Их Британичуудын энэ жилийн төсөв

Хуучирсан мэдээ: 2011.05.11-нд нийтлэгдсэн

Их Британичуудын энэ жилийн төсөв

Их Британид моргэйжийн зээлийн урьдчилгаа 30 хувьд хүрч байгаа нь орон сууц эзэм­ших эрхийг олон гэр бүл эдэлж чадахгүй байгаа гэнэ.

Их Британийн Сангийн сайд Жорж Осборн энэ оны төс­­вийн талаар парламентдаа илтгэл тавьжээ. Төсвийн ил тод байдлыг хэн хэрхэн хан­­га­даг, төсвийн талаарх мэдээллийг яаж олон нийтэд үнэн зөв шуурхай хүргэдгийг үлгэрлэх үүднээс Жорж Осбор­ны илтгэлийг Сангийн яам орчуулан www.iltod.gov.mn сай­тад байршуулсан байна. Тэрхүү илтгэл олон нийтэд ойлгомжтой, сонирхолтойгоос гадна тэд биднээс юугаараа өөр болохыг анзаарах боломжийг олгож байх аж.

-Манай татварууд үр ашиг­тай бөгөөд өсөлтийг дэмжсэн байх хэрэгтэй.

-Тэдгээр нь тодорхой, урьд­чилан мэдэж болохуйц байх хэрэгтэй.

-Тэдгээр нь ойлгоход энгийн бөгөөд дагаж мөрдөхөд хялбар байх хэрэгтэй.

Энэ бол Их Британийн Сангийн сайд Жорж Осборны төсвийн талаарх илтгэлээс авсан хэсэг. Монгол Улсын төсөв бат­лагд­саны дараа л татварын ямар төрөл зүйл шинээр нэ­мэгд­сэн, ямар нь хэдээр өсч өөрчлөгдсөнийг олон нийт мэ­дэх боломжтой болдог. Уг нь жил бүрийн төсвийг зохиох үеэр татварын хуулиудад өөрчлөлт ордог нь ёс боловч энэ жилийн хувьд төсөв батлагчид тэр бүх­нээ сэмхэн шиг хэлэлцсэн юм. Тодорхой, урьдчилан мэдэх бо­ломж­гүй, чухам гэнэтийн гамшиг гэдэг шиг зүйл татварын эргэн тойронд өрнөдгийн нэ­гэн жишээ нь энэ оны төсөв­тэй зэрэгцүүлэн баталсан Тэмдэг­тийн хураамжийн тухай хууль юм. Татвартай адилтгаж болох хураамжийн хувь хэмжээ огцом өсч, хотын захын дүү­рэгт найман нэрийн дэлгүүр ажиллуулдаг өрхөд боломжоос нь хэтийдсэн ачаалал болж буухыг төсөв зохиогчид тооцоо­лоогүй байсан хэрэг. Тэгээд амьдрал дээр хэрэгжихэд бэрх­шээл­тэй болохыг хэзээ хой­но ойлгосон тэд хуулиа эр­гэн харж хувь хэмжээг нь буу­руулахаар болов. Тодорхой, урьдчилан мэдэж болохуйц, дагаж мөрдөхөд хялбар байх хэрэгтэй… гэдэг үг бидэнд ч бас сургамжтай сонсогдож байгаа биз?! Англичуудын зарчмаар татвар нэгдүгээрт үр ашигтай, өсөлтийг дэмжихэд чиглэх ёстой гэж тунхаглаж буй бол Монгол Улсад татвар бол хамгийн гол нь төсвийг бүрдүүлэх орлогын эх үүсвэр болох ёстой. “Төсвийг санхүүжүүлэхийн тулд татвар байдаг” гэсэн ойлголтын нэг адил “төсөв нь төрийн үйл ажиллагааг санхүүжүүлэх арга хэрэгсэл” гэсэн ойлголт бидэнд гүн бат суужээ. Төрийн болоод төсвийн байгууллагын ажил үйлчилгээг санхүүжүүлэхийн тулд төсвийг зөвхөн тоогоор бүтээдэг гэсэн ойлголтоо зал­руулж, түүнийг хөгжлийн бод­логоор бүтээх гээд үзвэл яасан юм бэ…

“Өрхүүдэд тусалья, бизнесүүдэд тусалья”

Их Британи нь аж ахуйн нэгжийн хамгийн бага татвар­тайгаараа Европт гуравдугаар бичигддэг байжээ. Гэтэл одоо хамгийн өндөр татвартай зургаа дахь орон болсон байна. Мөн хамгийн ярвигтай татварын хууль тогтоомжтой улсын тоонд орж, саяхан Энэтхэгийг гүйцэж түрүүлснээр хамгийн зузаан Татварын хуультай орон болсон байна. Үүнийг халахын тулд энэ удаагийн төсвийнхөө хүрээнд Татварын хуулиас шууд 100 хуудсыг тасалж хаяхаар болсноо Жорж Орсборн мэдэгджээ. Жижиг бизнес эрхлэгчдэд олгож байгаа татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг энэ оны 10 дугаар сард дуусгахараа түрүүчийн Зас­гийн газар төлөвлөөд байс­ныг тэрбээр дэмжсэнгүй. Хөнгөлөлтийг цааш үргэлж­лүүлж нэг жилээр сунгах болсон байна. Энэ шийдвэр төсөв бат­лагчдад 370 сая паундын “үнэтэй” тусч байгаа аж. Гэх­дээ үйлдвэрлэгчид бол Их Брита­нийг цогцлоон бүтээсэн гэдгийг хүлээн зөвшөөрч, тэдний ажил­лах таатай хөрс суурийг хадгалахын тулд энэ зэргийн эрсдэл хүлээхээс айхгүй бай­гаа юм байна. Тэдний айх ёстой зүйл нь харин сүүлийн арван жилд эдийн засаг дахь үйлдвэрлэлийн салбарын эзлэх хувь хэмжээ 50 хувиар буурсан явдал. Мөн хямралын өмнөх огцом өсөлтийн жилүүдэд бүс нутагтаа хамгийн чухал гэг­дэх Вэст Мидлэндэд хувийн салбарын ажил эрхлэлтийн төвшин буурсан аж.

“Бусад улсууд өөрсдийн татварын тогтолцоог бодлого­тойгоор илүү өрсөлдөх чад­вар­тай болгон өөрчилж, ул­маар үндэстэн дамнасан ком­па­ниудыг өөрийн орон руу татаж байна. Бид юу ч хийхгүй байж болно. Гэвч улсынхаа хүнд хэцүү байдалд буй айл өрх бүрийн амьжиргааны төвшинг дээшлүүлэх асуудал үндэстэн дамнасан компаниудыг, тэдний бий болгож буй ажлын байр болон оруулж буй хөрөнгө оруулалтыг, мөн тэдгээртэй цуг ирдэг татварын орлогыг Англи улсад хэрхэн тогтоон барихаас шалтгаалж байна” гэж ноён Жорж Осборн хэлжээ. Үүний тулд гадаадын компаниудад тавих хяналтын нарийн төвөг­тэй дүрмүүдээ үндсээр нь шинэчилж, Их Британийг олон улсын изнесүүд орхин яв­даг биш харин ирж бизнес эрхэлдэг газар нутаг болгох гэнэ. Британи улс Европд бизнес эхлэх, санхүүжүүлэх, өргөжүүлэхэд хамгийн таатай улс болох нь бас нэг зорилго аж. Гэвч шинэ бизнес эхлүүлэхэд санхүүжилтийн эх үүсвэр дутаг­даж байгаа гэнэ. Тэр тус­маа жижиг бизнесүүд нь зээлийн хомсдлын гэм буруугүй хэлмэгдэгч болж байна гэж үзэн жижиг бизнест олгох зээлийн хөрөнгийн хэмжээг 15 хувиар нэмэгдүүлэхээ Их Британийн Засгийн газар арилжааны банкууд­тай тохиролцжээ. Мон­­­голын хувьд жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас жил бүр 30 тэрбум төгрөгийг жижиг бизнест хөнгөлөлтэй зээлээр олгодог байснаа энэ жил 60 тэрбум төгрөгт хүргэсэн билээ.

Их Британийн Засгийн газар “Британид эхлүүлэв” гэсэн кампанит ажлыг эхлүүлж байгаа юм байна. Энэ нь Британийн хамгийн амжилттай томоохон компаниудын дэмжлэгийг ши­нээр бизнес эрхлэх болон бизнесээ өргөжүүлэх иргэдэд хүргэх ажил аж. Мөн Британийг үнэхээр инновацийн өлгий нутаг болгохын тулд судалгаа, шинжилгээг зөвхөн томоохон их сургуулиудад бус, харин жижиг бизнесийнхэн ч хийх ёстой гэж үзсэн байна. Ингээд өнгөрөгч дөрөвдүгээр сараас эхлэн жижиг компаниудын судалгаа, хөгжлийн зардлыг  нь татвар ног­дох орлогоос хасч тооцохоор болсон юм байна.

Орон сууц, ажлын байр

Их Британид моргэйжийн зээлийн урьдчилгаа 30 хувьд хүрч байгаа нь орон сууц эзэм­ших эрхийг олон гэр бүл эдэлж чадахгүй байгаа гэнэ. “Энэ бол шударга бус” гэж Засгийн газар үзэж буй аж. Иймээс энэ жил банкинд ногдуулсан татварын орлогоос 250 сая паундыг орон сууц анх худалдан авч байгаа иргэдийг санхүүжүүлэхэд ашиг­лах болсныг зарлаж байна. Энэ нь анх удаагаа хувьдаа анх удаа үл хөдлөх хөрөнгө худалдан авах хүсэлтэй боловч өндөр хэмжээний урьдчилгаа төлөх боломжгүй худалдан авагчдад зориулсан арга хэмжээ юм байна.Ингэснээр 10 мянган гэр бүлийг анх удаагаа орон сууцтай болоход нь туслах тооцоо гарчээ. Мөн моргейжийн хүүд дэмжлэг үзүүлэх хөтөлбөрт оруулсан түр зуурын өөрчлөлтийн үйлчлэх хугацааг ирэх оны нэгдүгээр сард дуусгахаар тооцож бай­сан бол үүнийг дахин нэг жилээр сунгахаар болжээ. Энэ нь моргейжийн хугацаа хэ­­тэр­­­сэн өртэй, ажилгүй орон сууц эзэмшигчийн тоог ойролцоогоор 100 мянгаар буу­руулах юм байна.

Их Британид хөдөлмөрийн насны хүн амын мэдлэг, ур чадвар Америк, Герман болон Францын хүн амынхаас доогуур байгаа аж. Энэ нь ирээдүйд эдийн засагт нь тулгарах хам­гийн том хүндрэл гэнэ. Тиймээс Засгийн газраас 11-19 насны сурагч, оюутнуудад мэргэжил олгох сургалт явуулах, дэл­хийд нэртэй шинэ техник мэргэжлийн коллежуудыг бий болгоход онцгой анхаарч бай­на. Хичээлийн сургалтын агуул­гыг их сургуулиуд болон нэр хүнд бүхий ажил олгогч нартай хамтран боловсруулж байгаа гэнэ. Одоогоор Засгийн газраас 12 техник мэргэжлийн коллежийг шинээр үүсгэн байгуулна гэдгээ мэдэгдсэн бөгөөд цаашид  хоёр дахин нэмэгдүүлж наад зах нь 24-т хүргэнэ гэжээ. Сүүлийн долоон жил тогтмол өсөн нэмэгдэж байгаа өсвөр насны хүүхдийн ажилгүйдэлтэй холбоотой асууд­лыг шийдэж, иргэдэд ажил олгогчидтой шууд холбогдох боломжийг бүрдүүлэх аж. Өнөөдөр шинээр хэрэгжиж буй ажлын дадал, туршлага олгох ажлын хүрээнд 20 мянган залуу хүнийг ажлын байраар хангана гэсэн байгаа бол энэ тоог даруй тав дахин нэмэгдүүлж, дараагийн хоёр жилд 100 мянган ажлын байр шинээр бий болгох зорилт тавьж байна.

Австри, Герман болон Швецарь улсад дөрвөн ажил олгогчийн нэг нь шинэ ажилтныг ажлын байран дээр сурган, дадлагажуулж улмаар урт хугацаагаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллахыг санал болгодог бол Англид ажил олгогчдын аравны нэгээс доош хувь нь ийм төрлийн саналыг санал болгодог аж. Одоогийн байдлаар Английн хувьд сурангаа ажиллаж байгаа нарийн мэргэшил шаардсан ажилчдын тоо зөвхөн 1500 байна. Харин Засгийн газрын санал болгож буй төсөв нь 10 мянгаас дээш ажлын байр бий болгоход чиглэж байгаа аж. Энэ бодлогын үр дүнд 250 мянгаас илүү ажлын байрыг дараагийн дөрвөн жил бий болгож чадна гэжээ. “Шинэ ажил, бодит сургалт, баталгаатай аж­лын байр, эдийн засгийн өндөр өсөлтийг дэмжиж, батал­гаажуулж байна” гэж Их Брита­нийн Засгийн газар амлалаа.

Өөр нэг анзаарагдах зүйл гэвэл төсвөөс олгодог халам­жийн тухай яриа Их Британид бараг байхгүй аж. Мөн Их британичууд энэ жилийн банкинд ногдуулах нэмэлт тат­ва­рын эх үүсвэрээс 100 сая паундыг шинжлэх ухааны шинэ байгууламжуудыг байгуулахад зориулахаар болж байгаа юм байна. Үүнд, Кэмбриджийн Бабрахам судалгаа, шинжил­гээ­ний хотхон, Норвич дахь байгаль орчны шинжлэх ухааны парк, Харвелл дахь Олон улсын Сансрын Инновацийн төв, Даресбури дахь Үндэсний шинжлэх ухаан, Инновацийн хотхныг байгуулна гэж төлөвлөж байна. Эдгээр нь эргээд үйлд­вэр­лэлийн шинэчлэлийг дэм­жих хөшүүрэг болох гэнэ. Төсөв, түүнийг бүрдүүлэгч чухал хэсэг болох татварыг үр ашигтай, өсөлтийг дэмжихэд зориулна гэдгийг харуулах нэг жишээ энэ болов уу. Бид төсвөөрөө юу шийддэгийг дээрх мэдээллүүдтэй харьцуулан тун­гаа­хад илүүдэхгүй байх.

З.БОРГИЛМАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж