Премьер лигийн шилдгүүд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2014.04.28-нд нийтлэгдсэн

Премьер лигийн шилдгүүд тодорлоо

Английн Премьер лигийн “Ливерпуль” клубын довтлогч Луиз Суарез Английн мэргэжлийн хөлбөмбөгчдийн холбооны Оны шилдэг тоглогчоор тодорчээ. Шагнал гардуулах ёслол ням гаригт Лондон хотноо болсон байна.

Өчигдөр талбайдаа “Челси”-д 2:0-ээр хожигдсон тоглолтын дараа Суарез Лондон руу нисч, шагналаа гардсан гэнэ. Өдгөө 27 настай уругвай довтлогч цомоо гардсаны дараа “Премьер лиг шилдэг, агуу тоглогчдоор дүүрэн. Ийм мундаг тоглогчид намайг шилдэг гэж үнэлсэн нь үнэхээр нэр төрийн хэрэг” хэмээжээ. Түүний хамт “Ливерпуль”-ийн довтлогч Даниэл Старриж, багийн ахлагч Стивен Жеррард нар Премьер лигийн Бэлгэдлийн шигшээ багт багтжээ. Бэлгэдлийн шигшээд мөн “Челси”-гээс гурван тоглогч нэрлэгдсэн нь хаалгач Петр Чех, хамгаалагч Гари Кахилл болон хагас хамгаалагч Эден Азар нар юм. Азарын хувьд Оны шилдэг залуу тоглогчийн шагналын эзнээр тодорсон байгаа.

Бэлгэдлийн шигшээ багт мөн “Манчестер Сити”-гээс Винсент Компани, Яаяа Туре, “Саутэмптон”-ы хамгаалагч Люк Шо, хагас хамгаалагч Адам Лаллана, “Эвертон” клубын хамгаалагч Сеамус Коулмэн нар нэрлэгдсэн байна.

Түүнчлэн Оны шилдэг эмэгтэй тоглогчоор “Ливерпуль”-ийн эмэгтэйчүүдийн багийн Люси Бронз, Шилдэг залуу тоглогчоор мөн тус багийн Марта Харрис нар шалгарчээ.
Оны шилдэг хөлбөмбөгчөөр шалгарсан Луис Суарезийн хувьд шийтгэлийн улмаас улирлын эхний зургаан тоглолтыг өнжсөн ч энэ улиралд Премьер лигт 30 гоол оруулж, мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж яваа билээ.

Б.БИЛЭГ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж