УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа өнөөдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эдийн засгийг идэвхижүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөлтэй холбогдуулан бүлгээс байгуулсан ажлын хэсгийн мэдээллийг сонсчээ.
Ажлын хэсгээс гаргасан санал дүгнэлтэд "Эдийн засгийг эрчимжүүлэх арга хэмжээнд тусгасан 23 ажилд 100 хоногийн дотор эдийн засгийг эрчимжүүлэх ажил хэрэгч санал бага байна" гэж үзэн тодорхой санал дэвшүүлсэн байна. Үүнд төрийн данхайсан бүтцийг цөөлөх, төрийн албан дахь шаардлагагүй орон тоог хасах, дархан цаазат газарт олборлолт явуулахыг хориглох, төгрөгийн уналтаас болж 100 төгрөгт тутмын 30 төгрөг үнэгүйдсэн тул цалин, тэтгэврийг нэмэх зэрэг хэд, хэдэн саналыг гаргасан байна. Энэ тухай мэдээллийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Н.Номтойбаяр нар сэтгүүлчдэд өглөө.
Бүлгийн дарга С.Бямбацогтын тайлбараар Хамтарсан Засгийн газар 11 яамтайгаар үйл ажиллагаа явуулж байсан бол Шинэчлэлийн Засгийн газар 17 яам 19 сайдтай болж данхайсан. Яамдын тоо ийн нэмэгдсэнээр ажил үүргийн давхардал ихэссэн. Мөн өнгөрч буй хоёр жил орчмын хугацаанд 100 мянган иргэн Ажилгүйдлийн даатгалаас ажилгүйдлийн тэтгэмж авсан нь тэр хэмжээний иргэн ажилгүй болсныг нотолж буй. Тиймээс валютын ханшийн өсөлтөөс хамгийн их эрсдэл хүлээж буй иргэд, аж ахуйн нэгжийг Эдийн засгийг эрчимжүүлэх арга хэмжээний хүрээнд хамгаалах ёстой гэсэн байр суурийг тус бүлэг барьж, Ард түмний мөнгийг хэмнэсэн төсөв, мөнгөний бодлого, Баялаг бүтээгчдээ дэмжсэн татварын бодлого, Монгол хүнийг дээдэлсэн нийгмийн хамгааллын бодлогыг Засгийн газар давхар хэрэгжүүлэх ёстой хэмээн үзжээ.
Мөн эдийн засгийн нөхцөл байдал хүндэрхэд Засгийн газрын хэрэгжүүлсэн бодлого нөлөөлсөнөөс бус гадаад орчны нөлөө бага гэж ажлын хэсэг үзсэн аж. Тухайлбал, "Эрдэнэс тавантолгой" компанийн "Чалько" компанитай байгуулсан гэрээг Уул уурхайн сайд өөрөө дур мэдэж өөрчлөх санал гаргасан гэх ноцтой мэдээлэл байгаа тул үүнийг ажлын хэсэг байгуулан шалгах ёстой гэж бүлгийн гишүүд үзжээ. Энэ тухай УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан тодотголоо. Өмнөх Засгийн газрын үед байгуулагдсан дээрх гэрээнд зааснаар Тавантолгойн нүүрсийг 1 тонныг нь 78 ам.доллараар нийлүүлэхээр тусгасан байсан. Харин өөрчлөлт оруулах хүрээнд нэг тонн нүүрс 35 ам.доллар болтлоо буурсан, мөн зургаан сарын хугацаанд нүүрс нийлүүлэлтийг зогсоосон зэрэг шалтгаанаас болж экспортын орлого буурсан юм байна. Түүнчлэн гадаадын хөрөнгө оруулалт саарсан нь Засгийн газрын хэрэгжүүлсэн бодлого алдаатай байснаас үүдэлтэй гэж ажлын хэсэг үзжээ.
Түүнчлэн бүлгийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нарын санаачлан боловсруулсан Ахмадын талаар төрөөс баримтлах бодлогын барим бичгийг дэмжиж санал авахаар Засгийн газарт өргөн мэдүүлэх ёстой хэмээн үзсэн байна. Уг бодлогын баримт бичиг УИХ-аар батлагдсанаар 2005 онд баталж байсан Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд том өөрчлөлт орно гэж төсөл санаачлагч тодотголоо. Мөн ахмад настнуудын эрүүл мэнд, орон сууц зэрэг нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх бололцоо нээгдэхийн зэрэгцээ тэтгэвэр авах хугацаандаа ахмадууд орлогын нэмэлт эх үүсвэртэй болох бололцоо ч нээгдэх юм байна.
Г.ДАРЬ