Х.ТЭМҮҮЖИНГИЙН СУУДАЛ “ГАНХАХАД” Н.АЛТАНХУЯГИЙН ТАНХИМД “ГАЗАР ХӨДӨЛНӨ”
Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн суудал өнгөрсөн өдрүүдэд нэлээд хүчтэй ганхлаа. Н.Алтанхуягийн танхимын 19 сайдын нэгийнх нь суудал хавиар мэдрэгдсэн энэ “чичиргээ” шинэчлэлийн Засгийн газарт “газар хөдөлгөх” хэмжээний өндөр баллтай байсан нь асуудлын гол юм. Хууль зүйн сайдыг огцруулах тухай тогтоолын төслийг УИХ-ын гишүүн О.Баасанх үү хаврын чуулган нээсэн өдөр өргөн барихад улс төрд өнөөдрийнх шиг дуулиан үүснэ гэж жирийн иргэд мэдээгүй байлаа. Шинэчлэлийн Засгийн газар ажиллаж буй хугацаанд огцруулах тогтоол хүлээж авсан дөрөв дэх сайд нь тэр болсон. Олонх өмнө нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нарыг хамгаалаад үлдсэн учраас О.Баасанхүүгийн санаархал ч ийм төгсгөлтэй байна гэсэн төсөөлөл л олон нийтэд байсан. Тэгвэл энэ удаа сценарийг арай өөрөөр, илүү далайцтай хүрээ хамрахаар бичиж, төлөвлөсөн байжээ. Хууль зүйн байнгын хороогоор Х.Тэмүүжинг огцруулах эсэх тогтоолын төслийг гэнэт оруулан хэлэлцэж, дэмжсэн нь үүний баталгаа. Хаалттай болсон хуралдааны дараа нээлттэй олон адал явдал өрнөв.
АН-ЫНХАН Р.БУРМААГ БИШ, Х.БАТТУЛГЫГ “ХӨӨХ” БАЙСАН ЮМ БИШ ҮҮ
“Сумаа харавчихаад, нумаа нуудаг хүмүүс ч… Сум нь ч яах вэ, Баасанх үүд байна. Нум нь харин хэнд байгаа л их сонин байна” хэмээн Х.Тэмүүжин сайд өөрийг нь огцруулах тогтоол өргөн барьсны дараа Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгад хандан бичиж байсан билээ. Тэгвэл дээрх Байнгын хорооны хуралдааны дараа тэрбээр “Нэг сумыг таван нумаар харвадаг л юм байна…” гэсэн үгээ УИХ-ын дарга З.Энхболд, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга нарт зориулав. Жиргээний нэг, хоёрдугаар “ангид” нэр нь дурдагдсан сайд Х.Баттулга “нууц ноёнтон” гэдгийг Хууль зүйн сайд өөрөө илчилсэн хэрэг. Тэр бол АН-ын хүчтэй, бас эсэргүү фракц болох МоАХ-ын тэргүүн. Засгийн газрыг, эсвэл хэн нэг сайдыг нь огцруулах тухай яриа тэр хавиас гарч, дараагийн ээлжийнхэнд түүний нэр үргэлж Ерөнхий сайдад дэвшиж байдаг болсон. Ерөнхийлөгчийн санаачилсан Засгийн газрын тухай хуулийн төслийг түүний бодсончлон 2016 оноос биш, энэ оны долдугаар сараас хэрэгжүүлэхээр олонх дэмжсэний дараа АН-ынхан эсрэг санал өгсөн Р.Бурмаа, М.Зоригт, Х.Баттулга нарыг намаас хөөх талаар дуугарсан. Гэвч хэрэг дээрээ Р.Бурмааг л “элэг барьж” чаджээ. Түүнийх хөөх шийдвэр гарсан тухай хэвлэлээр мэдээлж байна. Нөгөө хоёрыг нь оролдож хүчрээгүй бололтой. Шинэчлэлийн Засгийн газраа авч үлдэхийн тулд АНынхан МАХН-тай стратегийн нууц гэрээ байгуулахаар хэлэлцэж буйг манай сонин мэдээлсэн. Тэд Засгийн газраа бүрэн авч үлдэхийн тулд дарж авсан дайсан-Н.Энхбаярыг дахин “өргөх”-д ч бэлэн байгаа юм билээ. Ингэж гадагш дэмжлэг хайж явах зуурт нам дотроос нь “өшиглөгчид” олшров. АН-ын олонх Засгийн газраа хамгаалан МАХН-ын даргын улыг “долоож” явах зуурт дотоод зөрчил нь “газар хөдлөх” нөхцөлд хүргэчихлээ. Хууль зүйн сайдын хардсан шиг түүнийг огцруулах төлөвлөгөөний ард Х.Баттулга байгаа юм бол АНынхан Р.Бурмааг биш, түүнийг хөөх ёстой. Х.Тэмүүжин бол жирийн нэг сайд биш, шинэчлэлийн Засгийн газрын өөрчлөлтийг тодорхойлж, бас хэрэгжүүлж байгаа хүн. Түүнийг огцруулах саналыг Байнгын хороо дэмжсэний дараа цахим ертөнцөд залуус түүнийг дэмжиж хүчтэй “хөдөлгөөн” өрнүүлээд авлаа. Хуульг үй газар хууль тогтоохын тулд маш хүчтэй эсэргүүцэлтэй тулж буйгаа Х.Тэмүүжин сайд анхнаасаа л ярьж байсан. Одоо шинэчлэлд эмзэглэгчид энэ Засгийн газрын ажил хийж байгаа гол сайдыг зохион байгуулалттайгаар унагахаар ажиллаж эхэлсэн бололтой. Түүнийг огцруулчих л юм бол АН хэн ч биш болно. Хууль зүйн сайдын нэр хүнд шинэчлэлийн Засгийн газрыг доргиох хэмжээнд хүчтэй байгаа гэсэн үг. Шинэчлэл хийхэд алдаа мэдээж гарна. Өөрчлөн баталсан зарим байгууллага нь одоо болтол ажлаа эхлээгүй, баталсан хуулиуд нь хөрсөн дээр буухгүй гэдгээс авахуулаад дутагдал түүнд бий. Гэхдээ алдаад ч болсон хийх гээд зүтгэж байгаа учраас олон нийт түүний талд байна. “Тэмүүжинг огцруулах юм бол АН-аас гараад шинэ нам байгуулах хэрэгтэй” гэсэн зөвлөгөө ч цахим ертөнцөд хөвөрсөн. Тэгэхээр Х.Тэмүүжинг огцруулах юм бол Засгийн газрын хувь заяа буруу тийш эргэнэ. Энэ Засгийн газарт засвар хэрэгтэйг үгүйсгэхгүй. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Уул уурхайн сайд Д.Ганхуяг нарын нэр огцруулах сайдын жагсаалтад дуулдвал өмгөөлөх биш, дэмжих хүн олон гарах байх. Тэгэхээр АН дотроосоо гарсан хувийн ашиг сонирхол буруу “бай”-гаа онилчихжээ. Х.Тэмүүжин “унавал” Засгийн газар ганхана. Засгийн газар ганхвал бүгд, Х.Баттулга ч “унана. Гэвч АН-ынхан чимээгүй байна.
Ц.ЭЛБЭГДОРЖ: Х.ТЭМҮҮЖИНГ ОГЦРУУЛАХГҮЙ ЭЭ, ХАМГААЛНА
Төрийн тэргүүнийг Япон улсад эмчилгээ хийлгэж явах зуурт улс төрд олон үйл явдал өрнөв. Хууль зүйн сайдыг огцруулахаар шуурч буй цаг үед эх орондоо ирсэн тэрбээр түүний талд байгаагаа дээрх үгээр илэрхийлсэн. UBS телевизийн “Кофе юу, цай юу” нэвтрүүлэгт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцоход улс төрийн халуун үйл явдлуудад ямар байр суурь илэрхийлэхийг нь бүгд анхаарч хүлээсэн. Эхлээд тэр “Тэмүүжинд алдаа бий, гэхдээ тэр хамгийн түрүүнд огцрох сайд биш” хэмээн жиргэсэн бол дээрх нэвтрүүлэгт оролцохдоо шуудхан дээрх үгийг хэлсэн. Төрийн тэргүүн ийнхүү дуугарсан учраас хүмүүс тайвшрав. УИХ-ын чуулганы баасан гаригийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэх байсан ч ирц хүрэхгүй гэсэн шалтгаанаар энэ долоо хоногт болгон хойшлуулсан. Үүний өмнө Төрийн тэргүүн ийнхүү “гал унтраав”. Гэхдээ тэр “Тэмүүжин багшийн биш улстөрчийн байр сууринаас ажиллах цаг болсон, энэ явдал түүнд сургамж болог” хэмээн хэлэхээ мартсангүй. Ийнхүү АН-ын дотоод зөрчил хамгаалаад байсан Засгийн газрыг нь унагах хэмжээнд хурцдав. Ирэх өдрүүдэд АН-ын фракцууд ба МАН, Ерөнхийлөгчийн хамгаалалтад “орсон” Х.Тэмүүжин сайдын “адал явдал” үргэлжилнэ.
Эх сурвалж: "ӨНӨӨДӨР" сонин