Жолооч нарыг хариуцлагын даатгалд хамруулна

Хуучирсан мэдээ: 2011.05.10-нд нийтлэгдсэн

Жолооч нарыг хариуцлагын даатгалд хамруулна

Засгийн газраас ‘Авто тээврийн хэрэгслийн жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулийн төсөл санаачлан боловсруулсныг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өнөөдөр УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн барилаа.

Монгол Улсад сүүлийн жилүүдэд  авто тээврийн хэрэгслийн тоо хэмжээ 5-7 хувиар өсч байгаа аж. Тухайлбал, 1990 онд 43.6 мянган авто тээврийн хэрэгсэлтэй байсан бол өнөөдөр энэ тоо 7 дахин өсч, 296 мянгад хүрчээ. Авто тээврийн хэрэгслийн өсөлтийг дагаад жолооч нарын тоо ч өсч 772 мянгад хүрсэн байна. Иймээс өсөн нэмэгдэж байгаа нийгмийн хэрэгцээ, шаардлагыг зохицуулах үүднээс Засгийн газар уг хуулийн төслийг санаачлан боловсруулжээ.

Дэлхийн ихэнх оронд жолоочийн даатгалын хэлбэрээр дамжуулан төрийн зүгээс замын хөдөлгөөнд оролцож байгаа иргэдийнхээ хөндөгдсөн эрх ашгийг хамгаалах эрх зүйн зохицуулалтыг бий болгодог юм байна. Иймээс манай улсад даатгалын тогтолцоог шийдвэрлэх шаардлага нэгэнтээ бий болсон аж. 2010 оны байдлаар жолоочийн даатгалд нийт жолооч нарын дөнгөж 10 орчим хувь нь даатгуулсан бол автотээврийн хэрэгслийн даатгалд нийт тээврийн хэрэгслийн 20 орчим хувь нь даатгагджээ.

Жолоочийн даатгалын төрөл сайн дурын даатгалд хамрагддаг, даатгалын гэрээний нөхцөл, хураамжийг даатгагч, даатгуулагч харилцан тохиролцдог тул даатгалын хураамжийн хэмжээ нь тээврийн хэрэгсэл жолоодох ангиллаас хэрхэн хамаарч байгаа нь тодорхой бус байгааг энэ хуулиар зохицуулах юм байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж