Ливийн Ерөнхий сайдыг сонгох хурал тасалдав

Хуучирсан мэдээ: 2014.04.30-нд нийтлэгдсэн

Ливийн Ерөнхий сайдыг сонгох хурал тасалдав

Ливийн парламент өчигдөр /IV.29/ шинэ Ерөнхий сайдыг сонгохоор хэлэлцэж байх зуур зэвсэгт этгээдүүд гал нээснээс болж хурал тасалджээ. Ливийн албаныхны мэдээлснээр парламентын ордонд буун дуу гарсны дараа сайд нар хурлаа орин зугтацгаасан байна.


Ливийн экс Ерөнхий сайд Али Зейданыг өнгөрсөн сард огцруулсны дараа парламентыг Абдулла аль-Тинни тэргүүлэх болсон юм. Гэвч Абдулла аль-Тинни  өөрөө болон гэр бүл нь зэвсэгт дайчдын заналхийлэлд өртсөнөөс болж, энэ дөрөвдүгээр сарын эхээр албан тушаалаасаа огцорсон аж. Абдулла аль-Тиннийн оронд долоон хүнийг нэр дэвшүүлснээс Ливийн парламентын хурлаар хоёрыг нь дэмжиж, эцсийн байдлаар тэдний нэгийг нь Ерөнхий сайдаар сонгох гэж байхад халдлага гарчээ.


Үүний зэрэгцээ мягмар гаригт /IV.29/ болсон халдлагын үеэр хүмүүс гэмтэж бэртсэн гэх боловч хэн болох нь тодорхойгүй байгаа гэнэ. Ливид 2011 онд өрнөсөн хувьсгалаар удирдагч Муаммар Каддафиг түлхэн унагааснаас хойш улс төрийн тогтвортой бүрэн тогтож чадаагүй байгаа юм.


Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж