МАН эдийн засагчдын үгийг сонсов

Хуучирсан мэдээ: 2014.04.29-нд нийтлэгдсэн

МАН эдийн засагчдын үгийг сонсов

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт өрөөндөө үе үеийн Сангийн сайд, Эдийн засгийн байнгын хорооны дарга, Монголбанкны ерөнхийлөгч нарын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтанд Ерөнхий сайд асан Д.Содном, Сангийн сайд асан  Ц.Молом, Э.Бямбажав, Д.Даваасамбуу, УИХ-ын гишүүн асан Т.Очирхүү, Р.Буд, Д.Хаянхярваа, Ч.Хүрэлбаатар, Монголбанкны Ерөнхийлөгч асан А.Батсүх нар ирцгээсэн аж.


Эдийн засагчид өнөөгийн Монголын эдийн засгийн нөхцөл байдлын талаарх дүгнэлт, хүндрэлийг давах замын талаар санал бодлоо хэлцгээсэн аж.  Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Т.Очирхүү “Гадаад нөхцөл байдлын хувьд хоёр хөршөө түшиж байж эдийн засгийн хямралт байдлаас гарна. Дотоод талдаа эрх зүйн орчноо тогтвортой байлгаж чадаагүй нь алдаа боллоо. Ер нь эдийн засгийг өөрийнх нь дэг жаягаар явуулмаар байна. Зүгээр л популизм яваад байна. Уламжлалаа ч хүндэтгэх хэрэгтэй. Эдийн засгийн хүндрэлээс богино хугацааны хөтөлбөрөөр биш дунд хугацааны хөтөлбөрөөр гаргахаас өөр зам байхгүй нь. Төсвийн орлогыг 70 хүртэл хувиар тасалдуулна гэдэг нь юу гэсэн үг вэ. Одоо эдийн засгаа дагаад арилжааны банкуудад зээлийн төлөлтөнд хүндрэл гарах эрсдэлтэй. Үүнд нь анхаарал хандуулах хэрэгтэй. Мөн өрийн удирдлагын  хууль гаргахгүй бол хэн нэгний дур зоргийн асуудал боллоо” гэсэн байна.


Ийнхүү эдийн засагчдынхаа үгийг МАН-ын бүлгээс сонсч буй шалтгаан нь эдийн засгийн хүндрэлийн эсрэг бодлогод ашиглах бөгөөд УИХ-д орж ирээд буй Эдийн засгийг эрчимжүүлэх төсөлд МАН-аас өгөх саналд ч тусгах гэнэ.


Б.МАНДАХ


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж