Ардчилсан намын улстөрийн бодлогын хэлтэсийн дарга Д.Анхбаяраас цөөн асуултад хариулт авлаа.
-Таны нэгэн жиргээ олон хүний сонирхлыг татлаа. Магадгүй Ардчилсан намын улстөрийн бодлогын хэлтсийн дарга хүний хувьд чухам ингэж жиргэх нь зарим хүмүүст таатай санагдаагүй байх?
-Би юу гэсэн юм? Цахим ертөнцөд чи дарга би дарга биш гэж хүмүүс ярьдаггүй, бүгдээрээ хувийн үзэл бодол байр сууриа л илэрхийлдэг шүү дээ. Тэр дагуу л би үзэл бодлоо илэрхийлсэн?
-Та бүр “Эрэл”-ээс орж ирсэн Х.Баттулга, ИЗН-аас орж ирсэн М.Зоригт хоёроос болж Ардчилсан намын нэр хүнд уналаа гэх утгатай жиргэсэн шүү дээ. Яагаад тэгж харах болов?
-Яг энэ цагт намын бодлого УИХ дээр тэр дундаа УИХ дахь АН-ын бүлэг дээр явж байгаа шүү дээ тэнд бүгдээрээ ярилцаад олонхийн дэмжлэг аваагүй нь унадаг олонхийн дэмжлэг авсан нь цаашаа явдаг учиртай. Тэр бодлогоо барь байгаа хүмүүс нь бүлгийнхээ шийдвэрийн эсрэг дарж байгааг хараад л гайхсан зүйл тэгээд л хувь хүнийхээ өнцөгөөс үзэл бодлоо илэрхийлсэн хэрэг.
-Ардчилсан намын хяналтын ерөнхий хорооны хуралдаанаас Р.Бурмааг хөөх шийдвэр гаргасан. Энэ нь Ардчилсан намын дотоод зөрчлийг улам хурцатгаж магадгүй юм биш үү?
-ХЕХ-нд баахан өргөдөл гомдол ирсэн юм билээ. Шийдвэр гаргасан газар нь хяналтын ерөнхий хороо энэ хороо нь манай намын “үндсэн хуулийн цэц” шүү дээ.
-Танай нам дотод зөрчлөө дарж чадахгүйд хүрч байгаа юм биш үү. Энэ зөрчлөлийн эхлэл юунаас, хэнээс болсон гэж та харж байна вэ?
-Аливаа зүйлийг үг хэл, учир шалтгаанаар ойлголцох хэрэгтэй. Бид 1996-2000 онд засаг барихдаа том алдаа гарагасан үр дүнд нь иргэд олон түмэн хохирсон нам ч хохирсон ш дээ. Энэ алдааг засах гэж олон жил явсан үүний үр дүнд Орон нутгийн, УИХ, Ерөнхийлөгчийн сонгуульд яллаа шүү дээ. Биднийг боломжийн ажиллаж байна гэж түмэн олон дүн тавьсан нь энэ.
-Засгийн газар тогтвортой ажиллах ёстой гэж олон нийт үзэж байгаа. Та аль талд нь байна?
-Цөөн хэдэн хүнээс бусад нь тогтвортой байдлыг хүсэж байгаа байлгүй
-Хэрэв улстөрийн тогтворгүй байдал үүсвэл эдийн засаг, нийгэмд хэр хохирол дагуулах бол?
-Улстөрийн тогтворгүй байдал үүсвэл гадныхан лав мөнгө хийхгүй байх. Харамсалтай нь, бид өөрснөө мөнгө хийдэг билүү. Тэгэхээр ойлгомжтой байгаа биз дээ.
–Магадгүй танай намын дотоод зөрчил сөрөг хүчинд өгөөш болохыг үгүйсгэхгүй?
-Та зөрчил гэж байна надад бол ойлголцлын зөрүү л юм шиг харагдаад байгаа.
-Хамгийн сүүлд асуухад Ардчилсан намын жирийн гишүүд засгийн талаар ямар байр суурьтай байна вэ?
-Олон мянган гишүүд маань ажил хийх гэж байгаа засгаараа битгий оролдоорой л та нар эвтэй байгаарай л гэж байгаа
О.САР