэрэгслийн дугуйг түгжиж журамлахыг НИТХ-ын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх ажээ. “Зорчих хэсгийн яг энэ эгнээ, газарт автомашинаа байрлуулж болохгүй гэсэн тэмдэг тэмдэглэгээг тод өнгөөр будаж өгөх хэрэгтэй. Мөн ачсан тохиолдолд тухайн жолоочид хаана, хэрхэн журамласан талаараа яаралтай, тодорхой мэдээлэх нь чухал. Ачиж зөөвөрлөхөө урьтал болгохгүйгээр ойролцоох төрийн мэдлийн зогсоолуудад автомашины дугуйг нь түгжээд орхичихож байвал хүндрэл багасна” гэж Засаг дарга Э.Бат-Үүл үзэж байгаа юм.

дээрх санал, шийдвэрийн талаар иргэд ямар байр суурьтай байгааг “Нэг сэдвээр” булан онцоллоо 

Налайх дүүргийн иргэн А.Ганхуяг

Автомашины зогсоолыг олноор, хангалттай тоогоор байгуулсны дараа замын нэгдүгээр эгнээнд машин тавиулахгүй байх шийдвэр гаргах хэрэгтэй.  Яаралтай ажил гараад юм уу, аптек, дэлгүүр хальт орчихоод гараад ирэхэд л хаашаа ч юм ачаад явчихдаг гэсэн. Амьдрал тун хэцүүхэн байгаа энэ үед 70-100 мянган төгрөгөөр торгож байгаа нь үнэндээ хэцүү шүү дээ. Автомашиныг нь хол газар зөөж журамлахгүйгээр тэр хавьд нь түгжиж магадгүй гэсэн. Бас л түгжсэн хүн нь олдохгүй бөөн асуудал болох биз ээ.

Баянзүрх дүүргийн Л.Аюурзана

Үнэндээ хэцүү байна. Хааяахан хөлсөнд явчихдаг бидний хувьд нэгдүгээр эгнээнд зогсож байж л үйлчлүүлэгч авна шүү дээ. Өөр ямар ч аргагүй. Зогсох зогсоолоо байхгүй байхад 80 мянган төгрөгөөр торгоно гэдэг ол үнэндээ байж боломгүй торгууль. 20-30 мянгаар төгрөгөөр л торгосон нь дээр.

Сонгинохайрхан Р.Батболд

Жолоочдод автомашинаа зогсоох зогсоол алга байна ш дээ. Би өмнө нь автомашинаа ачуулаад өдөржингөө хайж байж арайхийж Баянзүрхийн дэргэдэх журмын хашаанаас 70 мянган төгрөгийн торгууль төлж авсан. Хэрэв ачиж зөөхгүйгээр тэр хавьд нь дугуйг нь түгжээд журамлавал арай л дээр байх.

Чингэлтэй дүүргийн иргэн Л.Чинзориг

Зогсоол нь хангалттай байвал яахав дээ. Гэтэл зогсоол алга байна шүү дээ. Ямар нэг хэмжээгээр торгох нь зүйтэй ч өнөөгийн нөхцөлд хэтийдсэн өндөр торгууль байгаа юм. Автомашины дугуйг нь түгжиж эхэлвэл хүндрэл бага ч гэсэн багасах л юм даа.

Баянзүрх дүүргийн иргэн Э.Ганзориг

Нэгдүгээр эгнээнд дүрэм зөрчөөд орхичихсон машиныг ачих нь зөв шүү дээ. “Найман шарга”, “Да хүрээ” гээд л хотын төвийн хоёр эгнээтэй нарийн замуудад автомашиныг нэгдүгээр эгнээнд байрлуулчихаар замын түгжрэл үүсэх гол нөхцөл болж байгаа юм.

Төв аймгийн иргэн Г.Ганзориг

Такси үйлчилгээ эрхэлдэг бидэнд нэгдүгээр эгнээнд зогсож хүнээ авах, суулгахгүй байна гэдэг бол бүтэшгүй асуудал. Таксины зогсоол байхгүй мөртлөө “Таксины зогсоолоос хүнээ авч, буулга” гээд байгаа нь хэр зохистой шаардлага байхав ойлгомжтой шүү дээ. Нэг удаа автомашиныг минь яг ачиж байхад нь уулзаад, тохироод 50 мянган төгрөг өгч байж “салсан”. Одоо чинь автомашин ачиж, журамлана гэдэг бол бизнес болчихсон нь илт байгаа юм.

Замын хөдөлгөөний удирдлагын төвийн жолооч Г.Нямсүрэн

Тухайн автомашиныг ачсан талаарх мэдээллийг төв операторлуугаа утасдаж мэдээлдэг. Заримдаа жолоочдын багагүй эсэргүүцэлтэй тулгардаг. Хэрэв яг ачиж байхад ирээд үнэн учраа хэлээд гуйвал мөнгө төгрөг авахгүйгэр автомашиныг нь буулгаад л өгдөг. Хэдхэн метр газарт төлбөртэй, төлбөргүй зогсоол байхад залхууралгүйгээр, дүрэм биелүүлж автомашинаа зогсоолд байрлуулж байхыг жолоочдод зөвлөж байна.

Д.ЖАРГАЛСҮРЭН

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №059

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж