Хотын төвийн хогийн ”сав” хэнийх вэ?

Хуучирсан мэдээ: 2011.05.11-нд нийтлэгдсэн

Хотын төвийн хогийн ”сав” хэнийх вэ?

Хотын төвд, дунд голын хажууд яажийж, жайжийсан ямбий хашаа байсаар миний мэдэхээр дөрвөн жилийн нүүрийг үзлээ. Орсгой, дорсгой шүдтэй хүн шиг онцгүй харагдахыг нь яана. Эхэндээ “Удахгүй нэг баяных нь том барилга сүндэрлэх нь дээ” гэж битүүхэн шаралхдаг байсан ч сүүлдээ өрөвддөг боллоо. Хөөрхий дөө, маньтай адил мөнгө муутай нэгэн аваад барилга барьж чадахгүй, буцаагаад хашаагаа буулгая гэхээр ганц олдсон боломжоо алдах гээд амь тавьдаг биз. Ийм бодол тээн өнгөрдөг болов. Хүүхэд залуучуудын соёлын төвийн баруун талд хатгасан энэ хашаа жил ирэх тусам улам л өнгөө алдаж, хажуугаар нь өнгөрөх тоолонд хог нь нэмэгдэж харагдах юм. Уг нь хашаан дотор манаачийнх нь бололтой нэг гэр бий. Өвөлдөө яндангаас нь утаа суунаглаж харагддаг юм. Амьд л байгаа даа, тэр манаач. Магадгүй манаач болохоос цэвэрлэгч биш гээд хүнийрхүү муухай монгол зан нь хөдлөөд хашаагаа цэвэрлэдэггүй байж болох. Магадгүй, дунд голыг цэвэрлэх аян өрнөхөөр хашаагаа цэвэрлүүлчихнэ гэж мэргэн санаа сэдэж суудаг ч юм бил үү, хэн мэдлээ.

Хамгийн гол нь энэ хашаа барьсан газарт ямар гоё цэцэрлэгт хүрээлэн байсан билээ дээ. Үүнийг санахаар Үндсэн хуулиндаа хүмүүнлэг ардчилсан, иргэний нийгэм байгуулна гэж Монгол улс андуураад биччихсэн юм биш биз дээ гэж бодогддог юм. “Бүгдийг мөнгө шийднэ” гээд шуудхан тунхаглачихвал төөрөлдөхгүй амар бус уу. “Төв Азийн хэт хуурай уур амьсгалтай оронд мод хорин жил  ургаж байж сая цэцэрлэг болно. Гэтэл ямар ч гоё байшинг хоёр жил л барина биз дээ”. Энэ үгийг MCS компани Шангри Ла барина гэж хотын хамгийн том цэцэрлэгийн модыг булгалж байхыг Дуурийн цонхоор харсан гадаадын мэргэжилтэн бүсгүй халаглан хэлж байсныг санаж байна. 

Сүүлийн хэдэн жил нийслэлийн Газрын албанаас “Хашаа” гэх арга хэмжээг явуулж эхэлсэн. Энэ ажлын хүрээнд хотын төвийн энэ “нүдний өргөс”-ийг сугалаад өгөх болов уу гэж боддог байлаа. Хоёр жил, ахиад нэг жил өнгөрлөө. Байж л байх юм, тэр хашаа. Харамсалтай нь хашаа нураагчид анзаарсангүй ээ. Холуур тойроод л буулгаад байдаг. Яагаад тэднийг ирээд нураана гэж бодсон юм бол, бүү мэд. Нураахгүй болохоор нь тэгэж бодлоо. Хотын төвөөс юу ч гэж хашаа хайх вэ дээ, тэд.

Гэтэл гадны хэрмэл жуулчид хотын төвөөр тэнүүчилж яваад олоод харчихсан, ертөнцийн долоон гайхамшгийн нэгнийх нь зургийг дарж буй аятай зогсч харагддаг боллоо. Хэрэгт дуртай тэд Хүүхэд залуучуудын ордны хажуугийн хуучирсан хашааны зургийг дараад Монголын нийслэл гэвэл муухай биш үү, хотын дарга аа. Хэрэв “Хашаа” арга хэмжээ дуусаагүй бол тэрийг  нураалгаад өгөөч…

Хот өдрөөс өдөрт өнгөжиж буй. Үгүй дээ, өнгөжихийг хичээж буй. Харамсалтай нь иймэрхүү байдлаас болоод хийсэн бүтээсэн үгүйсгэгдэх юм. Тэр газрыг авсан хүн хэн бэ гээд хэрэгт дурлаад байвал бүр олны танил эрхэм байх магадлалтай. Нийслэлийн төвд нэг хоёрхон байдаг асан цэцэрлэгт хүрээлэнг “нүд аниулаад” хогийн хашаа болгоход нэлээд их “нэр хүнд” орох нь дамжиггүй.  Нийслэл жижигхэн, нийслэлчүүд цөөхөн. Нэг л мэдэхэд бүгд мэдчихнэ дээ. Газрын эзэн гуай ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол “тус” болсон эрхмүүддээ “ус” болох нь байна шүү. Хотын дарга ч захын хашаануудыг буулгахынхаа хажуугаар  зав гаргаад үүний эзэнд хэлнэ биз. Урдах хойдох даргын гэж алаг үзэлгүй ширүүхэн сануулга өгөхөд таньд гомдохгүй ээ. Яагаад гэдгийг  ямар байсан цэцэрлэгт хүрээлэн ямар болсныг өөрөө очоод харвал ойлгоно та. Хоёр биенээ танихгүй гэх биш. Өрөөнөөсөө утасдаад хэлчихгүй юу даа.

Дашрамд хов зөөхөд, жирийн иргэд тэр хашааны хажуугаар өнгөрөхдөө юу гэж ярьдаг гээч. “Хотын дарга л худалдчихсан байлгүй” гэдэг юм. Худлаа гэвэл хүнээ явуулаад сонсуулаарай. Гэхдээ хотын даргыг худалдаагүй гэдэгт олон хүн итгэж байгаа. Газрын эзэн гэрчлэх ч биз. Одоо гэхдээ энэ хашааг буулгах цаг нь болсон. Гурван жилийн дотор ашиглаж эхлээгүй бол газрыг буцаан авдаг хуультай биз дээ.  Хотынхоо иргэдийг битгий алагчлаарай. Хүсэх зүйл ердөө л энэ. Хотын хөгжилд хуруугаа нэмэрлэж буй хотын даргадаа хандан хотынхоо үзэмжид хошуу нэмэрлэсэн Л.Халиу.

Холбоотой мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

Зургийн цомгийг ЭНД дарж үзнэ үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж