Бохирдлын эх үүсвэрээс агаарт бохирдуулах бодис ялгарна. Ялгарсан бодис нь салхины урсгалаар хэвтээ чиглэлд тархана, харин агаарын турбулуент хөдөлгөөн тухайн бохирдуулах бодисыг өмнө бохирдоогүй байсан цэвэр агаартай хутгаж бохир агаар болгоно. Үүний улмаас агаарын чанар өөрчлөгдөнө. Агаарт байгаа бохирдуулах бодисууд нь хүндийн хүчний нөлөөгөөр газрын гадарга орчимд аажмаар хуримтлагдана. Хуримтлагдсан бохирдлыг амьсгалын замаар авч хүн эрүүл мэндээрээ шууд хохирно. Үүнтэй адил экосистемийн бүрэлдхүүн хэсэг болох ус, ургамал, хөрс бохирдоно. Бохирдсон экосистем нь ундны ус болон хүнсээр дамжиж хүний эрүүл мэндэд дам нөлөөлнө (Зураг 1).
Зураг 1. Агаарын бохирдол тархах ерөнхий схем
БОХИРДЛЫН ЭХ ҮҮСВЭР
Хүн ам төвлөрсөн суурин газарт орчны агаарыг бохирдуулагч гол эх үүсвэрүүд нь байгалийн гаралтай гэхээсээ илүү хүний үйл ажиллагаатай холбоотой байдаг. Хүний үйл ажиллагаатай холбоотой хүчин зүйлүүд нь дараахь зорилгоор мод, нүүрс, бензин, түлш зэргийг шатаасны улмаас агаарт хорт хийнүүдийг ялгаруулдаг. Үүнд:
- Орон байр халаах
- Үйлдвэрлэл эрхлэх
- Хог, хаягдал устгах
- Эрчим хүч үйлдвэрлэх
- Тээврийн хэрэгсэл ашиглах гм
АГААР БОХИРДУУЛАГЧИД
Хүний үйл ажиллагаатай холбоотой дээрх үйлдлүүд нь газрын гадарга орчмын агаарт үндсэн бохирдуулагчид гэж нэрлэгдэх хийнүүд болон тоос тортог мэт жижиг ширхэгт хатуу биетүүдийг ялгаруулдаг. Үүнд:
- Азотын ислүүд – NOx
- Хүхэрлэг хий – SO2
- Нүүрстөрөгчийн дутуу исэл – CO
- Аэрозол – PM10, PM2.5
- Дам үүсэх газар орчмын озон
- Хар тугалга – Pb г.м
АЗОТЫН ИСЛҮҮД. Азотын ислүүд нь утаа униар болон хүчиллэг тунадсыг бий болгодог бөгөөд бензин, дизель, нүүрс мэтийн түлшний шаталтаас үүсдэг. Энэ нь өвлийн улиралд хүүхдийн амьсгалын замын өвчнийг ихэсгэдэг.
ХҮХЭРЛЭГ ХИЙ. Хүхэрлэг хий нь нүүрсний шаталтаас үүсдэг. Голдуу нүүрс түлдэг дулааны станцуудаас хаягддаг. Түүнчлэн цаас болон төмөр хайлуулах үйлдвэрүүдийн үйлдвэрлэлийн процесст ялгардаг бөгөөд хүчиллэг тунадас, утааны гол үүрэг гүйцэтгэдэг бөгөөд уушигны үрэвслийг бий болгодог. Улаанбаатар хотын гол эх үүсвэр нь гэр хорооллын галлагаа юм.
НҮҮРСТӨРӨГЧИЙН ДУТУУ ИСЭЛ. Нүүрстөрөгчийн дутуу исэл буюу угаарын хий нь өнгөгүй, үнэргүй хий, бензин, дизель болон нүүрстөрөгч агуулсан түлшний дутуу шаталтаас үүсдэг. Түүнчлэн байгалийн болон байгалийн бус (тамхи мэтийн) бүтээгдэхүүний шаталтаас үүсдэг. Уг хий нь бидний цусанд нэвтрэх хүчилтөрөгчийн хэмжээг багасгаж рефлехийг сулруулж унтаа байдалд оруулдаг.
ОЗОН. Байгаль дээр озоны хий нь дэлхийн агаар мандлын дээд хил дээр буюу 15-35 км орчимд оршино. Озоны хийн энэ давхарга нь нарнаас ирж буй хэт ягаан туяаг агаар мандал руу нэвтрэхээс сэргийлж хамгаалагч маягийн үүрэг гүйцэтгэж хүн төрөлхтнийг хэт ягаан туяаны аюулаас хамгаална. Ийм озоны хийг САЙН ОЗОН гэнэ. Дэлхийн газрын гадарга орчимд бүрэлддэг озоны хийг МУУ ОЗОН гэнэ. Хүн ам төвлөрсөн суурин газарт муу oзон бүрэлдэх гол үүсгүүр тээврийн хэрэгсэл юм. Муу озон нь шууд ялгарахгүй бөгөөд тээврийн хэрэгслээс ялгарсан азотын ислүүд нарнаас ирж буй хэт ягаан туяаны үйлчлэлээр фотохимийн урвалд орж бүрэлдэнэ.
Зураг 2а. Галт уулнаас ялгарах үнс болон утаа.
ХАР ТУГАЛГА–Pb. Дэлхийн олон улс орон автомашины яндангаас ялгарч буй утаанд агуулагдах хар тугалганы агууламжийг огт байхгүй болгож буюу тэглэж чадсан. Үүнийг шийдэхдээ авто тээврийн хэрэгсэлд зөвхөн хар тугалгагүй болгож үйлдвэрлэсэн бензинийг хэрэглэнэ гэсэн дүрэм, журмыг мөрдлөг болгосон байдаг.
PМ. Хэмжээний хувьд харьцангуй том PМ буюу тоосонцор нь дизел хөдөлгүүрт машин, бусад хатуу түлшний шаталт, шороон шуурга, шороон зам дээр явж буй авто машины дугуйнаас дэгдсэн шороо, тоосноос үүсдэг. Хэмжээ нь жижиг буюу нарийн ширхэгтэй тоосонцрууд олон төрлийн химийн бодис агуулэ байдаг бөгөөд амьсгалаар дамжин уушигний нүх сүвээр орж уушгийг гэмтээх, амьсгалах процесст нөлөөлдөг
Дээр дурьдсан хүний үйл ажиллагаанаас гадна, байгалийн гаралтай бохирдуулагчид агаарыг бохирдуулдаг. Ой, хээрийн түймрээс үнс, хөө, тортог, бага хольцтай органик нэгдлүүд ялгардаг бол галт уулын дэлбэрэлтээс асар их үнс ялгардаг. Манай оронд бол ой хээрийн түймрээс ялгарч буй бохирдуулагчид нь агаарыг бохирдуулах нь хуурай, дулааны улиралд элбэг тохиолддог (Зураг 3). Жишээ нь, зарим үед урд яваа машины гэрлийг ялгаж харахад хэцүү болдог. Тэгвэл таны эргэн тойрны агаарт байгаа аэрозолын хэмжээ их болжээ гэсэн үг, албан ёсны хэллэгт бол “алсын барааны харагдац” муудлаа гэдэг. Агаар дахь аэрозолын хэмжээ зөвхөн хүний үйл ажиллагаанаас болж ихсэхгүй, галт уулын дэлбэрэлт, ой хээрийн түймрээс болж бүр асар ихээр нэмэгдэнэ. Жишээ нь, Ирланд арлын галт уулууд үе үе идэвхжиж агаарт их хэмжээний үнс цацагдаж салхины урсгалаар Европ тив рүү орж ирдэг. Энэ үед агаарын тээврийн бүх нислэг хойшлогддог (Зураг 2а, 2б).
Зураг 2б. Галт уулнаас ялгарсан үнс гадаргуу дээр буусан байдал.
B.Өлзийсайхан, Б.О. Инженерүүд ТББ
Д.Оюунчимэг, Ус цаг уур, орчны хүрээлэн
Үргэлжлэл бий.
