Хуучирсан мэдээ: 2014.04.29-нд нийтлэгдсэн

Түрээсээр хөлжигсөд

-Түрээслэгч, түрээслүүлэгчийн тэгш эрхийг хангасан хууль батлахын тулд Түрээсийн тухай хуулийг татварын болон бусад хуультай уялдуулах шаардлага бий болжээ-


Төрд ямар ч татвар төлдөггүй, сардаа хэдэн арван саяын цэвэр ашиг олдог хүмүүс  Монголд олон. Тэднийг түрээслүүлэгчид гэнэ. Лангууны, хашааны, орон сууцны, оффисийн гэх зэргээр төрөл бүрийн түрээслэгчид төрд сохор зоос ч төлдөггүй хэрнээ үл хөдлөх хөрөнгийн зах зээл дэх үнэ ханшийг тэд л тодорхойлсоор олон жил өнгөрчээ. Яг үнэндээ Монголд хамгийн их хожиж байгаа хүмүүс түрээслүүлэгчид бөгөөд түрээслэгчийн эрх ашгийг тэд дуртай үедээ яаж ч зөрчсөн ямар нэгэн хариуцлагагүй үлддэг. Зөвхөн өөрийн талд ашигтай үйлчилгээний гэрээ байгуулж, “гэрээнд заасан” гэх үгээр түрээслэгчийнхээ амыг хамхидаг, түрээслэгчид ч тэдний өдөөс ширүүн ч харах эрхгүй болсон байна аа, өнөөдөр.

Сүүлийн жилүүдэд барилгын салбарт томоос том үнийн хөөс үүссэн, энэ бүхэн чоно борооноор гэгчээр нийгэмд бий болсон эрэлтийг дөрөөлж хөнгөхөн аргаар хөлжиж байгаа түрээслэгчдээс болж буй нь худлаа биш.Гэвч үл хөдлөх хөрөнгийн зах зээлд үнийн хөөрөгдөл үүсгэн, тэндээс асар их ашиг унагаад сууж байгаа тэдэнтэй хариуцлага тооцох, татвар авах ямар ч хууль эрх зүйн орчин бүрдээгүй хэвээр байна.  Нэг талаар  тэд олон хүнд буян болж буй мэт боловч нөгөө талаар бусдын байхгүйн зовлонг ашиглан, хангалттай их мөнгө угааж сурчээ. Тэдний энэхүү түрээсийн гэх бизнесээс болж барилгын салбар дахь үнийн хөөс эдийн засагт багагүй дараа болж буйг хэлэхгүй өнгөрч боломгүй.

 

Жижиг түрээслүүлэгчээс их гарын бизнесмен хүртэл

Өвөрхангай аймгаас Улаанбаатарт ирсэн залуу хос Чингэлтэй дүүрэг дэх айлын хашааг сарын 20 мянгаар хөлсөлж байгаагаа ярилаа.Цахилгааны мөнгө энд ороогүй гэдгийг эхнэр нь онцлов.Тахилтад газар авсан боловч цэцэрлэг, сургуулиас хол тул нутгийн танилынхаа хашааг хөлсөлж амьдарч байгаа, энэ нь ямар байсан ч хол явж байснаас амар, зардал мөнгөний хувьд хэмнэлттэй гэнэ.Гэхдээ сардаа хүнд зүгээр өгч байгаа мөнгөөрөө ядаж гэртээ гайгүй зурагт авсан бол гэж халаглах гэрийн эзэн “Хэзээ аятайхан байшинтай болох юм, бүү мэд” хэмээн санаа алдав.Нутгийн танилынх нь хашаанд тэднийхээс гадна хоёр ч айлыг хөлсөөр сууж байгаа гэвэл сардаа 60 мянган төгрөгийн сул орлоготой.Хэрэвзээ эздийн дургүйг хүргэвэл өгсөн урьдчилгаа мөнгөө авахгүйгээр хэзээ ч хамаагүй хөөгдөх аюултай гэдгээ тэд сайн мэддэг бололтой.Хүүхдүүд нь хоорондоо муудалцах, зодолдох үед хичнээн өөрийн хүүхдийн зөв байсан ч түрээслүүлэгчийн хүүхдийг буруутгаж чаддаггүй гэдгээ залуу хосууд учирлав.

“Зар мэдээ” сонинд гарсан “Хашаа хөлсөлнө” гэсэн зарын дагуу залгаж асуувал гэртээ хүн өнждөг айлд хашаагаа хямдхан хөлслүүлэх гэнэ.Худаг, цэцэрлэг, сургууль, автобусны буудалд ойрхон учраас сарын 25 мянган төгрөг гэдгийг зар тавигч хэлж байна.Харин  байшингийн түрээсийн үнэ 100-350 мянга. Байшингийн хэмжээ, тав тух, орчин нөхцөлөө харгалзаад үнэ тогтоодог бөгөөд ихэнхдээ зургаан сараар урьдчилгаа авдаг аж. Сүүлийн үед орон сууцны түрээсийн үнэ дийлдэхээ больсон учраас  гэр хороололд гэр, байшинхөлслөх явдал нэлээд ихэссэн талаар Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хорооны иргэн А ярилаа.

…Нэгдүгээр хорооллын “Хархорин” захын хойно байрлах, 20 дугаар байранд байр түрээслүүлнэ гэсэн зарын дагуу  утас цохивол, хижээл насны эмэгтэй нэг өрөө байраа сарын 500 мянгаар хөлсүүлэхээ хэлж байна.  Сонин, сайтад гарсан орон сууц түрээслүүлнэ гэсэн зараас харахад нэг өрөө байр байршлаасаа хамаараад 350-550 мянган төгрөг байгаа аж.Харин хоёр өрөө байр 600-700 мянга.Тавилгатай байраа гадаадын хүнд хөлслүүлэх бол сарын төлбөр нь сая давчихдаг аж.Мөн л гурав юм уу, зургаан сарын урьдчилгааг нь эхлээд авах шаардлагыг түрээслүүлэгчдийн зүгээс тавьдаг байна.

“Алтжин бөмбөгөр”-ийн нэг лангууны түрээс сарын сая төгрөг гэнэ.Тэгвэл  хуучин “Бөмбөгөр”-ийн баруун талын худалдааны төвд лангуугаа 300-500 мянган төгрөгийн үнэтэй түрээслүүлдэг байна.  Лангууны онцлог, дээд доод  давхарт, шатны ойр, хол зэргээс лангуу бүрийн түрээсийн үнэ өөр, өөр. “Сандай плаза”-д сарын 500 мянган төгрөгөөр лангуу түрээслэнэ гэсэн зар байна лээ.

III, IV хорооллын “Өргөө” кино театрын ойролцоо үсчний газар суудал түрээслүүлэхээр зар тавьжээ. Холбогдох утас руу нь залгавал “Өдрийн 20 мянган төгрөг “ гэнэ.

Нэг хүн арав, хорин  лангуу, байр, хашаа, оффис худалдаж аваад түрээслэх замаар үнэ хөөсрүүлж, ашиг унагаж байгаа тухай багагүй шүүмжлэл гардаг. Харамсалтай нь, өнөөг хүртэл үл хөдлөх хөрөнгийн зах зээлд дураараа авирлаж байгаа түрээслүүлэгчдийн хандыг дарах хууль дүрэм байхгүй байна.Зарим нь “Тавьсан шаардлага биелүүлэхгүй бол лангуугаа өгөөд зайлаарай” гэж дарамталдаг талаар түрээслүүлэгчид гомдоллодог.Ялангуяа зах, дэлгүүрийн түрээслэгчид иймэрхүү зовлон эдэлдэг бол хашаа, гэр, орон сууцны түрээслэгчид ах, дүү хамаатан саднаа ч гэртээ авчрах эрхгүй байдгаа ярьж байна.Хэрэвзээ эзэн мэдвэл хиртэй хувцсаа цүнхэндээ чихээд хөөгдөхөөс өөр аргагүй болдог гэнэ.

Түрээслэгчид дугуй, машин, үсчний суудал, зоогийн газар, буудал, дэлгүүр оффис, жорлон гээд юу л бол юу түрээслүүлж байна.Хэн нэгнийг орох орон, ажлын байраар хангаж байгаа түрээслүүлэгчдийг буруутгах аргагүй ч бизнесийн нэг салбар болон хөгжиж байгаагийн хувьд түрээслүүлэгчдээс татвар авах цаг болжээ.Түрээслүүлэгчийн үнэ тогтоох арга чухамдаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлж байгааг үгүйсгэх аргагүй юм.Лангууны хувьд түрээслүүлэгч нь үнийг өсгөдөг, дагаад түрээслэгч нь үнээ нэмдэг, эцсийн хэрэглэгчид үнийн өсөлтийн золиос болсоор байна.Энэ тэгээд нөгөө шударга өрсөлдөөн мөн үү.Татвар авснаар эдийн засагт томоохон хөрөнгө оруулалт болохоос гадна гудсанд нуугдсан их мөнгийн ил гаргах боломж бүрдэх юм.Түрээслүүлэгчдийн халаасанд хэдэн зуун сая хөрөнгө татвараас нуугдаж байгааг хэлэх юун.Нөгөө талаар түрээслэгчийн эрх Монголд асар их зөрчигдөж байна.Тодруулбал, түрээслэгч, түрээслүүлэгч хоёрын хооронд ямар нэг эрх тэгш харилцаа байдаггүй.Хэн нэгний тулгалтаар гэрээг хийдэг, өөрийнхөө эрх ашгийг оруулъя гээд хэлэхээр түрээслүүлэгчийн зүгээс “Энэ гэрээг хүлээж авахгүй бол боль.Дараагийн хүн нь бэлэн байгаа” гэдэг дарамт шахалтыг үзүүлж байгаа талаар УИХ-ын гишүүн Г.Уянга нэгэнтээ ярьж байсан билээ.Зөвхөн түрээслүүлэгчийн үг хууль гэдэг бичигдээгүй тогтолцоог халж, олон мянган түрээслэгчийн эрх ашгийг хамгаалья гэвэл нэгдсэн том хуультай болох нь зөв.  Хэдийгээр Г.Уянга гишүүний зүгээс түрээслэгчдийн эрх ашгийг хамгаалах хуулийг санаачилж байгаа ч энэ нь  зөвхөн лангууны түрээслэгчдэд хамааралтай байна гэсэн шүүмжлэлийг эдийн засагчид гаргаж байгаа.  Лангуунаас илүү оффисийн, орон байрны түрээслэгч, түрээслүүлэгчийн тэгш эрхийг хангасан хууль батлахын тулд Түрээсийн тухай хуулийг татварын болон бусад хуультай уялдуулах шаардлага бий.Ийм хуулиуд гадаадын орнуудад үйлчилдэг учраас түрээслүүлэгчид улсад тодорхой хэмжээний татвараа төлөөд явдаг.Харин Монголд үл хөдлөх хөрөнгийн түрээслэгчид улсад сохор зоосны ч татварт өгдөггүй.

Түрээслүүлэгчид өнөөдрийг хүртэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх, түүнийгээ зарах, борлуулах, өрсөлдөх, мэргэжлийн хяналтынхны болоод  татварынхны дарамт шахалтыг амсахгүйгээр бие амар, гар хөнгөхөн аргаар бэлжсээр ирлээ. Тэдний дураараа авирлалт, түрэмгийллийг зогсоож, үл хөдлөх хөрөнгийн зах зээлд эрүүл үнэ, эрүүл өрсөлдөөн бий болгоё гэвэл түрээслүүлэгчдээс татвар авах нь зүйн хэрэг билээ.


Г.Уянга: Түрээс бол хөдөлмөр биш

Түрээслэгчид дугуй, машин, үсчний суудал, зоогийн газар, буудал, дэлгүүр оффис, жорлон гээд юу л бол юу түрээслүүлж байна.Хэн нэгнийг орох орон, ажлын байраар хангаж байгаа түрээслүүлэгчдийг буруутгах аргагүй ч бизнесийн нэг салбар болон хөгжиж байгаагийн хувьд түрээслүүлэгчдээс татвар авах цаг болжээ.Түрээслүүлэгчийн үнэ тогтоох арга чухамдаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлж байгааг үгүйсгэх аргагүй юм.Лангууны хувьд түрээслүүлэгч нь үнийг өсгөдөг, дагаад түрээслэгч нь үнээ нэмдэг, эцсийн хэрэглэгчид үнийн өсөлтийн золиос болсоор байна. Энэ тэгээд нөгөө шударга өрсөлдөөн мөн үү.

УИХ-ын гишүүн Г.Уянга өнгөрсөн оны наймдугаар сард Түрээсийн тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж байгаагаа мэдэгдсэн.Гэхдээ Түрээсийн тухай хуулийн төсөл одоо хэр нь УИХ-д өргөн мэдүүлэгдээгүй.Энэ нь томоохон судалгаа хийж байгаатай холбоотой аж.

Хуулийн төслийг санаачлан боловсруулж байгаа УИХ-ын гишүүн Г.Уянга энэ тухай “Аль ч оронд түрээсийг зохицуулсан хууль байдаг.Гэхдээ энэ хууль дангаараа батлагдан гарахгүй. Газрын тухай  болон бусад хуультай уялдах ёстой. Бидэнд одоогоор суурь судалгаа алга.Өөрөөр хэлбэл, хэчнээн түрээслэгч байдаг, хэдэн төрлийн түрээс буй талаар мэдээлэл байхгүй.Түрээс эдийн засагт хэрхэн нөлөөлж байгаа талаархи бодит судалгаа ч алга.Үнэ бүрдэлтийн тухай хууль ихэнхи улс оронд байдаг юм байна.Аливаа бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнд түрээсийн үнэ хэрхэн нөлөөлснийг тайлбарлах хууль эрхзүйн орчин байх жишээтэй.Гэтэл манайд ийм тогтолцоо байдаггүй.Түрээс олон төрөлтэй.Үл хөдлөх хөрөнгө болон тухайн иргэн орон сууцаа түрээслүүлж байгаа хоёрт ялгаа байх юм.Түрээслүүлэгч тогтоосон үнээ хуулийн дагуу тайбарладаг байх ёстой.Үнэ огцом өсдөггүй байх нь чухал.Түрээс бол хөдөлмөр биш.Тиймээс бусдын хөдөлмөрийг мөлжиж байгаагаас өөрцгүй зүйл.Татварыг нь өндөр болгох ёстой.Энэ талаар Ерөнхий сайдтай уулзаж ярилцан, ажлын хэсэг байгуулсан.Түрээсийн тухай хуулийн төслийг боловсруулж эхэлсэнтэй холбоотойгоор түрээсийн үнэ нэмэгдэх хандлагатай байна.Засгийн газраас энэ асуудалд яаралтай анхаарч, тогтоол гаргах талаар Ерөнхий сайдаас хүссэн.Тухайлбал, Түрээсийн үнийн нэмэгдэл нь тухайн жилд Монголбанкнаас зарласан инфляцын өсөлтөөс давахгүй байх учиртай.Энэ талаар Засгийн газраас ямар байдлаар тогтоол гаргах бололцоотой байна вэ гэдгийг судална” гэжээ.


Ж.НЯМСҮРЭН

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №059

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж