86 мянган тонн химийн хаягдлыг хаана ”булшлах” вэ?

Хуучирсан мэдээ: 2011.05.11-нд нийтлэгдсэн

86 мянган тонн химийн хаягдлыг хаана ”булшлах” вэ?

Японы  хэвлэлээр Монгол улсад цөмийн хаягдал хадгалах талаар нийтэлснээс хойш нэлээдгүй шуугиан дэгдээж байгаа. Монгол Улсын төрийн өндөр албан тушаалтан энэ талаар хэлэлцээр хийсэн гэх яриа ч олныг гайхшруулаад авсан. Гэтэл бид өөрсдийн 4326 тонн химийн хортой, аюултай бодисоо устгах, хадгалах сав ч олдохгүй байна гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газрынхан хэлж байна.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар /МХЕГ/ он дамжсан урт хугацааны нэгэн шалгалтын дүнг өчигдөр удирдах зөвлөлийн хуралдаанд танилцууллаа. Энэ нь химийн хорт бодисыг хадгалах, устгах, экспорт, импортлолтод  хийсэн шалгалт. Яагаад 2010 онд хийх ёстой шалгалтын дүнг одоо танилцуулж байгааг лавлахад “Хариуцаж байсан байцаагч нь ажлаасаа гарсан. Дараагийн байцаагч нь ажилтайгаа танилцаж өнгөрсөн оны арванхоёрдугаар сард шалгалт эхэлсэн” гэсэн тайлбарыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, аялал жуулчлал, уул уурхайн хэлтсийн дарга Н.Батбаяр хэллээ.  Уг шалгалтад  Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг үйлдвэр үйлчилгээний газар, судалгааны төвүүд, их, дээд, ерөнхий боловсролын сургуулиудын химийн лабораториуд зэрэг байгууллага хамрагджээ. Нийт 572 аж ахуй нэгж,  байгууллага хамрагдаж, 2288 нэр төрлийн химийн бодис бүртгэгдэж, 86 мянга 287 тонн үлдэгдэл нөөц химийн бодис байна. Үүнээс  1562 нэр төрлийн 4326 тонн химийн бодис нь хаягдал аж. Мөн шалгалтаар химийн хорт болон аюултай бодис ашиглах зөвшөөрөлгүй, химийн бодисын хугацаа дууссан, хаяг шошгогүй, бүртгэлгүй, зориулалтын бус газар химийн бодис хадгалах гэх мэт олон зөрчил илэрчээ.  Зөрчилтэй комданиудад “Монголын алт /МАК/” ХХК, “Монголросцветмет” ХХК, “Яньтай уул” ХХК орж байна.

Ер нь энэ асуудал хуулийн хүрээнээс хальсан бололтой. “Яньтай уул” ХХК-нийг 2007 онд шалгалт хийж үйл ажиллагааг нь зогсоосон аж. Гэтэл тус компани дахин ажилласаар л байгаа нь Мэргэжлийн хяналтын байцаагч нар ажлаа хангалтгүй хийж байгаагийн тод жишээ гэдгийг МХЕГ-ын дарга Р.Содхүү хэлж байсан.  Мөн тэрээр хэлэхдээ “Бидний гол шийдэх асуудлын нэг химийн аюултай болон хортой хаягдлыг устгах байгууламжтай болох. Тиймээс энэ талаар холбогдох албаны хүмүүст яаралтай мэдэгдэж шийдэх хэрэгтэй байна” гэдгийг онцолж байсан. Мөн МХЕГ-ын байгаль орчны улсын байцаагч Д.Цэрэндаш “Химийн хортой, аюултай бодис устгах байгууламжийг Багахангай дүүрэгт барих талаар ярилцаж байна. Жил ирэх тусам химийн бодисын хэрэгцээ нэмэгдэж байгаа. Тиймээс устгал хийх газрыг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй” гэсэн. Нийт дөрвөн мянга гаруй тонн хортой, аюултай бодис байна гэдэг нь 60 вагон гэхэд болно. Зөвхөн Налайх дүүрэгт гэхэд 40-50 вагон химийн хортой хаягдал устгах шаардлагатай байгаа гэнэ. Хорт бодисыг “булшиллаа” гэхэд хүн, мал амьтанд аюул үүсгээд байгаа химийн хортой бодис агаар, салхи, усаар дамжих аюултай гэнэ.

Химийн хортой бодисын судалгааг 2007 онд хийж байсан бөгөөд химийн хортой бодисыг устгах талбай бий болгох шийдвэр гарч байжээ. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ ажил цаасан дээр бичигдсэн хэвээр байна.  Энэ ажлыг МХЕГ-аас яаралтай ажил хэрэг болгохоор шийдвэрлэлээ. Учир нь Хотын дарга Г.Мөнхбаяр Улаанчулуутын хогийн цэгт хаях шийдвэр гаргасан. Улаанчулуутын хогийн цэгт химийн хорт бодис асгаж, устгах боломжгүй учраас өөр газар барих санал тавьсан. Гэтэл энэ нь одоо хүртэл шийдэгдээгүй байгаа аж. Бүтэн дөрвөн жил яриад химийн хаягдлаа устгах газраа хайж байгаагаа огтоос ярихгүй байснаа гэнэт энэ тухай ярих болсон нь сэжигтэй санагдаад байна.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж