Багш миний бие хүүхдийн хөгжилтэй холбоотой асуудлаар сайдын ярилцлагуудыг шүүрдэж, түүний үг өгүүлбэрээр илэрхийлэгдэж байгаа утга санаа болон энэ асуудлыг орчин цагийн боловсрол судлалын онол, үзэл баримтлалтай харьцуулан судалж, өөрийн ойлголт, төсөөллөө бас илэрхийлэхээр шийдлээ. Үүнийг сайд ба судлаач багшийн нүүр тулаагүй ярилцлага гэж үзэж болно.
БШУ-ны Сайд Л.Гантөмөр: Үнэндээ манай сургуулиуд хүүхдийг хөгжихөд ашиглах сургалтын хэрэглэгдэхүүн тун багатай. Хэрвээ засгийн газар дээр ухаалаг шийдвэр гарах юм бол байгаа мөнгөө боловсролд зарж байх нь туйлын зөв. Энэ улс оронд хамгийн баталгаатай, алдагдалгүй, ирээдүйн хөгжилд хэрэгтэй, эх оронч сайн бодлого бол хүний хөгжил, боловсрол л байна. (Ярилцлага: news.mn 2013 оны 1 сарын 15)
МУИС-ийн багш, профессор Б.Бурмаа: Хүүхэд бүрийг хөгжүүлэх нь үндсэндээ сургалтын орчин, тухайлбал материалаг, үйлийн, сэтгэл зүйн орчноос хамаарна. Төрөөс сургалтын материалаг орчинг сайжруулах талаар боломжийнхоо түвшинд анхаарч ирсэн, одоо ч анхаарч байна. Үйлийн орчин бүрдүүлэх нь түүнээс их мөнгө хөрөнгийг шаардана. Үйлийн орчин бүрдүүлж байгаа нь барилга байшинтай адил хүний нүдэнд шууд тусдаггүй. Ихэнх үйл ажиллагаа нь хүний тархи толгой дотор боловсрогдон сэтгэлгээ нь үйл, шийдэл болж илэрдэг. Энэ үйл явц нь багш бүр, хүүхэд бүрийн хувьд явагдах шаардлага гардаг тул үр дүн нь шууд харагдах боломж тааруу байдаг.
Шинжлэх ухааны үндэстэй арга зүйн талаар баримжаа байхгүй үед “ойд төөрсөн сармагчин”-тай адил зүтгээд зүтгээд амжилтад хүрэх хэцүү. Сайн арга зүйтэй багш нар ингээд болдог юм гэж хэлээд мэдээд байдаг мөртлөө, юу хийгээд байгаагаа шинжлэх ухааны хэлээр илэрхийлж чаддаггүй. Учир нь их сургуульд сурч байх үедээ ийм онолтой танилцаагүй байдаг. Иймд хичээл зүтгэлтэй багш нарын хуримтлуулсан туршлагыг шинжлэх ухааны үүднээс үнэлж, ач холбогдлыг нь тодруулж тайлбарлаж байх нь чухал. Ингэхгүй бол “практик үгүй онол нь амнаас гарсан хоосон хий” болно.
Гадаад орнуудад хийгдэж байгаа судалгааны үр дүн нь багшийн арга зүйг шинэчлэх үйл явц маш хэцүү, их цаг хугацаа шаардана гэдгийг харуулж байна. Ийм учраас тэнд эрдэмтэд нь онол арга зүйн талаар зөвлөгөө өгөх, багш нар хамтран ажиллаж арга зүйгээ шинэчлэх зорилготой 3-5 жил үргэлжлэх хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлж байна. Ер нь бол энэ яриад байгаа арга зүйн шинэчлэл чинь бусад оронд хийгдчихээд бид араас нь мөлхөж байгаа хэрэг биш. Бүх оронд л явагдаж байна. Боловсролд зориулдаг хөрөнгө мөнгөний хэмжээнээс болоод харилцан адилгүй хурдтай, харилцан адилгүй чанартай л явагдаж байна. Манай боловсролын салбар мөнгө хөрөнгө муутай болохоор цөөн хоногийн сургалт хийж, багш нар ерөнхийдөө шинэ зүйлийн талаар сонсоод л явж байна. Хүн сонсохдоо мэдээллийн 10 хувийг авдаг бол өөрөө хийж үзэхээрээ 90 хувийг нь ухаардаг гэж сэтгэл судлаачид үздэг. Бага дунд боловсролын салбарт хэрэгжсэн “Сурагч төвтэй сургалт” нэртэй Данидагийн төсөл, “ Алхам алхамаар” нэртэй Соросын сангийн төсөл, “ Сурагчдын сурах орчинг бүрдүүлэх арга зүй” нэртэй Жайкагийн төсөл бүгд л шинэ арга зүйг эзэмшүүлэхэд чиглэгдэж байсан. Гэвч төсөлд оролцож буй багш нар арга зүйн онолын үндэслэл, төсөл удирдаж буй хүмүүсийн санаа онооны ялгааг төдий сайн ялгадаггүй. Мөн хамрах хүрээ, үргэлжлэх хугацаа нь хязгаарлагдмал , хөрөнгө мөнгө нь өөр газраас гарч багаа болохоор төсөл дуусахад л эхэлсэн үйл ажиллагаа нь мөн зогсдог талтай. Ийм учраас багш нар “хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх бодлого Л.Гантөмөртэй хамт дуусна” гэж айгаад байгаа нь ийм учиртай.
Сургалтын аль ч түвшинд багш нарын сургалтын арга зүй хоцрогдож байгааг суралцагчид хичээл дээр унтах юмуу, өөр зүйл хийх байдлаар эсэргүүцэж суудаг бол, суралцагчдын сурах итгэл зүтгэл хангалтгүй байгааг багш нар шалгалтанд муу дүн тавих байдлаар эсэргүүцдэг. Дээд боловсролын сургалтын чанарын асуудлаар гадаад орнуудад хийгдэж буй судалгааны үр дүн нь дээд боловсролын чанар муу байгаагийн нэг шалтгаан нь профессор багш нарын сургах зүй буюу дидактикийн мэдлэг чадвартай шууд холбоотойг харуулах болсон. Сурах гэж юу болох, сургалтын орчинг хэрхэн бүрдүүлэх талаар сэтгэл судлал, мэргэжлийн дидактикийн мэдлэг дульхан, өөрийнх нь мэдлэг оюутанд шууд дамжина гэсэн бодолтой тодорхой шинжлэх ухааны эрдэмтэд цөөнгүй байдаг. Иймд сүүлийн үед гадаадын их сургуулиуд дээр дээд сургуулийн дидактикийн төвүүд байгуулагдан багш нарынхаа дидактик ур чадварыг дээшлүүлэх модул сургалтуудыг явуулж, сертифкат олгож байна. Германы их дээд сургуулийн ректоруудын зөвлөл сургалтанд дидактикийн асуудлыг авч үзэх болсоныг дээд боловсролд орж ирж байгаа шинэ, эрүүл салхи (Fresh Wind in the Sails of German Higher Education) гэж нэрлэж байна.
Сургалтын сэтгэл зүйн орчинг бүрдүүлэх, тухайлбал сурагчид өөрөө юунд дуртай болохоо нээн илрүүлэх нь сурагчдын сурах үйл улмаар тэдний хөгжилд ямар үүрэгтэйг тодруулахын тулд “Авъяас” хөтөлбөрийг, зөвхөн унших биш“ унших чадвар” гэдэг ухагдахуунаар илэрхийлэгдэж байгаа чадварыг сурагчдад эзэмшүүлэх нь өнөөдрийн мэдлэгийн нийгэмд чухал гэдгийг тодруулахын тулд “Ном” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм болов уу гэж төсөөлж болохоор санаанууд бас сайдын ярилцлага дотор байсан. Энэ талаар боловсрол судлалын эрдэмтэд санаа бодлоо илэрхийлбэл сурагч багш нар сурах ба багшлах арга зүйгээ шинэчлэхэд дэмжлэг болох учиртай.