Хоёр хундага дарсны амт…

Хуучирсан мэдээ: 2011.05.11-нд нийтлэгдсэн

Хоёр хундага дарсны амт…

Ажил тарж, 18:00 цаг болсон  ч урин цагийн урт өдрүүд эхэлсэн болохоор нар хэвийсэн ч харанхуй хол байна. Хотын гудамжинд залуус болзож, хөг­шид салхилж, өсвөр насныхан өдөр юу болсоныг хуу­чилна. Зарим нь ажлаа таран гэрийн зүг нааш цааш сүлжилдэнэ. Сэтгэл гэгэлзээд байсан чинь баасан ахын насан баяр болж байна. Залуус түүний төрсөн өдрийг тэмдэглэхээр тогтсон ёсоор бааранд пиг. Бид хувьдаа түүний төрсөн өдрийг гурван дүүргийн гурван бааранд тэмдэглэн, үйлчүүлсэн бөлгөө.

Охидыг хайсан залуус буюу Баянзүрх дүүрэг…

Зүүн зүгийн залуус буюу Баянзүрх дүүргийн­хнийн хувьд шоу эрт эхэлдэг бололтой.  Сансар өөд өгс­вөл “New friend” баар үүдээ нээжээ. Байдаг л баар­ны нэг юм. Үүдээр нь ороход зарим нь хэзээний тухал­жээ. Харин баарны үүдээр холхих залуус ямар нэг зүйл хүлээж, хайж буй аятай холхилдоно. Хоёр цаг орчим суусны дараа 21:00 цагийн үед гоёж, гоодсон харчуул, охид цугларлаа. Тэд голдуу шар айраг захиалан шимэх нь шимж, залгилах нь залгилан бүжиглэнэ. Гэхдээ бүгд гэвэл худлаа, бүжиг­лэхээр орж ирээгүй нөхөд бас бий. 10 жилийн сурагч гэмээр хоёр хүү орж ирж суулаа. Нялх царай, өмссөн хувцас нь тэднийг сурагч гэдгийг нь илтгэнэ. Тэд байнгын үйлчлүүлэгч бололтой. Охид руу заан­гаа зөөгчтэй ярилцана. Төд удалгүй нөгөө хоёр ширээ шилжин хоёр охин дээр очиж суув. Нэлээн сууж байснаа хэзээний танил мэт саяхан танилцсан хоёр бүсгүйг дагуулан гарч одов оо. Үнэндээ бааранд бүжиглэх гэж ордог хүн ховор шүү дээ гэсэн найзын минь үг үнэн бололтой. Аргагүй л “New friend” нэрэндээ зо­хи­ц­сон газар юм. Би ч найзын хамт шинэ танилтай болохоор зургуулаа суусан залуус дээр очин хамт суух боломжтой юу гэтэл “болно оо” гэж уриалгахан ши­рээн­дээ урилаа. Нэг шинэ танилын маань төр­сөн өдөр юм байна. Хэсэг суусны дараа явахаар шийд­лээ. Түүнийгээ ч хэлэв. Хариуд нь харин “Хамт­­даа буудалд орж юм ярьж суух уу” гэх санал сон­сов. Тэдний яриагаар бол бааранд охин олохоор/өөрс­дийнх нь хэлснээр “чихдэхээр”/ ордог гэх. Бид ахиад өөр баар руу, тэд буудал руу явах болохоор зам нийлэхгүй юмсанж. Энэ бааранд гар айраг нь 1800-3000 төгрөг. Дундаж буюу мөнгө багатай залуусын  баар гэнэ. “New friend” бааранд ойролцоогоор 30 гаруй залуус энэ үдэш /21:00 цагийн үед/ наргихаар иржээ. Хүн бүр дунджаар 2000 төгрөгний  нэг пиво гэж бодоход 60 мянга төгрөг. Цаашлаад даварна гэхээр нэг хүний халааснаас хамгийн багадаа таван мянга төгрөг гарна. Манай залуус боломжтой байгаа биз.

Ширээний чимэг нь “монгол охид” /Сүхбаатар дүүрэг/

Шинэ танилуудынхаа урмыг хугалаад хотын А зэрэглэлийн бүс буюу боломжтой залуусын “Strings” шөнийн клубт ирлээ. Энэ баарны такс найман мянган төгрөг.  Энэ удаад “чихдүүлчих вий” гэж айхдаа эрэгтэй найзтайгаа 22:00 цаг өнгөрч байхад тус бааранд орлоо.  Цэвэрхэн тохилог, амьд хөгжмийн хамтлагтай энэ бааранд баасан ахын төрсөн өдөр болоод ч тэр үү суудал  олдохгүй нэлээд хүнтэй байлаа. Өмнөхөөс ялгаатай нь гэвэл амьд хөгжмийн хамтлаг тоглож, гадаад, дотоодын баян нөхдүүд, бийлэгжүү залуус ордог газар. Суудалгүй байсан тул “take”-ний сандал дээр суулаа. Амьд хөгжмийн хамтлаг дуугаа дуулж залуус бүжиглэж эхэллээ. Оюутан болов уу гэмээр хэдэн охид тайзан дээр гарч тэнд цугласан олны нүдийг хужирлана. Сайхан юм аа, монголын охид гэсэн бодол эрхгүй төрнө. Бахархмаар ч юм шиг. Сайхан бие, царай зүстэй гэж жигтэйхэн. Өөлөх зүйл гэвэл охид талбай дээр бүжиглэж буй эрчүүдийг өдөж, сээтэн хаях. Юун нөгөө  Монгол бүсгүйн цэвэр ичимтгий ааль гэж алмайртал. Тэгснээ америк бололтой нас тогтсон хижээл насны эрчүүдийн өвөр дээр суунгаа бүжиглэж гарав. Ёстой л нэг дотрыг нь гижигдэж  эхэлсэн дээ. Нэг аятайхан бүжиглээд л гадаад, хөгшин эрсийн ширээний чимэг болов. Гадаад эрийн эрх муужгай шиг аашлах тэдгээр охидын эжий, аав нь харахгүй болохоор ичиж, зовох зүйлгүй. “Задарсан амьтад” гэхээс өөр яах ч билээ.
 
Өмнөх бааранд эрчүүд нь эмэгтэйчүүдийг “чихддэг” гэж бодож байтал энд бол эсэргээрээ. Эмэгтэйчүүд нь өөрсдөө “чихддэг” дүрэмтэй аж.  Гэтэл ахимаг насны нэг бүсгүй “Иймэрхүү юмнуудаас болж бүх охидын үнэ цэнэ үгүй болж байгаа юм” гэж нэлээд харамссан аятай уурсаж сонсогдов. Түүний хэлснээр, үнэ цэнэ гэдэг чухал зүйл. Үнэхээр энэ охид өөрсдийнхөө үнэ цэнийг өөрсдөө үгүй хийж байгаагаа мэдэж л байгаа гэж найдъя. Би явлаа, баяртай шөнийн эрвээхэйнүүд минь.

Үүр битгий цайгаасай…

Өглөө битгий болоосой…  Их хотын нэгэн үдэш залуус ийн дуу аялна. Ирсэн газар маань Чингэлтэй дүүрэг. Барилгачдын талбайн доор байрлах “Доргио” диско баар. Цагийн богино зүү нэгийн тоог заажээ.  Харин залуус ид бужигнаж байна. Энэ баар 1000 төгрөгний такстай. Биднийг орход суудал байхгүй, такс буцаахгүй гэдгийг анхаарууллаа. Үнэхээр суудалгүй байсан тул хүнтэй  ширээнд шахаж  суулгалаа. Танихгүй хүмүүстэй нэг ширээнд суулгах тийм ч таатай биш байсан ч шар айргаа захиалав. Тэдэнтэй ч танилцлаа. Элдвийг ярилаа. Тэдний яриагаар бол энд өдөр бүр ийм хүнтэй гэнэ. Суудал олдохгүй үед үйлчлүүлэгч хүсвэл нэг ширээнд танихгүй хүмүүсийг суулгадаг аж. Энд бүх насныхан цугладаг. Хүн бүр өөрсдийхөөрөө эрх чөлөө, сэтгэл ханамжийг мэдэрнэ. Утас дуугарах үед нэлээд удсанаа мэдэрлээ. Ээж маань залгаж байна. Гэртээ хурдхан ирэхийг сануулна. “За” гэсээр 04:00 цагийн үед баарыг орхилоо. Тэндээс гарах хүсэлтэй биднээс өөр хүн харагдсангүй. Үүр цайтал бужигнана даа, тэд. Архи, согтууруулах ундаагаар 00:00 цагаас хойш уг нь үйлчлэх ёсгүй. Тиймээс ч өмнө нь шаардлага биелүүлдэггүй гэсэн үндэслэлээр “Доргио”-г гурван сарын хугацаагаар түр хаасан юм. Бүр тодруулбал, хотын ерөнхий менежер Ч.Бат дөрөвдүгээр сарын 15-ны өдөр гаргасан. Гэтэл түүний тушаал нохой хуцсанаас өөрцгүй бололтой. Биелүүлдэг байгууллага гэж алга. Эргээд хотын даргын үүргийн биелэлтийг шалгадаг газар ч бас үгүй байх. Чоно үүрэндээ өлзийтэй гэгчээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын өмнө байрлах энэ бааранд хяналт тавих ёстой хүмүүс нь суугаа ч юм бил үү, хэн мэдлээ.

Ийнхүү их хотын залуусын хамт нэг үдшийг өнгөрөөсөн минь энэ. Хэн нэгнийг гоочилж, хэн нэгнийг буруутгах гэсэнгүй. Гэсэн ч хотын залуус нэгэн үдшийг иймэрхүү янзтай л өнгөрөөж байна. Саяхан тэд архи, тамхинаас татгалзая гэж төв талбай дээр жагсч, Засгийн газарт шаардлага хүргүүлж байлаа. Гэтэл дээрхи баарны байнгын болоод ихэнх үйлчлүүлэгчид нь оюутан залуус. Хэрвээ үйлчлүүлэгч байхгүй бол энэ олон баар  нэг л өдөр дампуурлаа зарлах болно.  Үүр цайтал үйлчлүүлээд байгаа болохоор тэд үүдээ нэгээд таныг уриад байна. Урилгыг хүлээж авах үгүй нь таны ухамсарын асуудал залуус аа. Уусан хоёр хундага улаан дарсандаа халамцан, найз залуугийнхаа гараас сугадаад гэр рүүгээ алхах зуураа ийн бодлоо. Магадгүй энэ бодол дараагийн баасан гариг гэхэд мартагдаад ахиад доншуучлаад явж байхыг ч үгүйсгэхгүй. Гэртээ орох үест миний уусан хоёр хундага дарс шингээд алга болжээ. Үүрийн гэгээ хөшигний завсараар ёжтой гэгч нь цухуйна. Дуулаад дуулаад нэмэр алга. Харамсалтай нь үүрийн гэгээ нийслэлчүүдийн нэг хэсгийг сэрээж байхад, нөгөөг нь харих болсоныг анхааруулан тунхаглав.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж