Нэгдэх цаг иржээ, тариаланчид аа

Хуучирсан мэдээ: 2014.04.30-нд нийтлэгдсэн

Нэгдэх цаг иржээ, тариаланчид аа

Өмнөх нийтлэл http://economy.news.mn

Тал нутгаар энэ жил чийг сайтай, хөрс зөөлөн байгаа учраас уриншийн талбай бэлтгэхэд амар байгаа гэлцэх тариаланчтай их таарлаа. Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр хаврын тариалалтын бэлтгэл ажлыг эрчимжүүлэхээр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамныхан орон нутагт ажилласан бөгөөд гурван өдөр тариалангийн бүс нутгаар явсан юм. Сэлэнгэ, Булган, Хөвсгөлийн зарим сумдаар явсан томилолтын бүрэлдэхүүнд хэвлэл мэдээллийн ажилтнууд багтсан тул тариаланчдын зовлон, жаргалыг бодитоор харж, үзэж чадлаа. Жил бүрийн өдийд тариалангийн ажил оволзож эхэлж, бэлтгэл үндсэндээ дуусдаг. Ер нь тариаланчид уриншийн талбай, машин техник, үр, ургамал хамгааллын бодисоо базааж дууссан тухайгаа ярьж байна лээ. Үүгээр ч зогсохгүй энэ үеэр  Хөвсгөл аймгийн Тариалан сумын 24 га газарт хаврын тариалалтын анхны үрийг суулгасан юм. Харин маргаашнаас улсын хэмжээнд тариалалт эхэлнэ.


3 га-д нэгдээрэй, тариаланчид аа


Өнгөрсөн жил 393 орчим мянга га газарт тариалалт хийж байсан бол энэ жил багасч, 375 мянга га газарт тариалалт хийхээр болсон. Тариаланчид буудайн урамшууллыг эс тооцвол төрөөс ямарваа тусламж, дэмжлэг авдаггүй, техник хэрэгсэл муутайгаас гараараа бүхнийг хийдэг гэх зэргээр тулгамдаж буй асуудлаа тоочдог. Энэ асуудлаа тариаланчид Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамныхныг очиход ч мөн хэлж байсан юм. Асуудлыг багцаар нь шийдэхээр энэ жил хаврын тариалалтад шаардлагатай үр тариаг төлбөрийн 20 хувь, шатахууныг 50 хувь, ургамал хамгааллын бодисыг 30 хувийн зээлийн урьдчилгаа төлбөртэйгээр өгч байгаа. Харин намар ургац хураалтын үеэр үлдсэн төлбөрөө буудай тушаах байдлаар төлж барагдуулах ажээ. Гэсэн хэдий ч техник хэрэгслийн хувьд, хамгийн хямд буюу бидний хэлж заншсанаар “пад пад” бага оврын тракторыг худалдаж авахад бэрх байгаагаа тариаланчид хэлж байсан. Энэ нь таван сая төгрөгийн үнэтэй бөгөөд урьдчилгаа төлбөр хоёр сая төгрөг төлөөд, үлдсэнийг бага багаар цувруулан төлөх юм. Урьдчилгаа төлбөрөө банкнаас зээлээр авахад ч бэрхшээлтэй байгааг хэлсэн бөгөөд төрөөс ямарваа нэг дэмжлэг үзүүлж болох эсэхийг тариаланчид асуусан. Үүнд бодлого тодорхойлогчид оновчтой нэг шийдэл хэлсэн нь тариланчдыг нэгтгэх тухай байлаа.


Монголын 50 мянган тариаланчдыг нэг бүрээр нь даанч дэмжих боломжгүй тул 3 га талбайд хамтран тариалалт хийх хэрэгтэй ажээ. Нутаг усаараа ойрхон хэдэн айл нийлэх бөгөөд ингэсэн тохиолдолд нийтийн эрх ашгийг хамгаалахаар машин техник, үр, шатахууны хангамжийн асуудалд төрөөс хөнгөвчлөх байдлаар дэмжлэг үзүүлнэ гэдгээ салбарын дэд сайд амлалаа. Тиймээс нэг бол асар их га талбайг эзэмшсэн том компаниуд эсвэл  хувь хувьдаа багахан хэсэгт тариалалт хийж байсан, дотоодын хүч тэнцвэргүй өрсөлдөөнтэй тариалангийн салбарыг хөгжүүлэхийн тулд ийм арга бий ажээ. Тариаланчид аа 3 га-д нэгдэн тариалалт хийхээр шийдсэн бол Үйлдвэр, хөдөө аж ахуйн яаманд хандаарай.


Үрийн шинэчлэл


Энэ жилийн хаврын тариалалтад 48 мянган тонн үр шаардлагатай. Хаврын тариалалтын үрийн хангамж, нөөцөд санаа зоволтгүй бөгөөд үр гэхээр өнөө маргаашдаа нийтээрээ эхлүүлэх энэ жилийн тариалалтаа аргацаах төдийхнөөр бодож болохгүй. 2008 онд Атрын III аяныг эхлүүлж байхад үрийн шинэчлэлийг хийсэн бол түүнээс хойш энэ асуудлыг анхаараагүй өдийг хүрчээ. Тиймээс үрийн шинэчлэлийг ийнхүү зоригтойгоор хийж байгаа гэж Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамныхан үзэж байна.


Одоо үрийг хойд хөршөөс оруулж ирж буй. Үнийн хувьд, импортын нэг тонн элит үрийг 880 мянган төгрөг, нэгдүгээр репродукцийн үрийг 830 мянган төгрөг, дотоодын үрийг 680 мянган төгрөгт тогтоосон. Ямартай ч тариаланчид  нөөцийн үрээ ашиглахын сацуу импортоор орж ирсэн үрээ боломж, бололцоогоороо худалдаж авч байгаа талаар Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн “Хөтөл” салбарын эрхлэгч Б.Содномцог хэлсэн юм.


Рапс тариалалтыг багасгах уу?


Өнгөрсөн жил рапс их тарьснаас буудайн ургац муудсан гэх яриа гарсан. Ургасан газрынхаа үржил шимийг устгаж орхидог рапс тариалалтыг энэ жил хүмүүс “овоо хараандаа авсан” мэт санагдлаа. Гэвч зөвхөн бидний явсан тариалангийн бүс нутгийн хувьд шүү дээ. Бусад гадны улсад рапс тариалалтыг хориглож, заавал тарихаар бол нийт тариалан талбайн 20 хувиас хэтрэх ёсгүй гэж заасан байдаг ажээ. Харин энэ жил рапс тариалалтыг дээд тал нь нийт тариалангийн талбайн 10-15 хувь гэж заасан байна. Бусад улстай харьцуулахад бага мэт санагдавч энэ нь мэдээж газар нутгийн онцлог, тариалалтын хэмжээнээс шалтгаалж харилцан адилгүй тул манай орны хувьд 15 хувь гэдэг нь эцсийн цэг. Үүнээс хэтэрч болохгүй гэдгийг ахмад агрономичид ярьдаг юм билээ. Рапс тариалалтын хэмжээг ингэж заасан ч бодит байдал дээр явц дундаа ихэсээд ирэх магадлалтай. Тиймээс Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам орон нутгийн Засаг дарга нартай гэрээ байгуулж, хяналт тавих ажээ. Бидний очсон аймгийн сумдын удирдлагууд энэ санааг бараг хоёр гараа өргөн дэмжиж байсан. Ямартай ч бодит байдал дээр яаж өөрчлөгдөхийг мэдэхгүй ч энэ жил рапсыг шахахаар анхаарч байна. Аж ахуйн нэгж, тариаланчид рапс “хошуурах” болсон нь улаан буудай худалдах үнээс хоёр дахин их байдагтай холбоотой аж. Гэтэл эдийн засгийн үр өгөөжийг задлан авч үзвэл улаан буудай тариалалт илүү ашигтай гэж салбарынхан ойлгуулахыг хичээж байна. Учир нь нэг га талбайд тарих рапс, улаан буудайн хэмжээ харилцан адилгүй, буудайг хэд дахин илүү хурааж авна гэх юм билээ. Дээр нь улаан буудайн тариалалтыг бодвол рапс тариалах зориулалтын тоног төхөөрөмжгүй, туршлагагүй тул явцгүй бизнес гэж зарим хүмүүс ярьж байна.


Хөрсний бордоо нийлүүлэлтийг төрөөс анхаарна


Газар тариалангийн бүс нутагт хөрсний шим тэжээлийн асуудал өдрөөс өдөрт хурцдаж байна гэх боллоо. Зарим газарт газар тариалан, мал аж ахуй хосолсон нутагт энэ нь бүр хурц асуудал. Хөрсний үржил шимээ ядаж байхад өнгөрсөн жил их хэмжээний рапс тариалчихсан гэж байгаа. Тиймээс тариаланчид төр засгаас дэмжлэг хүсэх нэг гол асуудлаар хөрсний бордоог онцолсон. Тариаланч, малчдын хувьд шаардлагатай үр, техник хэрэгсэл, малын тэжээл, бас бус зардлаа аргаллаа гэхэд уудам талын хөрсний үр шимийг сайжруулахад дангаараа хичээгээд хүчрэхгүй гэлээ. Үүнд Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан “Сүүлийн хоёр жил хөрсөндөө ямар ч бордоо хийгээгүй учраас хөрсний үржил шим муудсан. Бордоо нийлүүлэх, хөрсний үржил шимийг дээшлүүлэх нь их том асуудал учраас төрөөс тодорхой хэмжээгээр дэмжинэ” гэдгээ илэрхийллээ. Энэ талаарх тодорхой бодлого, шийдвэр одоогоор байхгүй ч цаашдаа анхааралдаа нэн тэргүүнд авна гэсэн юм.


Ийнхүү тариалангийн салбарт төрөл бүрийн асуудал байна. Нийгэм, цаг өөрчлөгдөхийн хэрээр техник, хэрэгсэл хуучирч, хоцрогдож, үнэ өртөг өссөн энэ үед тариаланчид өөрсдөө ч анзаарахгүй дотоодын өрсөлдөөн бий болгож байна. Иймд зардлыг бууруулахын тулд тариаланчид нэгдэж, зардал, өртгөө хамтаараа шийдэн орлогоо нэмэх цаг болсныг албаныхан ярих боллоо.


Бидний очсон тариалангийн бүс нутгийн иргэд, аж ахуйн нэгжийнхэнд асуудал байгаа ч тэд энэ жилийн хаврын тариалалтдаа бэлэн, итгэл найдвараар дүүрэн байна. Тариаланчид бэлгэшээлтэй зүйл бодож тариалалтаа хийвэл сайхан ургац авдаг гэх юм билээ. Ийм итгэл найдвараар намар арвин их ургац авах ерөөл тавья.


У.БОЛОР
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж