Социализмийн үзэл суртлаас эздийн үзэл суртал руу

Хуучирсан мэдээ: 2014.04.30-нд нийтлэгдсэн

Социализмийн үзэл суртлаас эздийн үзэл суртал руу

Социализмийн үзэл суртлаас эздийн үзэл суртал руу

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 1993 оноос хойш тавдугаар сарын 3-ныг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэж байна. Энэ өдрийг хүний эрхийн үндсэн зарчмуудын нэг болох хэвлэлийн эрх чөлөөг дээдлэх, хэвлэлийн эрх чөлөөг дэлхийн нийтийн хүртээл болгох, хэвлэлийн хараат бус байх эрхийг хамгаалах, хэвлэлийн эрх чөлөөний төлөө явж байгаад амь үрэгдсэн, хохирсон сэтгүүлчдийн дурсгалыг хүндэтгэх, эрхийг хамгаалах зорилгоор тэмдэглэж эхэлсэн. Жил бүрийн өдрийг өөр өөр уриатайгаар тэмдэглэдэг бөгөөд энэ жил “Хэвлэлийн эрх чөлөөг ирээдүйн сайн сайхны төлөө” гэсэн уриатайгаар тэмдэглэж байна.

Монголын сэтгүүлчдийн байгууллага хоёр хуваагдсан байх үед Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Дашдондов гуайн тэргүүлсэн Монголын Чөлөөт сэтгүүлчдийн холбоо “муурын байшин” хэмээн нэрлэдэг байсан хоёр давхар модон байшинд анх тэмдэглэж байсныг санах юм. Дэлхий даяараа тэмдэглээд 11 жил болж байгаа гэвэл монголын сэтгүүлчид ч бас тэмдэглээд тэр орчим хугацаа болж байгаа болов уу.

Жил ирэх тутам хэвлэл мэдээллийн байгууллагын тоо нэмэгдэж байгаа болохоор энэ баярын тэмдэглэж байгаа хүрээ улам өргөжиж буй нь ойлгомжтой. 2012 оны байдлаар Монгол улсад 469 хэвлэл мэдээллийн байгууллага ажиллаж байсны 126 сонин, 92 сэтгүүл, 72 радио, 149 телевиз, 30 веб сайт /идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг/ байжээ. Мэдээж гурван сая хүрэхгүй хүн амтай харьцуулбал 469 мэдээллийн хэрэгсэл гэдэг бол дэндүү ахадсан тоо. Тэгээд 2012 оноос хойш нээгдсэн сайтын тоог гаргаж барахгүй. Энэ олон мэдээллийн хэрэгсэл байгаа юм чинь монголчууд мэдээлэлдээ бялуурч, боловсорч, гэгээрэх замдаа орсон болов уу гэж санагдахаар. Харамсалтай нь үгүй. Харин үзэл суртлын үетэй харвцуулбал монголчуудын мэдлэгийн цар хүрээ хумигдсан. Үүнийг их, дээд сургууль төгсөөд ажилд орохоор ирж байгаа шинэхэн боловсон хүчнээр таван өгүүлбэр бичүүлж, таван асуултад хариулт аваад л мэдэж болно.

Мэдээллийн хэрэгсэл хангалттай ч яг юу болоод өнгөрсөний учир шалтгааныг хэд хэдэн сонин, телевиз, сайт уншиж байж уншигч өөрөө л бэдэрч байж олж авна. Монголчууд мөнгөжихийн хэрээр хэвлэл мэдээлэл рүү орох хөрөнгө оруулалт нэмэгдсэн ч хэвлэлийг бизнес гэж харахаас илүүтэй эрх мэдлийг олж авах, улс төрд хүрэх шат гэж ойлгосон учраас эзний үзэл суртлыг хийдэг редакци олширчээ. Редакцийн хараат бус байдал гэдэг шинэ ойлголтыг /Монголд л шинэ/ хуулинд суулгаж өгөх гэснээс үүдэн Хэвлэлийн эрх чөлөөний хууль нар салхи үзэж чадалгүй өнөөг хүрээд байгаа. Эзэд гэдэг ойлголт аль хэдийнэ Монголын сэтгүүл зүйд баттай байр сууриа эзэлж, хүч нөлөөгөө улам тэлж байна. Хүч нөлөөгөө улстөрчид, бизнесийнхэнтэй бүлэглэл үүсгэх хэлбэрээр тэлж байна. Сэтгүүл зүйн зарчимд үндэслэн мэдээ, нийтлэлээ туурвих үүрэгтэй жирийн сэтгүүлчид энэ тохиолдолд хамжлагат ардын дүрд шилжээд байна. Цалинг тавьж байгаа эздэд үг хэлж чадахгүй сэтгүүлч, цалинг чинь олж ирж байгаа эзэн нь би гэсэн ерөнхий дүр зураг бий болжээ.

Уг нь хэн сайн мэдээ, нэвтрүүлэг хийж чадсан нь илүү амьдрах учиртай зах зээлийн нийгэм ч шударга өрсөлдөөний орчинг өнөөг хүртэл сэтгүүл зүйд бүрэлдээгүй байна. Ойрын үедээ ч бүрэлдэх шинж тэмдэг ажиглагдахгүй байна.

Сэтгүүлчид дандаа худал мэдээлэхгүй байгаа. Гэхдээ үнэн мэдээллийн эзэн холбогдогч нь улс төр, бизнесийн төлөөлөл биш л бол. Мөнгөтэй хүний хэрэг шүүхээр шийдэгдэхгүй байна гэдэгтэй агаар нэг. Мөнгөтэй хүн болсон явдлыг болоогүй мэт бичүүлж чадаж байна. Үгүй дээ л огт тийм юм болоогүй мэт ойлгуулах үүднээс “амыг нь барьж” чадаж байна. Байдал ийм байхад бид баяраа тэмдэглэсээр. “Ган үзэгтэн”, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан, цаашлаад Алтан гадас, Монгол Улсын Гавьяатыг тараасаар л.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж