УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр үдээс хойш хуралдаж, Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах асуудлаар болон Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэрэгжиж эхлэх хугацааны хувьд нэгдсэн нэг байр суурьт хүрчээ. Бүлгийн хуралдаан өчигдөр 23.00 цаг хүртэл үргэлжилж, Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах шаардлагагүй гэдэгт гишүүд санал нэгдсэнээс гадна “Давхар дээл тайлах” хуулийн төслийн хэрэгжиж эхлэх хугацааг 2016 оны долдугаар сарын 1 байх нь зүйтэй гэж үзжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцэх явцад хуулийн хэрэгжиж эхлэх хугацаан дээр намын бүлгүүд зарчмын зөрүүтэй санал гаргаж, улмаар Ардчилсан намаас Х.Баттулга, М.Зоригт, Р.Бурмаа, Ж.Батзандан нарын дөрвөн гишүүн эсрэг кноп дарснаар намаас хөөх зэрэг асуудал үүсээд байсан билээ. Тэгвэл өчигдөр хуралдсан бүлгийн хуралдаанаас дээрх дөрвөн гишүүнтэй ойлголцож ажиллахыг Ерөнхий сайдад даалгасан гэх мэдээлэл байна.
Т.МАША