“Давхар дээл”-ийг одоо тайлах нь зөв үү?

Хуучирсан мэдээ: 2014.04.30-нд нийтлэгдсэн

“Давхар дээл”-ийг одоо тайлах нь зөв үү?

Парламентын төвшинд удтал хэлэлцэгдэж буй Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл эцсийн хэлэлцүүлэгт ирж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар маргааш хэлэлцэгдэн батлагдах болж байна.


Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн энэхүү хуулийн төсөлд зөвхөн Ерөнхий сайд парламентаас сонгогдоно, хуулийн хэрэгжих хугацаа 2016 оны долдугаар сарын 1-н хэмээн зааж өгсөн юм. Гэвч хэлэлцүүлгийн шатанд УИХ дахь МАН-ын бүлгээс “Ерөнхий сайд болон Үндсэн чиг үүргийн яамдын сайдыг УИХ-аас сонгоно” хэмээн санал гаргасан нь дэмжлэг хүлээсэн төдийгүй хуулийн хэрэгжих хугацаа 2014 оны долдугаар сарын 1-н болж өөрчлөгдсөн билээ. Эл саналыг буцаахад байнгын хороо, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож буй нийт гишүүдийн гуравны хоёрын саналыг авах ёстой ч өчигдөр хуралдсан Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаас дэмжлэг хүлээж чадалгүй унасан. Иймээс УИХ-ын гишүүн С.Баярцогтын гаргасан “Хуулийг 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн дүнд байгуулагдсан УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн өдрөөс дагаж мөрдөх нь зүйтэй” гэсэн саналыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцох  нийт гишүүдийн гуравны хоёрын дэмжлэг хүлээх үү гэдэг хүлээлт үүсгээд байна.


Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ, Засгийн газрын гишүүд ямар байр суурь баримталж буйг тодотгоё.


Н.Алтанхуяг: Хаяж явсан гээд хорсоод байгаа юм уу?


Монгол Улсын Ерөнхийлөгч энэ хуулийн төслөөр хээрийн сургууль хийлгэх гэтэл  МАН-ын бүлгийн гишүүд та бүхэн дайн болгоод хувиргачихсан, нэг сар боллоо. Дөрөвдүгээр сарын  сарын 7-ноос хойш юу хийсэн юм та нар, бүтээн байгуулалтын ажил хиймээр байна ш дээ. М.Энхболд, Ч.Хүрэлбаатар, Сү.Батболд, Д.Хаянхярваа гишүүн бүгдээрээ давхар байсан шүү дээ, ич л дээ. Яахаараа ийм муухай болчихдог юм бэ, бүгдээрээ л бид нэг Засагт байсан. Хаяж явсанд хорсоод байгаа юм уу. Хоёрын хооронд улстөржөөд…


Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлд УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээс бусад хуулиар тогтоосон үүрэгт үл хамаарах ажлыг хавсарч болохгүй гээд заачихсан. Ийм илэрхий юман дээр бүтэн сар бухимдаж хаврын ажлыг алах ямар шаардлага байгаа юм бэ. Хээрийн сургуулийг дайн байлдаан болгож битгий хувирга. “Сантмарал”-ын судалгаанаас харахад иргэд ажлын байрыг нэмэгдүүлж, бүтээн байгуулалтын ажлаа яаралтай хийхийг шаардаж байгаа. МАН-ынхан та нар Чингисийн талбай дээр дээл тайлах гэх мэт хачин юм хийсэн,  одоо бүр онигоо боллоо шүү дээ. Зарчимтай хандаж сур, хэн ч олонхи болж Засаг барьж мэднэ. Та нар болохоор давхар сайдын алба хашиж болдог, Ардчилсан намынхан болдоггүй юм гэж юу байдаг юм бэ?. Наад улстөрөө боль.


С.Бямбацогт: Бид хаваржин гацаагаад улстөр болгоогүй


МАН эрх баригчдын мууг үзэх гэж энэ хуулийн төслийг санаачлаагүй.  Ухаалаг төр лүү хурдан шилжье гээд Ерөнхийлөгч санаачилж, өргөн мэдүүлсэн. Энийг бид хаваржин гацаагаад улстөр болгоогүй. Хуулийн төслөө Ерөнхийлөгч 2013 онд өргөн мэдүүлсэн, УИХ-аар хэлэлцүүлэг явж байх шатанд буюу 2014 оны нэгдүгээр сарын 19-нд УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авсан. Хаврын чуулган эхэлж хуулийн төслийн хэлэлцүүлэг үргэлжилхэд УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийг шахсаар байгаад завсарлага авахуулсан. Өнгөрсөн долоо хоногт байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх ёстой байсан ч эрх баригчид та бүхэн гишүүдээ хуралдаа суулгахгүй гацаасан. Цөөнх гацааж уу, гай болж уу. Үгүй шүү дээ. Ухаалаг төр лүү хурдан шилжье гэж Ерөнхийлөгч хэлсэн, түүнийг шийдье гэж байна, МАН.


Эдийн засаг өнөөдөр хүнд байна, түүнийг хурдан засъя гэж байна. Сүүлийн үед эрх баригч хүчнийхэн Ерөнхийлөгч хуулийн төсөлд хориг тавина гэж хардаг боллоо. Хэрвээ Ерөнхийлөгч хуулийн төсөлд хориг тавибал Ардчилсан намын Ерөнхийлөгч болж таарна. Ерөнхийлөгч бол ард түмнээс сонгогдсон, нам бус байх ёстой. Тэгээд ч бид Засгийн газрыг огцруулах гээд байгаа юм биш, жагсаалтаар сонгогдсон гишүүдээ сайдаар үлдээж болно, Үндсэн чиг үүргийн сайд нар үлдэнэ. Дээрээс нь Ерөнхий сайд долдугаар сарын 1-н хүртэл сайд нараа үе шаттайгаар цувуулаад сольж болно. МАН-ыг муухай санаа гаргалаа л гэнэ, хатавчаар орж ирлээ л гэнэ, яасан үг хэлж болдоггүй шүүмжилж болдоггүй юм бэ. Яагаад үг сонсож болдоггүй, яагаад алдаагаа засаж болдоггүй юм бэ. Нийгэм цаг хугацаа хүсэж байгаа тийм учраас бид хуулийн хэрэгжилтийг 2014 оны долдугаар сарын 1-н байх нь зөв гэж үзэж байна.


С.Баярцогт: Ерөнхий сайд нь УИХ-аа тараадаг эрхийг өгөх хэрэгтэй


Ерөнхийлөгч энэ хуулийг өргөн барихдаа сонгуулийн дундуур бужигнаан явуулна гэж өргөн бариагүй. 2016 оны долдугаар сарын 1-н гэж өргөн барьсан. Хэсэг хүмүүс хугацааг наашлуулж, үүгээр далимдуулж Засгийн газрыг огцруулах хүсэлтэй байгаа. Хэнд ч ойлгомжтой байхад энийгээ “Том төрөөс ухаалаг төр лүү” гээд яриад байх шаардлага байхгүй. Нэг хүний ажлыг нэмэгдүүлж байгаа биш харин ч нэг хүний хийж байсан ажлыг хоёр хүн хийж илүү томорно. Одоо бид парламентын бүгд найрамдах улсынхаа сонгодог тал руу явах ёстой. УИХ-аасаа Ерөнхийлөгчөө сонгодог, Ерөнхий сайд нь УИХ-аа тараадаг эрхийг өгөх хэрэгтэй. Ингэж байж энэ улс зөв явна, засаглалын хуваарилалт зөв болно.


Ч.Сайханбилэг: Засгийн газрыг огцруулах үндэслэлийг тодорхой заачихсан


Үндсэн чиг үүргийн гэж ялгаад ч, гуравны нэг гэж ялгаад тооны хувьд зарчмын ялгаа байхгүй. Нэг нь тав, нөгөө нь зургаан сайдын асуудал яригдаж байгаа. Гуравны нэг нь УИХ-аас сонгогдож болно гэвэл илүү уян хатан болно.


Хоёрдугаарт, УИХ-ын ирц бүрдэхгүй байгаа нь сайд нар Байнгын хороо, УИХ-ын чуулганы хуралдаанд суухгүйд байгаа юм биш. Энэ бол Монголын зургаа, долоон үеийн парламентад байсан асуудал. 23 жилийн амьдралын бодит үнэн. Ардчилсан нам, Шударга ёс эвслийн сайд нар гарч ирээд, парламентын ирц бүрдэхээ байчихсан юм шиг, энэ сайд нар УИХ-ын гишүүний давхар алба хашдаг учраас цоо шинэ үзэгдэл гараад ирсэн юм шиг ярьдагаа болъё. Сайд нараас болдог юм биш, УИХ-ын ирцэн дээрээ бид өөр механизм бүрдүүлэх ёстой. Сонгогчид нь гишүүдтэйгээ хариуцлага тооцдог, чуулган хуралдаж байхад гадаад, дотоод томилолтоо янзалдаг янз бүрийн зохицуулалт ашиглаж болно. Энэ бол шинэ зүйл биш. Гуравт, Засгийн газрыг огцруулах гурван үндэслэлийг Үндсэн хуульд тодорхой заачихсан.  Шинэ хуулийн төсөл өргөн мэдүүлээд түүгээрээ Засгийн газрыг огцруулах тухай ярьдаг гэдэг эрх зүйн орчин хаана ч байхгүй. Жишээ нь, УИХ-ын сонгуулийн тухай шинэ хуулийг баталъя гэж бодъё л доо. Шинэ хуулиа УИХ-ын намрын чуулганаас эхлээд хэрэгжүүлнэ гэвэл яах вэ,  энэнтэй л адилхан зүйл.


Р.Бурмаа: Төрийг тогтвортой байлгахын төлөө саналаа өгсөн


Би хуулийн төслийг 2014 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байгаа.  Энэ хуулийн төслийг сөрөг хүчин өргөн мэдүүлээгүй, Ерөнхийлөгч өргөн мэдүүлсэн. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд л хавсаръя гэж хувилбар гаргасан. Харин Засгийн газрын танхимын сайд нарын хэдэн хувь нь УИХ-аас байх вэ гэдгийг шийдэх бүрэн эрх парламентад бий. Үүнийхээ дагуу УИХ Үндсэн чиг үүргийн яамдын сайд хавсарч болно гэсэн шийдвэр гаргаад явж байна. Бүх зүйл хууль ёсны дагуу явж байгаа.


Эсрэг санал өгсөн гэж яллуулаад сууж байгаа бид төрийг тогтвортой байлгахын төлөө саналаа өгсөн. Би 25 жилийн амьдралаа ардчиллын төлөө зориулахдаа төрийн дээр нам сандайлсныг болиулах гэж, төр хуулиа дээдэлдэг эрх зүйт төрийн төлөө явж ирсэн. Гэтэл нам нь төрийн дээр сандайлчихаад Засгийн газрын, намын удирдлагын нэрээр төрийн шийдвэр гаргах эрх УИХ-ын байгууллагын ард түмний элч болсон төлөөлөгчийг дарамталдагаа болих хэрэгтэй. Төрийг тогтвортой байлгахын тулд УИХ тогтвортой үйл ажиллагаа явуулах ёстой.


Ч.Сайханбилэг гишүүн худлаа ярьж байна. Засгийн газрын гишүүдээс болж ирц бүрдэхгүй байгаа юм үгүй гэж хэллээ. Засгийн газрын гишүүдийг огцруулах тухай асуудал ярихаар бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралд ирж суудаг. Хурлынхаа ирцийг бүрдүүлэхийн тулд сайд нарыг нэг, нэгээр нь огцруулах тухай асуудлыг ярьж УИХ дээрээ суулгадаг тийм байдал руу орох ёстой болж байна уу.


Ерөнхийлөгч энэ хуулийг өргөн мэдүүлэхдээ Засгийн газрын гишүүдээс хэд нь УИХ-ын чуулганд оролцдог юм бэ гэдгийг баримтжуулсан ирцийн мэдээг давхар гаргаж өгсөн.  УИХ-ын 76 гишүүнээс 39 нь ирж байж ирц 50 хувьд хүрдэг.  Хууль батлахад 20 гишүүний саналаар шийдвэр гарах бололцоотой, гэтэл 19 сайд бүгдээрээ давхар дээлтэй болчихвол парламент утга учраа алдана, Засгийн газарт хяналт тавих ажиллагаа чадваргүй болно.

 
УИХ-ын гишүүн М.Батчимэг “50 хувь нь давхар дээлтэй буюу Засгийн газрын гишүүн байж болно” гэсэн санал гаргасан. Энэ маш зөв санал байсан, Засгийн газрын гишүүдийн 50-иас дээш хувь нь өөрчлөгдвөл Засгийн газар огцордог. Тэгэхгүй байх хувилбар нь энэ байсан. Дээрээс нь листээр сонгогдсон гишүүн сайдаараа үлдчихвэл нэг, хоёр сайдыг өөрчлөх л асуудал байсан. Энэ боломжийг Ардчилсан намын бүлэг татаж авсан. Гэхдээ өнөөдөр гарцгүй юм алга,  Үндсэн чиг үүргийн сайдууд үлдэхэд цаана нь намын листээс сонгогдсон зарим гишүүн үлдэж болно. Үлдсэнийг долдугаар сарын 1-нээс өмнө, долдугаар сарын 1-н болоход үе шаттайгаар өөрчлөх бололцоотой. Ийм бүрэн эрх Ерөнхий сайдад бий.

 

Н.Батцэрэг: Болж бүтэхгүй байгаа сайдыг ярих ёстой  


Засгийн газар бүрэн эрхийн хугацааныхаа тал руу орлоо. Сайд нар ажиллах хугацаандаа салбартаа үр дүн гаргав уу гэдгийг асуух засварын үе ирээд байгаа. Ялангуяа зарим салбарт ажил уруудаж байгаа гэсэн олон нийтийн шүүмжлэл бий. Энэ нь давхацчихаар нэг талдаа төрийн тогтолцоог боловсронгуй болгох асуудал нь хариуцлага тооцох асуудалтайгаа зэрэгцэж хийгдээд байгаа юм шиг байдал үүсгээд байна.


Монгол Улсын Ерөнхийлөгч хуулийн төслийн хэрэгжих хугацааг 2016 оны долдугаар сарын 1-н гэж тавихдаа улстөрийн тогтвортой байдлын баталгаа нь болж байх үүрэгтэй хүний хувьд дараачийн сонгуулиас хэрэгжүүлэхээр хугацаа тавьсан гэж боддог. Энэ утгаар нь би дэмжиж байгаа. Гэхдээ болж бүтэхгүй байгаа сайд нарынхаа тухай ярих ёстой. Асуудлыг хооронд нь холилгүй ялгаж салгаад хамгийн оновчтой хэлбэрээр шийдээд явах хэрэгтэй байна.


Р.Гончигдорж: Асуудлыг хуулийн дагуу тавь


Өнөөдөр үүссэн асуудал нь Үндсэн хуулийн болзошгүй зөрчлийг бүтэн хоёр жилээр урагш нь татах тухай асуудал бий болголоо. Засгийн газрын огцруулах тухай асуудал Үндсэн хуулийн гуравдугаар зүйл дээр эмхлэгдсэн, үүнээс өөрөөр огцруулах үр дагавар байж болохгүй. Үндсэн хуулийн бус аргаар Засгийн газрыг огцруулах үр дүнд хүрч байна. Ардын намын гишүүдийн үзэл бодлыг нь хүндэтгэж байна, гэхдээ Засгийн газрын гишүүдийн олонхи нь давхар учраас ажиллаж чадахгүй байна, ажлаа цалгардуулж байна гэж асуудлыг хатавчаар нь шийдэх гэж битгий оролд.


Үндсэн хуульд зааснаар УИХ-ын гишүүдийн гуравны нэгээс доошгүй нь санал болгож Засгийн газрыг огцруулах тухай асуудлыг тавих бүрэн эрх, Ардын намд бий. Хуулиараа онгойлгоод нээгээд өгсөн бүрэн эрх бүхий хаалгаар орж ирж асуудал тавь.


Ерөнхийлөгчийн бүрэн эрх дотор хуульд хэсэгчлэн болон бүхэлд нь хориг тавих эрх бий. Санаачилж оруулахдаа ч саяны Үндсэн хуулийн зөрчил гаргахгүйн тулд хугацааг 2016 оны долдугаар сарын 1-н гэж тавьсан.


Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж