Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч уучлал гуйлаа

Хуучирсан мэдээ: 2014.04.29-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч уучлал гуйлаа

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Кын Хе үндэсний телевизээр мэдэгдэл хийж, далайд живсэн “Севол” хөлгийн осолд албан ёсоор уучлал гуйлаа. Пак Кын Хе мэдэгдэлдээ Өмнөд Солонгосын Засгийн газар ослоос урьдчилан сэргийлж чадалгүй, аврах ажиллагааг шуурхай явуулахад бүтэлгүйтсэнийг хүлээн зөвшөөрч, уучлал гуйжээ.

Чежү арлыг чиглэн явж байсан “Севол” гатлага онгоц энэ дөрөвдүгээр сарын 16-нд Жиндо арлын ойролцоо далайд осолдож живсэн юм. Ослоос 174 хүнийг авч чадсан боловч 187 хүний цогцосыг одоо болтол гаргаж чадаагүй байгаа аж. Хөлөг дээр нийт 476 хүн зорчиж явснаас 350 гаруй нь Ансан хотын Данвон ахлах сургуулийн 17-18 насны сурагчид байсан билээ. Ослын хэргээс үүдэн Өмнөд Солонгосын Ерөнхий сайд Чон Хон Вон хариуцлага хүлээн огцроод буй юм. Мөн “Севол” гатлага онгоцны ахмад И Жун-сук тэргүүтэй амь гарсан хөлгийн багийн бүх гишүүдийг баривчлан хориод буй билээ. Үүнээс гадна “Севол” хөлгийн эзэмшигч “Chonghaejin Marine Co., Ltd.” компанийн удирдлагуудыг мөрдөн шалгаж байгаа юм.

 

Б.АНХТУЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж