Германы “Scorpions” рок хамтлагийн бөмбөрчин Жеймс Коттак Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотын шүүхээс зүй бус авир гаргасан хэргээр нэг сар шоронд хорих ял сонсчээ. АНУ-ын харъяат Жеймс Коттак нь энэ дөрөвдүгээр сарын 3-нд Бахрейн улс руу тоглолтоор нисэх гэж байх үедээ Дубайн нисэх онгоцны буудлаас баривчлагдсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр Жеймс Коттак согтуу байх үедээ нисэх буудалд дунд хуруугаа гозойлгосноор исламын шашныг доромжилсон хэрэгт буруутгагдсан аж. Түүнчлэн гэрчүүдийн яриагаар тэрээр афганистан, пакистанчуудтай хамт онгоцоор нисэхгүй хэмээн хашгирч байсан гэнэ. Харин өдгөө 51 настай Жеймс Коттак согтуу байснаа хүлээж, 550 орчим ам.долларын торгууль төлсөн боловч бусад хэргийг үгүйсгэжээ. Тэрээр “Би ислам, мусульманчуудыг харааж зүхэж байгаагүй. Би согтуу байсан ч тийм зүйл хийдэггүй” хэмээн мэдэгдсэн аж.
“Scorpions” нь 1990 онд хит болж байсан “Wind of Change” дуугаараа алдаршсан хамтлаг юм. Тус хамтлаг 1965 онд үүсгэн байгуулагдсанаасаа хойш 20 гаруй цомог гаргаж, Германд төдийгүй олон улсад танигджээ. Жеймс Коттак “Scorpions” хамтлагт 1996 онд бөмбөрчнөөр орсон байна.
Б.АНХТУЯА