Зүүн хязгаарт ажил хөдөлмөр буцалж байна

Хуучирсан мэдээ: 2011.05.10-нд нийтлэгдсэн

Зүүн хязгаарт ажил хөдөлмөр буцалж байна

Эх орны зүүн хязгаар, Дорнод аймагт хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалан гээд бүх салбарт ажил хөдөлмөр ид буцалж байна. Тулгарч байгаа асуудлаа хамтын хүчээр шийдвэрлэнэ. Иргэд ажилтай, орлоготой болж орон нутагтаа сайхан амьдрах нөхцөл, боломжийг бүрдүүлэхийн төлөө хамтран зүтгэе гэж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хэлэв. Тэрээр 2011 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Дорнод аймгийн Халх гол суманд хүрэлцэн очиж иргэд, хөдөлмөрчидтэй уулзсан байна.  Аугаа их Эх орны дайны ялалтын 66 жилийн ойн баярын өмнөх өдөр ирсэн Ерөнхий сайдад орон нутгийн удирдлага, иргэд талархал илэрхийлж, амжилт бүтээлээ тайлагнахын сацуу хүндрэл бэрхшээлээ ч дуулгалаа.

Хамтарсан Засгийн газар атаршсан хэдэн мянган га газрыг дахин ашиглахаар шийдвэрлэн, шат дараатай арга хэмжээ авч эхэлсэн нь газар тариалангийн салбарт арвин их туршлагатай Халхголчуудын талархлыг хүлээж, анхаарлыг нь хамгийн их татсан сэдэв болжээ. Энэ ч үүднээс тус суманд “Нар тоссон хөгжил” сэдэвт өдөрлөг болж, Халх голын бүс нутагт эрчимжсэн газар тариалан, мал аж ахуй хослон хөгжүүлэх “Халх гол” төслийг иргэд, газар тариалан эрхлэгчдэд танилцуулсан байна. 

“Халх гол” төслийн хүрээнд 2012 он гэхэд 30 мянга га талбайг эдийн засгийн эргэлтэд оруулж 370-400 ажлын байр шинээр бий болгоно. Мөн үрийн тариалан, бусад таримлын тариалалтад шилжиж, ажилтнуудыг давтан сургаж мэргэшүүлэхийг зорьж байна.  Дараагийн шатанд 170 мянга га газрыг ашиглан, байгаль орчинд нөлөөлөх техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулна. Түүнчлэн дагалдах бизнес болон жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлнэ гэж Засгийн газар тооцоолж байгаа юм. 

Атрын III аяныг үр дүнд хүргэхэд чухал түлхэц болсон бодлогын томоохон арга хэмжээ авч, тариалалт хийхэд Засгийн газраас тодорхой хөнгөлөлт, дэмжлэг үзүүлэх, илүү хураан авсан будаанд урамшуулал олгохыг цөөнгүй хүн Ерөнхий  сайдаас хүсч байлаа. Мөн Халх гол суманд салхины хүч ихтэй учир хөрсийг салхины эвдрэлээс хамгаалах, үүл буудаж бороо оруулдаг цогцолбор төхөөрөмжөөр хангах нь чухал гэдгийг ч сануулж байв. Үүний зэрэгцээ нутгийн иргэд үүрэн телефоны сүлжээнд холбогдох, газрын тосыг урагш нь гаргаж байгаа замыг хатуу хучилттай болгох зэрэг тулгамдсан асуудал ч цөөнгүй байгааг хэлж байлаа.    

Иргэдийн үгийг сонссоны дараа Засгийн газрын тэргүүн хэлэхдээ төр, засаг, орон нутгийн удирдлага, иргэд хөгжлийн төлөө гэсэн нэгдмэл байр суурьтай байгааг онцлон тэмдэглэв. Атаршсан газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах, сумыг өндөр хүчдэлийн цахилгаан шугам сүлжээнд холбох, Чойбалсан-Халх голын хооронд 340 км хатуу хучилттай зам тавьж, төмөр замын сүлжээнд холбох боломжийг судлах зэргийг Засгийн газар “Халх гол” төслийн хүрээнд шат дараатай шийдвэрлэхээр зорьж байгаад Халхголчууд талархаж байна. 

Зөвхөн газар тариалан, мал аж ахуй гэлтгүй Буйр нуур, Халх голоос эхлээд  байгалийн үзэсгэлэнт газар нутагтай, түүхийн хөшөө дурсгал олонтой гээд давуу  боломжоо ашиглан аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Засгийн газар тодорхой дэмжлэг үзүүлнэ гэдгээ Ерөнхий сайд С.Батболд нутгийн иргэдэд амлав. Атаршсан талбайг эдийн засгийн эргэлтэд оруулах нэрээр солонгосуудад газраа хэдэн зуун га-гаар нь худалдах гэж байна гэсэн яриа иргэдийн дунд байгааг Монгол Улсын Ерөнхий сайд албан ёсоор няцаалаа. Хий хоосон цуурхал, ам дамжсан ярианд авталгүй, бодит мэдээллийг албан ёсны эх сурвалжаас нь авч, ажил, амьдралаа зохицуулж байх нь хаа хаанаа чухал гэдгийг ч сануулсан байна.
Засгийн газраас дэвшүүлэн тавьсан зорилтыг иргэд дэмжиж, хамтран ажиллаж ахуй амьдралаа өөд нь татъя. Та бүхний ирээдүй таны гарт байгаа гэдгийг Ерөнхий сайд хэлсэн үгийнхээ төгсгөлд Халхголчуудад захилаа.

Мөн өдөр гүйцэтгэх засаглалын тэргүүн Халх гол суманд байгуулж байгаа фермерийн загвар аж ахуйтай танилцсан байна. “Халх гол” төслийн эхний шатанд БНСУ-ын буцалтгүй тусламжаар 2011-2012 онд энд нийт 4,6 тэрбум төгрөгийн хөрөнгөөр усалгааны систем байгуулж, мах, сүүний чиглэлийн үхрийн, гахайн загвар аж ахуй байгуулж манайд хүлээлгэн өгөх юм.    Солонгосууд энэ жил усалгааны систем байгуулж ирэх жил тариалалтаа хийхээр төлөвлөснөө Ерөнхий сайдад танилцууллаа. Газар тариалангийн салбарт өрсөлдөх чадвартай, өндөр технологитой аж ахуй байгуулж, орон нутгийн хөгжил, иргэдийн ахуй амьдралд ач тусаа өгөх чухал ач холбогдолтой төслийг БНСУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж байгаад Ерөнхий сайд тус улсаас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад талархал илэрхийлсэн байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

ГАЗРЫН ТОСНЫ САЛБАРТ АНХААРАХ ЗҮЙЛ БАГАГҮЙ БАЙН
А

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд зүүн аймгуудад албан томилолтоор ажиллах үеэрээ Дорнод аймгийн Матад сумын нутагт байрлах “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн ажилтай танилцав. Ерөнхий сайд Дорнод аймгийн иргэд, хөдөлмөрчидтэй уулзах үед энэ компанийн ажилтай холбоотой багагүй зүйл хөндөгдөж, хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд ч цөөнгүй удаа шүүмжлэлтэй хандаж байлаа. Ялангуяа газрын тосны нөөц ашигласны төлбөр, байгаль орчны нөхөн сэргээлт, газрын тос тээвэрлэдэг зам, эрчим хүчний талаар онцгойлон яригдаж байсан юм.  БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Петро Чайна Дачин Тамсаг” компани 2005 оноос өнөөг хүртэл 1,1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулж, хайгуулын ажлаа эрчимжүүлж, газрын тосны нөөцийг тогтоон манай улсад хүлээлгэн өгсөн. Өнгөрсөн хугацаанд 4,6 сая баррель түүхий тос олборлохоор төлөвлөсөн тухай компанийн ерөнхийлөгч Гао Вэнбо танилцуулгадаа дурдлаа. Танилцуулганы дараа Ерөнхий сайдыг дагалдан явсан УИХ-ын гишүүд, холбогдох яам, агентлагийн удирдлагууд гэрээнд заасан хатуу хучилттай зам тавих, эрчим хүчээр холбох, байгаль орчин, нөхөн сэргээлтийн ажлын хэрэгжилт ямар байгаа талаар тодруулав.  

Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл зарим хэсгийн нөөцийг батлаж өгөөгүйгээс бүтээн байгуулалтын ажлууд удааширч байгаа. Нөөц батлагдсаны дараа хөрөнгө оруулалт шийдвэрлэгдэж, ажил үргэлжлэх боломжтой гэсэн тайлбарыг “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн удирдлагууд хэлж байлаа. Дараа нь Ерөнхий сайд С.Батболд хэлсэн үгэндээ эрэл, хайгуулын ажлын хэмжээг нэмэгдүүлж, олборлолтыг өсгөх, газрын тосоо эх орондоо боловсруулж, шатахууны хэрэгцээгээ найдвартай хангахад төр, засаг онцгой ач холбогдол өгч байна. Энэ дагуу хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хариуцлагатай, нээлттэй, өрсөлдөх чадвартай орчин бий болгоход анхаарч байна гэлээ.   Хайгуулын ажил эрчимжиж, олборлолт эхэлсэнтэй холбогдуулан энэ салбарт  төрөөс баримтлах бодлого, чиглэл, “Газрын тосны тухай хууль”-ийг шинэчлэх найруулах зайлшгүй шаардлагатай учир Эрдэс баялаг, эрчим хүчний яамнаас Засгийн газар, Улсын Их Хуралд баримт бичгүүдийг өргөн барихад бэлэн болгоод байгаа юм байна.   Олсон ололт, амжилт байгаа ч цаашид анхаарах зүйл цөөнгүй байгааг “Петро Чайна Дачин Тамсаг” компаний удирдлага болон манай улсын холбогдох байгууллагуудад Ерөнхий сайд анхааруулав. Тухайлбал газрын тосны нөөц ашигласны төлбөрийн хэмжээг Бүтээгдэхүүн хуваах гэрээнд нэмж тусгахыг хамгийн түрүүнд хэллээ.

Компанийхан тостой холилдсон усаа ухсан нүхэнд хийдэг ч сайн саармагжуулдаггүй тухай зүүн гурван аймагт ажиллах үеэр нутгийн иргэд хэлж байсныг дуулгаад, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтээ стандартын дагуу хийх, газрын тос цуглуулах, цэвэршүүлэх, хадгалах зориулалттай Олборлолтын ил байгууламжийг энэ онд багтаан барих нь чухал. Шингэн хог хаягдлыг стандартын дагуу саармагжуулж, нөхөн сэргээлтээ чанартай хийхэд компаниас гадна холбогдох байгууллагууд, орон нутаг онцгой анхаарахыг хатуу сануулав. Баянхошууны боомтын чиглэлд хатуу хучилттай зам, эрчим хүчний 188 км шугамыг богино хугацаанд үе шаттайгаар барих нь чухал, ийм шаардлагыг ижил төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа дотоодын бусад аж ахуйн нэгжид ч мөн адил тавьж байгааг хэлэв. Нөөцийн саваа хилийн боомтод барих, хатуу хучилттай зам тавих тухай ярьсаар цөөнгүй жил болсон ч байдал өнөөг хүртэл хэвээр байгаад Ерөнхий  сайд шүүмжлэлтэй хандлаа.  Хүнд даацын машинаар өдөр бүр Тавантолгойгоос хил рүү нүүрс тээвэрлэн байгаль орчныг бохирдуулж, хөрс эвдэж байсныг түр хугацаагаар зогсоосонтой адил арга хэмжээ авахад ч болохгүй гэх газаргүйг Ерөнхий  сайд “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн удирдлагад анхааруулаад авлаа.    Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах нь Засгийн газрын өмнөө тавьсан том зорилтын нэг гэдгийг Ерөнхий сайд онцлон тэмдэглэлээ. Хэдийгээр Тамсагийн сав газарт нөөц эцэслэн батлагдаагүй ч зүүн болон төвийн бүсэд бага, дунд оврын үйлдвэр байгуулах, үүнд хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэх, үйлдвэрт түүхий эдээ өгөх учиртай гэж тэрээр “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн удирдлагад хэллээ. 

Ерөнхий сайдын бас нэг хөндсөн сэдэв бол гадны хөрөнгө оруулалттай зарим аж ахуйн нэгжид ажиллаж байгаа гадаад, монгол ажилчдын цалингийн зөрүүний тухай байлаа. Ижил төрлийн ажил хийж байгаа бол цалингийн хэмжээ гадаад, дотоод гэж ялгалгүй ойр байх ёстой. Цаашид монгол иргэдийг газрын тосны хайгуул, олборлолтын чиглэлээр бэлтгэж, мэргэшүүлэх, улмаар ажлын байраар хангах нь чухал байна гэдгийг Ерөнхий сайд сануулав. 

“Петро Чайна Дачин Тамсаг” компани төрийн болон төрийн бус байгууллага, эмнэлэг, сургууль, аймаг, сум, дүүрэг, баг, хороо, малчдад болон уламжлалт баяр ёслолын үеэр 2 сая орчим ам.долларын хандив, тусламж үзүүлсэн тухай өмнө нь танилцуулсан юм.  Хандив, тусламжийг шаардлага, боломж гарсан үедээ л өгч авалцаад байх бус, харин урт хугацаанд хамтран ажиллах нээлттэй, ил тод гэрээ байгуулж ажиллавал орон нутгийн хөгжил, иргэдийн ахуй амьдралд илүү өгөөжтэй гэж  Ерөнхий сайд үзэж байна.  Тулгамдсан асуудал байгаа бол холбогдох байгууллагын хүмүүстэй нухацтай ярилцаж, саналаа нэгтгэн Засгийн газарт танилцуулж байхыг зөвлөөд ярьж байгаа зүйл байрандаа байгаад байх бус, урагшаа явсан, бодитой ажил байх ёстой. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд үлгэр жишээ болох учиртай энэ төслийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд хаа хаанаа анхаарах ёстой гэдгийг Ерөнхий сайд хэлсэн үгийнхээ төгсгөлд тэмдэглэв.  

Газрын тосны гэрээт талбай нь тусгай зөвшөөрөлтэй байх ёстой учир газар ашиглалтын төлбөр, нөхөн сэргээлтийн асуудлыг тусгасан журам өнөө хүртэл байхгүй байгаад салбарын яам анхаарахыг Ерөнхий сайд анхааруулж төсөл боловсруулан Засгийн газарт танилцуулахыг үүрэг болгосон. Энэ дагуу 2011 оны 5 дугаар сарын 9-ний өдөр Байгаль орчин, аялал жуулчлал, Эрдэс балаг, эрчим хүч, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам, мэргэжлийн хяналт гээд холбогдох байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг газар дээр нь хуралдан асуудлаа хэлэлцсэн юм.

Манай холбогдох байгууллагуудын ажлын уялдаа холбоо тааруу байдаг учир цаашид шаардлагаа нэгтгэн тавьж байвал гадны хөрөнгө оруулагч аж ахуйн нэгж, манайхны ажилд  тус нэмэртэй тухай уулзалтын үеэр яригдлаа.  Газрын тосны салбарын үйл ажиллагаатай холбоотой асуудал Засгийн газрын хуралдаанаар ойрын үед хэлэлцэгдэх болж байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж