Японы мэргэжлийн сумо бөхийн тавдугаар сарын башёгийн банзүкэг албан ёсоор зарлав. Өнгөрсөн сард анхны түрүүгээ авч ёкозуна цолд хүрсэн Какирюүгийн хувьд хару башё чухал гэдгийг мэргэжилтнүүд онцолжээ. Гурван ёкозуна, хоёр озэкитэй хару башё ирэх сарын 12-нд эхэлнэ. Дээд зиндаанд гурван аваргаас гадна манай долоон сумоч барилдах юм. Сумогийн алтан хараацай гэгдэх Гавьяат тамирчин Кёкүтэнхо Н.Цэвэгням маэгашира цолтнуудын баруун жигүүрийн гуравдугаарт эрэмбэтэй болсон бол Тамаваши зургаад, Тэрүнофүжи зүүний ес, Такаинова 12, Токитэнкү барууны 14, Кёкүшюхо зүүний 14, Араваши 16 дугаарт эрэмбэлэгдэв. Тэгвэл жюүрёо зиндааны бөхчүүдийг Азүмарюү тэргүүлж, Кагамио барууны хоёрдугаарт бичигдлээ. Үүнээс гадна Асасэкирюү, Шотэнрү, Ичиножо, Сэйро нар барилдана.
Ичиножогийн хувьд анх удаа жюүрёод дэвшин барилдаж байгаа нь энэ.
Т.МАША