Австралийн “GeoResonance” компани нисэх онгоцны сэг байж болох зүйлийг Бенгалын булангийн хойд хэсгээс илрүүлжээ. Малайзын Засгийн газраас Бенгалын булан орчмоос илэрсэн нисэх онгоцны сэгийг сураггүй болсон МН370 дугаар нислэгийнх мөн эсэхийг тодруулахаар ажиллаж буйг өчигдөр /IV.29/ албан ёсоор мэдээллээ.
“GeoResonance” компанийн онцгой метал, эрдсийг илрүүлэгч тусгай багажинд нисэх онгоцны сэг байж болох зүйл Бангладеш улсаас өмнө зүгт 160 орчим км-ийн зайтай далайгаас илэрсэн байна. Тус компани нь Малайзын МН370 дугаар нислэгийн эрэлд оролцож, Боинг 777-200 онгоцыг бүтээхэд орсон хөнгөн цагаан, титан, зэс, чанаржуулсан ган, шатахууны тунадас зэрэг материалын хайгуулыг хийж байсан аж. Малайзын Засгийн газарт ирүүлсэн зугийг Австралийн компани өнгөрсөн гуравдугаар сарын 5-10-ны өдрийн хайгуулын явцад авсан болохыг Тээврийн сайд Хишаммуддин Хуссейн мэдэгджээ. “GeoResonance” компани энэ мэдээллийг өнгөрсөн гуравдугаар сарын 31-нд Австрали дахь Малайз, Хятадын Элчин сайдын яаманд хүргэсэн аж.
Үүний зэрэгцээ Их Британийн “Inmarsat” компанийн хиймэл дагуулд сураггүй болсон онгоцны хар хайрцагных байж болох долоон дохио илэрсний нэг нь Энэтхэгийн далайн хойд хэсэгт, Бенгалын булангийн ойролцоо байсан гэнэ. Тиймээс сураггүй болсон МН370 дугаар нислэг Энэтхэгийн далайн өмнө биш хойд хэсэгт осолдсон байх магадлал өндөр байгааг албаныхан мэдээллээ.
Б.АНХТУЯА