БНХАУ-ын Сангийн сайдыг хүлээн авч уулзлаа

Хуучирсан мэдээ: 2014.04.30-нд нийтлэгдсэн

БНХАУ-ын Сангийн сайдыг хүлээн авч уулзлаа

 Сангийн сайд Ч.Улааны урилгаар Монгол Улсад ажлын айлчлал хийж байгаа БНХАУ-ын Сангийн сайд Лоу Живэйг Ерөнхий сайд хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Засгийн газрын тэргүүний өнгөрсөн онд БНХАУ-д хийсэн айлчлалын дараа хамтарсан олон томоохон төсөл эхэлж, хоёр орны санхүү, эдийн засгийн хамтын ажиллагаанд ахиц гарсанд таатай байгаагаа Ерөнхий сайд Н.Алтанхуяг уулзалтын эхэнд тэмдэглэлээ. Түүнчлэн, хоёр талын худалдаа, санхүүгийн харилцан ашигтай хамтын ажиллагааны төлөө Монгол Улсад ажлын айлчлал хийж, хэд хэдэн чиглэлээр гэрээ, санамж бичиг байгуулсанд сэтгэл хангалуун байна гэлээ.

БНХАУ-ын дарга Си Зиньпиний санаачилсан “Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк” байгуулах санаачилгыг хүлээн авч дэмжсэнд тус улсын Сангийн сайд Лоу Живэй Монгол Улсын Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуягт талархал илэрхийллээ. Далайд гарцгүй орнуудын эдийн засгийн хамтын ажиллагаанд дэд бүтцийн салбарын хөгжил чухал үүрэгтэй. Иймд дэд бүтцийн бүтээн байгуулалтыг дэмжих Хятад улсын санаачилгыг Монгол Улсын Засгийн газар дэмжиж, тус банкны үүсгэн байгуулагчдын нэгээр оролцохоор шийдвэрлэсэн юм.

Монгол Улс, БНХАУ-ын санхүүгийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд хоёр улсын төв банк хооронд үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлэлцээр байгуулсан. Хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх, санхүүгийн тогтвортой байдал хангахад чухал хувь нэмэр оруулж байгаа энэ хэлэлцээрийн хүчинтэй хугацаа өнгөрөгч сард дуусгавар болсон тул үргэлжлүүлэх, ингэхдээ харилцан солилцох валютын хэмжээг нэмэх шаардлагатай байна. Сангийн сайдын хувиар энэ асуудалд анхаарлаа хандуулж, хугацаа алдалгүй шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайд хүслээ.

Уулзалтын үеэр хоёр орны санхүү, эдийн засгийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар яриа өрнүүлсэн юм. Монгол Улсын Засгийн газраас эхлүүлж байгаа “Эдийн засгаа эрчимжүүлэх 100 хоног” зорилтот арга хэмжээний хүрээнд Монголд хийх гадаадын хөрөнгө оруулалтад саад бэрхшээл учруулдаг олон асуудлыг шийдэхээр зорьж байна. Монгол Улс, гадаад орнуудын бизнесийн хамтын ажиллагааг хөнгөн шуурхай болгож, цаашлаад улсын төсвийн орлогыг нэмэхэд энэ хөтөлбөрийн гол зорилго чиглэж байгаа юм гэж Ерөнхий сайд хэллээ.

Хятад улсын эдийн засагт ч олон сорилт тулгарч байна. Төсвийн орлого буурсны улмаас эдийн засагт үүссэн хүндрэлийг даван туулахын тулд БНХАУ татвараа бууруулсан. Энэ нь эдийн засгийн өсөлтийг нь удаашруулсан, ирэх жилүүдэд ч энэ байдал үргэлжлэх төлөвтэй байна. Бүх яамныхаа зардлыг 5 хувь танаж, өнгөрсөн онд гэхэд 100 тэрбум юань хэмнэсэн гэж БНХАУ-ын Сангийн сайд Лоу Живэй хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж