АН-ын бүлгийн дарга С.Бямбацогт үе үеийн Монголбанкны ерөнхийлөгч болон Сангийн сайдаар ажиллаж байсан хүмүүсийг Төрийн ордонд хүлээн авч уулзаж байна. Уг уулзалтад Ерөнхий сайд асан Д.Содном, Сангийн сайд асан Ц.Молом, Т.Очирхүү, Э.Бямбажав, Д.Даваасамбуу, Монголбанкны ерөнхийлөгч асан А.Батсүх, Эдийн засгийн байнгын хорооны дарга асан Р.Буд, нарын хүмүүс ирсэн байлаа.
МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт "Монгол орны эдийн засаг хүнд үед бүхий л ачааг нуруундаа үүрэлцэж, хямралын үед оновчтой шийдвэр гарган ажиллаж ирсэн та бүхнийг энэ удаа дуудсан нь эдийн засгийн хүндрэлийг даван туулахад ямар арга хэмжээ авах вэ гэдэг саналыг сонсох гэсэн юм. Эдийн засаг юунаас болж хүндрэв. Цаашид ямар бодлого явуулах шаардлагатай вэ" гэсэн асуултад хариулт авахыг хүсч байгаагаа илэрхийлэв. Д.Содном "Ам.долларын ханш өсч төгрөгийн ханш сулрахад үнэ тогтворжуулах хөтөлбөрийн гурван триллион төгрөг нөлөөлөсөн болов уу. Хувийн секторуудыг дэмжих зайлшгүй шаардлагатай үед нь дэмжиж чадаагүй. Мөн нүүрсний экспортыг нэмэгдүүлэх шаардлагатай" гэдгийг онцоллоо.
Уулзалтад оролцогчид үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлээд байхад үнэ нэмэгдэж байгаа нь буруу бодлогын дүн гэдгийг хэлж байсан юм. Баялагийн санг бий болгохыг аль ч засгийн үед тоож байгаагүй. Тиймээс баялагийн сангийн асуудлыг даруйхан шийдэх хэрэгтэйг санууллаа. Цаашид төсвөө хумихаас өөр аргагүй болсон. Оны эхний дөрвөн сарын байдлаар төсвийн орлого 300 тэрбум төгрөгийн алдагдалтай байна. Тиймээс нэн тэргүүнд төсвийн тодотголыг оруулах шаардлагатай. Үндэсний үйлдвэрлэлүүдээ дэмжин, эдийн засгийг ганцхан нүүрсний салбар бус бусад салбаруудыг эдийн засгийн хамааралтай болгох хэрэгтэй гэдгийг онцолж байлаа.
Э.ЭНХ
Эх сурвалж: Өнөөдөр сонин