Гурван урлагийн зохицол “Ethnosphere”

Хуучирсан мэдээ: 2014.04.29-нд нийтлэгдсэн

Гурван урлагийн зохицол “Ethnosphere”

Үүдээр ороход зураач Б.Содномдаржаа “Хөх салхи” нэртэй уран бүтээлийн үзэсгэлэнгээ зочдод тайлбарлаж, цаашилбал үндсэн зааланд хөгжим эгшиглэн, зочдыг хөнгөн зууш, халуун дарсаар дайлж байлаа. “Ethnosphere” үндэсний соёл урлагийн нэгдсэн төслийн нээлт өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 28-нд МҮХАҮТ-д болсон нь энэ. “Ethnosphere” нь “Алтан ураг” хамтлагийн 10 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлэхээр болсон урлагийн томоохон төсөл юм.

“Ethnosphere”-ийг хамгийн энгийнээр тодорхойлбол гурван урлагийн нэгдэл. Хөгжим, уран зураг болоод хувцас дизайн. Хэдийгээр товлосон цагаасаа бүтэн цаг хагас хоцорч эхэлсэн ч зохион байгуулалтыг онцгой анхаарч, хүч хөдөлмөр шингээсэн нь илт харагдаж байлаа. Дуучин Маралжингоо, Наран нар урьд өмнө үзэгчдийн хүртээлд хүрээгүй шинэ бүтээлээр сонор мялааж, хөгжим, дуучид, бүжигчид, загвар өмсөгчид гээд бүхэлдээ тун өвөрмөц шийдэл агуулсан, өнгө будаг, хэв маягийн хувьд ердийн бус байлаа. Төслийн нээлт гэхээсээ илүү урлагийн гайхамшгийг мэдрүүлсэн таатай үдэшлэг гэж тодотгомоор тийм нэгэн үдэш байв.

“Ethnosphere”-ийн үеэр чадварлаг дизайнеруудын ур шингэсэн бүтээлийн “Монгол модель”-ийн моделиуд тайзнаа амьдруулсан. Дизайнеруудын хувьд Герман улсад ажилладаг Л.Болор, “Торго” салоны дизайнер О.Болд болон залуу дизайнер Б.Биндэръяа нарын бүтээл үзэгчдэд хүрсэн юм.

Зураач Б.Содномдаржаагийн хувьд үзэсгэлэнд 20 гаруй бүтээлээ дэлгэжээ. “Монголчуудын мөн чанар бусдаас юугаараа онцлог юм бэ гэдгийг харуулахыг хичээсэн, жаахан орчин үеийн хэллэгтэй” хэмээн тэрбээр бүтээлүүдээ тодотгосон юм.

Түүнчлэн “Ethnosphere”-ийн гол эзэд болох “Алтан ураг”-ийнхан “Ethnosphere” гэх шинэ цомгоо танилцуулсан. Үндэсний онцлогийг ethno, electro, dub-step, chillout, house, classic жанртай хослуулсан өвөрмөц бүтээлүүд уг цомогт багтжээ.

Э.ТЭМЛҮҮН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж