АНУ-ын иргэн Жон Мартин Кийнийг эх орондоо дагуулан ирж, шунахайн зорилгоор буудан хөнөөсөн гэх Ч.Баттуулын хэргийг өнөөдөр Улсын дээд шүүхэд хянан хэлэлцэж байна. Хоёр шатны шүүхээс 23 жилийн хорих ялаар шийтгүүлсэн тэрбээр өдгөө Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож буй юм.
Хэргийг сануулахад, Ч.Баттуул гэгч бүсгүй нь АНУ-аас өөрийн багш Жон Мартин Кийнийг их хэмжээний бэлэн мөнгөтэй эх орондоо авчраад шунахайн сэдлээр нийслэлд ирснийхээ маргааш нь буюу 2011 оны нэгдүгээр сард Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт аваачин, буудаж хөнөөсөн гэдгийг мөрдөн байцаалтын явцад тогтоосон. Улмаар Ч.Баттуул нь хохирогчийн өмнөөс “Би Монголд байгаа, завгүй байна” гэхчилэн хоёр сарын турш ээжтэй нь фэйсбүүкээр харилцсан гэх ч мэдээлэл бий. Талийгаач Жон Мартин Кийний ээж нь Монгол дахь АНУ-ын элчин сайдын яаманд “Миний хүүг эрэн сурвалжилж өгнө үү” гэх хүсэлт илгээснээр уг хэргийг шалгаж эхэлсэн байдаг. Талийгаачийн цогцсыг 2011 оны гуравдугаар сард Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, Цонжин болдгийн орчмоос олсон юм.
Ч.Баттуулыг Эрүүгийн хуулийн 91.2.1, 91.2.3, 91.2.6, 91.2.12 зүйл ангид зааснаар буюу шунахайн сэдэлтэйгээр, өс хонзон авах зорилгоор хүний амь насыг санаатайгаар хохироож, гэмт хэргээ нуун далдалсан гэх хэрэгт буруутгаж, ял оноосон юм.
Д.ЖАРГАЛ