Хуучирсан мэдээ: 2014.04.28-нд нийтлэгдсэн

Таамаг хэвээр үлдлээ

Английн хөлбөмбөгийн Премьер лигийн аваргын төлөөх өрсөлдөөн нээлттэй хэвээр үлдлээ. Өчигдөр болсон 36 дугаар тойргийн тоглолтод хүснэгтийг тэргүүлэгч “Ливерпуль” учраагаа хожсон бол Премьер лигийн энэ улирлын аварга тодорхой болох байлаа. Харамсалтай нь тэд чадсангүй, тэдний өрсөлдөгч “Челси” тэдэнд боломж олгосонгүй.

Хөлбөмбөг сонирхогчдын анхаарлын төвд байсан тус тоглолтод Лондонгийн “Цэнхрүүд”-ээс Демба Ба, Уиллиан нар нэг ба хоёрдугаар үеийн төгсгөлд гоолдсоноор тэд “Ливерпуль”-ийг “Энфилд” цэнгэлдэхэд нь, 40 мянга гаруй хөгжөөн дэмжигчдийнх нь өмнө 2:0-ээр буулган авсан юм. 11 тоглолт дараалан хожсон “Ливерпуль” ийнхүү тун эгзэгтэй үед харамсалтай ялагдал хүлээсэн. Хамгийн сүүлд 1989/1990 оны улиралд Нэгдүгээр дивизон нэртэй байх үед түрүүлсэн “Улаанууд” 24 жилийн дараа лигийн түрүү хүртэх боломж бий болгоод байгаа юм. Одоо гэхдээ тэд цомын төлөөх өрсөлдөөнд “Манчестер Сити”-гийн тоглолтын үр дүнг харзнах болж байна.

Лигийн 36 тойргийн дараах байдлаар “Ливерпуль” 80 оноотой тэргүүлж байгаа бол “Манчестер Сити” 77 оноотой, гэхдээ нэг тоглолт дутуу гуравдугаар байрт бичигдээд байна. Харин “Челси” 78 оноотой хүснэгтийн хоёрдугаарт эрэмбэлэгдээд байгаа юм. Аваргын цом дээрх гурван багийн хувьд хэн хэнийх нь өмнө нээлттэй, гэхдээ харилцан нэгнийхээ тоглолтын үр дүнгээс шалтгаалах болж байна.

Премьер лигийн үлдсэн хоёр тойргийн тоглолтод “Ливерпуль” тавдугаар сарын 5-нд “Кристал Палас”-ын талбайд зочилж, 11-нд талбайдаа “Ньюкасл”-ыг хүлээн авна. Харин “Ман Сити” тавдугаар сарын 3-нд “Эвертон”-ы талбайд зочилж, үлдсэн хоёр тоглолтоо өөрсдийн талбайд “Астон Вилла” болон “Уэстхэм”-ийн эсрэг хийх юм. “Челси”-гийн тухайд “Стэмфорд Бриж” цэнгэлдэхэд тавдугаар сарын 4-нд “Норвич”-той, 11-нд “Кардифф Сити”-гийн талбайд зочлон тоглох хуваарьтай байна.

Б.БИЛЭГ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж