Өнгөрсөн өвөл Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Зүүн тайгын цаатнуудын дунд 7 хоногийг өнгөрөөсөн гэрэл зурагчин Ч.Батзаяа шинэхэн орсон цас адил цагаан зүстэй цааны хугашийн зургийг авчээ. “Хугашны нүд хачин өхөөрдөм гээч” хэмээн хэлэх түүнээс тайгад өнгөрүүлсэн аяллынх нь талаар асуухад: “Өвлийн ид хүйтэнд дан брезентээр хучсан урцанд хонох үнэхээр хүйтэн. Харин цаатнууд хүйтэндээ дасчихсан. Оройдоо хаяанаасаа хөлдүү мах аваад хоол хийгээд идчихнэ. Учир нь урцан дотор мах тавихад гэсэхгүй. Өвөл гэрэл бага, өдөр богино болохоор урц нь харанхуй. Яндангийн хажуугаарх жаахан нүхээр л гэрэл тусна. Жуулчид очоод өөрсдийн хөнжил гудсаа өгөөд буцдаг бололтой. Урцны нэг буланд хураалгаастай байсан. Гэхдээ тэрийгээ хэрэглэдэггүй, нимгэхээн юм нөмрөөд л унтчих юм билээ” гэсэн юм.