
Бүлэг дээр ярьж тохирсноосоо “урвасан” гэж хариуцлага ярихыг шударга гэж буй бол үлдсэн гурван гишүүнд ч мөн адил хариуцлага ярих нь шударга. Х.Баттулга, М.Зоригт, Ж.Батзандан нар яг адилхан “урвасан” байтал яагаад Р.Бурмааг сугалав. Хэрэв үүнийг шударга гэж байгаа юм бол цаашид тойргоос сонгогдсон, жагсаалтаас сонгогдсон гэдэг нь хариуцлага хүлээх эсэх шалтгаан болдог буруу жишиг тогтох нь.
Намын бүлгийн шийдвэрийн эсрэг санал өгсөн нь зөв буруу алин ч байг энэ удаад хамаагүй, зүгээр л жагсаалтаар гарсан гишүүн гэдэг утгаар нь яллах гэсэн нь л хамаатай асуудал болоод байна.
Угтаа бол Ардчилсан намын дотоодод ойлголцол, зөвшилцөл хэрэгтэй болохоос биш гал дээр асгах тос ямар ч хэрэггүй. Нэгэн сэтгэгч "Би бурхантай ямар ч асуудалгүй, харин түүний фен клубыг тэсч чаддаггүй юм” гэж хэлсэн байдаг. Яг л түүн шиг бодлого тодорхойлогчид нь ч шийдээгүй байхад тэдний доогуур фен клубынхэн нь тос бариад гүйлдээд байгаа юм биш биз.
АН үеийн үед толгойноосоо биш хөлнөөсөө зууралдах нөхдийнхөө балгаар хагаралдаж, бусдын идэш болсоор ирснээ мартмааргүй л байлтай. Р.Бурмааг намаас хөөх нь хэнд ашигтай гэж…