
Тэтгэвэрт байдаг 52 ахмад генералуудын дундаж тэтгэвэр өдгөө 300 мянган төгрөг бөгөөд Ерөнхийлөгчийн зарлигаар генерал цолны нэмэгдлийг 36-40 хүртэлх хувиар олгож байхаар болсон билээ. Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцээд Ерөнхийлөгчийн тамгын газарт уламжлахаар тогтжээ.
“Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалах үйл хэрэгт онц гарамгай гавьяа байгуулсан цэргийн дээд дарга нарт олгоно” хэмээн журамласан генерал гэдэг эрхэм хүндтэй цэргийн дээд цолыг БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн 1944 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар тогтоолоор анх Ю.Цэдэнбал, Ж.Лхагвасүрэн тэргүүтэй 11 хүнд олгосон байдаг ажээ. Тиймээс жил бүрийн энэ өдрийг “Монголын генералуудын өдөр” хэмээн нэрийдэж, генерал төрүүлсэн байгууллагууд ээлж дараалан зохион байгуулж, генералууддаа хүндэтгэл үзүүлж ирсэн уламжлалтай.
Генералуудын өдрийг тохиолдуулан Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ “Байлдагчийн халаасанд генералын мөрдөс бий” хэмээн хэлэлцдэг ч өнөөг хүртэл ердөө 160 алтан мөрдөстөн төрсөн нь энэхүү мөрөөдөлд хүрэх нь ховорхон хувь тавилан гэдгийг илтгэнэ. Эх орныхоо тусгаар тогтнолын төлөө 1939 оны Халхын голын дайн, 1945 оны чөлөөлөх дайны он жилүүд, энх цагийн бүтээн байгуулалт, төрийн тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын хөгжлийн бүхий л шатанд манай цэрэг, цагдаа, хил хамгаалах байгууллага, түүний бие бүрэлдэхүүн үүргээ нэр төртэй биелүүлэхэд Монгол Улсын генералууд ачааны хүндийг үүрч, үүрэг зорилгоо амжилттай гүйцэтгэснийг монголын ард түмэн, төр зүй ёсоор үнэлж байдаг билээ.
Үе үеийн генералууд та бүхний минь үйлс зорилго нь өөдөө байж, цог золбоо нь мөнхөд бадарч байг ээ” хэмээсэн юм.