“Ethnosphere” үндэсний соёл урлагийн нэгдсэн төслийн нээлт дөрөвдүгээр сарын 28-нд болсон юм. Уг төслийн нээлтэд зориулан үзэсгэлэнгээ толилуулсан зураач Б.Содномдаржаатай цөөн хором ярилцлаа.
Зураач Б.Содномдаржаа нь Монголын өв уламжлалыг шингээсэн орчин үеийн урлагийн урсгал чиглэлийг баримтлан контенпорари чиглэлээр уран бүтээлээ туурвидаг уран бүтээлч юм.
-Шинэ үзэсгэлэнгийн онцлог нь юу вэ. Таны өмнөх үзэсгэлэнгүүдээс ялгаатай нь?
-Ерөнхийдөө 20 гаруй бүтээлээ энэ үзэсгэлэндээ гаргалаа. Бүтээлүүдээрээ монголчуудын мөн чанар, бусдаас ялгарах онцлогийг харуулахыг зорилоо. Жишээ нь “Босго” гэж бүтээлдээ хил, хязгаарын тухай тусгахыг хүссэн.
-Зургаан өнцөгтийг та уг зурган дээр оруулж өгсөн нь ямар учиртай вэ. Ямар нэгэн шашны холбогдолтой юу?
-Христ, Будда, Бөө мөргөл бүх л шашны урсгалд энэ дүрсийг ашигласан байдаг. Хэдийгээр бүгд өөр өөрөөр тайлбарладаг ч тэд бүгд далд ертөнцийг дүрсэлдэг байх. Хүний амин сүнс аюулхайнд оршдог юм болов уу гэх агуулга миний бүтээлүүдэд бий. Тиймээс Чингис хааны аюулхайн дээр гурвалжин дүрснийхээ төвийг байрлуулж өгсөн. Үүнээс Чингис хааныг байгалийн асар их хүч, энергийг өөртөө агуулж байсан гэдгийг олж харах байх аа.
-Хаан, хаадын дүрс, зураглалууд таны бүтээл цөөнгүй байна?
-Энэ бол “Хуй салхи” гэж нэртэй ажил. Хуй салхи том зүйлийг нэгтгэн жижиг хэсэгт төвлөрүүлж чаддаг шүү дээ. Эмээ маань намайг бага байхад хэлдэг байсан юм. “Хуйнд битгий ороорой, нар зөв эргэвэл бүстэй хүн байдаг юм, нар буруу эргэвэл бүсгүй хүн байдаг юм” гэж хэлдэг байсан. Тэр үг нь миний толгойнд үлдсэнийгээ энэ бүтээлдээ оруулж өгсөн байгаа.
-Нэг бүтээл хэр хугацаанд бүтдэг вэ?
-Хугацааны хувьд янз бүр. Энд байгаа бүтээлүүд ерөнхийдөө жил гаруй хугацаанд ажилласан зургууд байгаа. Эднээс “Дээж” гэж бүтээлээ би нилээн үнэлдэг. Эмэгтэй хүн цайны дээжээ өргөж байгаа дүрслэл. Монгол хэв маяг, уламжлал, соёлыг энэ зургаасаа харж мэдрэх сайхан санагддаг юм.
-“Хөх салхи” үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүдэд ерөнхийдөө цэнхэр өнгө, эргүүлэг, салхи дүрслэгджээ?
-Хуй гэсэн утгыг илэрхийлж байгаа юм. Ер нь бүх бүтээлд орсон шүү, энэ санаа. Дээс нэгтгэхэд олс эрчлэгддэг шүү дээ. Тэр эрчлээснээс монгол гэр хийж үзсэн нь энэ л дээ. Бид ямар нэгэн зүйлийг дуудахдаа бас энэ эрчлээсний дагуу нааш ир гэж даллаж дууддаг. Эрчлээсээр Монгол гэр бүтээхийг оролдсон. 81 уньтай, 81 талаас дуудахад маш их энерги эрчим хүч хуримтлагдана. Тэр хуримтлагдсан энергийг гадагш гаргаддаггүй гэсэн санааг энэ эргүүлэгтэй дүрслэлээр илэрхийлсэн юм. Эргэж байгаа сэнсэн дундуур юу ч гарч чаддаггүй шүү дээ.
-Таны бусад зураач нараас ялгарах хамгийн өвөрмөц ялгаа юу бол?
-Аливаа зүйлийн мөн чанарыг харах гэж хичээдэг, түүнийг зургаараа илэрхийлэх гэж оролддог маань юм болов уу.
Э.ТЭКҮ