Главлит үгүйлэгдэнэ гэдэг эмгэнэл

Хуучирсан мэдээ: 2014.04.30-нд нийтлэгдсэн

Главлит үгүйлэгдэнэ гэдэг эмгэнэл

-“Гэзэгний чинь үзүүр сэрэл хөдөлгөөд байна аа” гэж дуулаад л… Харваас бага насны хүүхдийг ангийнх нь багштай хайрын харилцаа үүсгээд л… Энэ бол эмгэнэл-


Өнгөрсөн нийгмийн  “главлит” буюу “Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх хэвлэл утга зохиол хянах газар” гэдгийг оросоор нэрлэсний товчлол бүхий хэллэг, сэтгэлгээг цөөнгүй хүн үгүйлэх болов. Аливаа нэгэн хяналтгүйгээр олон нийтэд түгэх уран бүтээлүүдийн араас “Хянаж цагддаг газар гэж байдаггүй юм болов уу, өмнө нь арай ч ийм зүйл гаргадаггүй байсан” гэх үгсээр шүүмж урсгадаг болов. Главлитийг үзэн ядаж, үгүй болгохыг хүсч байсан тухайн үеийн уран бүтээлчид хэзээ нэгэн цагт үгүйлэх үе ирнэ гэж зүүдлээ ч үгүй байх. Тэгвэл главлитийг үгүйлэх олон нийтийн хандлага өнөөдөр хүчээ авч байна. Буруутан нь уран бүтээлчид, өөр хэн ч биш.


Мөнгөгүй, техник, тоног төхөөрөмжгүйн зовлон ярьж, суралцаж байна гэх үгээр хуулбарлаж буйгаа бамбай хийсээр л. Үр дүнд нь гараас нь, тархинаас нь гарч буй “уран бүтээлүүд” нь үнэндээ гомдмоор. Хэдэн биенээ магтах, болох гэж буй тоглолт, олон нийтэд түгээхэд бэлэн болоод буй үзвэр тоглолтынхоо тухай ярихдаа үнэхээр сэтгэл, хөдөлмөр гарсан мэтээр ярина. Харамсалтай нь, тэр их хөдөлмөрөөс мэдрэгдэх нь ховор. Уран бүтээлээ нэгд, олж ирэх ашгаа хоёрт тавих үндсэн зарчмаа барьж байна уу гэдэг нь эргэлзээтэй. Зөвхөн магтаалыг л хүлээн авна, шүүмжлэгчдэд бол “чи өөрөө чадахгүй юм байж дуугүй бай” гэх хариутай.


Хамгийн сүүлийн үед хэл ам дагуулаад буй уран бүтээлүүдийн ихэнх нь зохиогч гэх нөхөдтэй холбоотой. Дур хүслийг нь өдөөсөн эм уучихсан залууд хороо тайл гэх зэрэг адал явдалтай, “аргай аргай түг” гээд аавынхаа толгойг цохиод алчихжээ” гэх мэт үг хэллэгтэй, бага насныханд зориулсан номон дээр нь “тэгээд тэд эвцэлдэв” гэх тайлбар бүхий хоёр нохойны эвцэлдэж буй зурагтай, бас ч үгүй цааш нь “замд нь дааралдсан хандгайд зам дээрээс зайлаач” гэж хэлж буй хараалыг ямар янзын боловсролтой зохиогчид нь сэдсэн юм бүү мэд.


“Иймэрхүү боолхой байсан юм бий” гэдэг шиг уншихаас гадна үзэж харагдаж, сонсч буй зүйлс нь мөн л “боолхой” шиг. Баригдахгүй юм шиг гадны клип хуулбарлаад л, хуулбарлаагүй өөрсдөө сэтгэсэн гэсэн зүйл нь ч хошин шог. “Гэзэгний үзүүр нь сэрэл хөдөлгөөд байна аа” гэж дуулаад л… Хүүхдээ хөхүүлж буй эхийн өвөр дээрх хүүхдийнх нь хэмжээний орон зайн алслалтыг буруу тооцсоноос болж садар самуун сурталчилсан хэрэгт орж байсан онигоо шиг явдлын адил харваас бага насны хүүхдийг ангийнх нь багштай хайрын харилцаа үүсгэсэн зохиолын дуучны клип олны эгдүүцлийг хүргэлээ. Хэдийгээр хэдэн жилийн өмнө хийгдсэн бүтээл ч гэсэн одоо ч цахим сүлжээгээр олон нийтийн хүртээл болсоор буй тул шүүмжлэлээс бултах аргагүй.


Гурван минутын клипээ ч хийж чадахгүй байгаа хэрнээ цаг гучин минутын кино хийнэ. Хийсэн нь үзэгчдийг залхааж, тасалбар авах гэж төлсөн мөнгө, орж суусан хугацаандаа халаглуулмаар. Зохиолч гэж нэрээ тавихаас ичдэггүй юм байхдаа гэж бодмоор, зохиож ядаад байх зүйлгүй санаа, цаг үрсэн дүрс, жүжигчдийн наалдаагүй яриа. Зөвхөн энэ тухай нь шүүмжилвэл цаг цаас барагдмаар.


Өнөө, өнгөрсөнд иймэрхүү байгаа уран бүтээлчид гэх сайхан нэрийн дор харьяалагддаг хүн бүр нэгийг бодох цаг болжээ. Өнгөрсөн цагийн сэтгэхүйн цагдаа болсон главлитийг олон нийт үгүйлж байна. Энэ бол эмгэнэл.


Б.ЭНХМАНДАХ

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №059

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж