Бид ийм замаар явахгүй, явж ч болохгүй гэдгээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэллээ. Улс орны улс төр, эдийн засаг хямарч, компаниар жишээлж яривал дампуурах дээрээ тулчихаад байгаа энэ үед Ерөнхиийлөгч Ц.Элбэгдоржийн өнгөрсөн Бямба гаригт UBS телевизийн “Кофе юу, цай юу” нэвтрүүлэгт хоёр цаг хагас ярьсныг ингэж товч дүгнэж болохоор байна. Тэр үнэхээр урам хугарсан бололтой. 1990 онд Монгол орныг ардчиллын зам руу хөтөлж, ард түмэндээ сайн сайхан амьдралыг амалж байхдаа журмын нөхөд нь ингээд бэрд болчих юм гэж санаагүй байх. Засгийн газрын тэргүүнээр хоёронтаа сонгогдож, бас хоёронтаа огцорч, төдийгөөс өдий хүртэлх замыг хамт туулсаны хувьд өнөөгийн хүрсэн мухардалд гарц байгааг олж харснаа “Том төрөөс ухаалаг төр лүү” хэмээн томъёолон дэвшүүлсэн.
Түүний тэмүүлсэн “Ухаалаг төр”-ийг бий болгох эхний алхмууд болгож шүүхийн шинэтгэлийг эхлүүлж, засаглалын хямралыг бий болгоод байгаа УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албыг давхар хашиж байгааг халах хуулийн төсөл боловсруулсанаа УИХ-д өргөн барьсан. Харин энэ бүхэн нь өнгөрсөн долоо хоногт Цасан гоо охины тухай өгүүлдэг хүүхэлдэйн кинон дээр гардаг шиг хор шингээсэн улаахан алим болон хувирлаа. Хамгийн гол аюул нь хортой алимыг хордуулсан хүмүүс нь биш харин гэмгүй хүмүүс идэх болж байгаад байна.
Ард түмний нэрийн өмнөөс сонгогдон төрийн өндөр эрх мэдэлд хүрэнгүүтэй аашаа хувирган, хүний өөрийнгүй сүлбэлдэн, татвар төлөгчдийн мөнгөөр улс төрийн хахууль хийж, сонгуулийн өмнө сонгогчдын нүдийг хуурдаг, ард түмний төлөө үйлчлэх ёстой албан тушаалаа зөвхөн өөрийн болон ах дүү, хамаатан садныхаа халаасыг зузаалахад ашигладаг, алдаа гаргасан бол хариуцлага үүрч мэддэггүй, ер нь хариуцлага гэдэг үг үгсийн санд нь байдаггүй, мөнгөний эрх ашгаар нэг нэгнээсээ хамааралтай болж, хэн хэнийхээ атганд багтсан, үнэн үг хэлсэн нэгнийг хавчин шахаж замаасаа зайлуулдаг. Монголчууд та биднийг ийм л хүмүүс удирдан залж байгаа юм байна. “Монголын улс төр болохгүй байна, явахгүй байна гэдгийг бүгд мэддэг, харин бүгд ярьдаггүй” хэмээн Ц.Элбэгдорж яриандаа хэлсэн. Хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч дахин нэг удаа улиран сонгогддог. Өөрөөр хэлбэл, найман жил дараалан Ерөнхийлөгчөөр ажиллах боломжтой гэсэн үг. Монгол Улсын Ерөнхийлөгчдөөс өмнө нь Нацагийн Багабанди ингэж улиран сонгогдож байсан юм. Хуулиараа албан тушаалаа авангуут нэр дэвшүүлсэн улс төрийн намаасаа түдгэлзэх учиртай. Тэгж байж л төрийн тэргүүн хөндлөнгөөс хараат бус байж, улс төрийн намуудын хүчний тэнцвэрийг хадгална гэж үзсэнийх.
Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч өнгөрсөн 2013 онд хоёр дахь эрхийн хугацаагаа хэрэгжүүлж эхэлсэн. Хоёр дахь хугацаагаа эрч хүчээр эхлүүлсэн. Үнэхээр болж бүтэхгүй, ард түмэнд аранга болж байгаа хүчин зүйлсийг засч залруулахыг хүссэн. Мэдээж энэ амаргүй. Хэн ч амттай хоолноосоо зүгээр салахыг хүсдэггүй. Ажлаа хийж чадахгүй байгаа сайд нарыг ажлаас нь зайлуулахыг хэдэнтээ шаардаж байснаа хэллээ. Харин Ерөнхий сайд өндгөө хав дарсан азарган тахиа мэт байгаа аж. Харин дарсан өндөгнөөс дэгдээхэй нь гарч ирээд орон гэрийг нь бусниулж байна. “Фракцийн тохироо” гэдэг барьцаанд байгаа Ерөнхий сайдыг юмны эзэн, сумны занги мэт бай хэмээн хатуухан санууллаа. “Уг нь ард түмнээ хамгаалах гэж төр байдаг, гэтэл манайд одоо төрөөс ард түмнээ хамгаалах шаардлага гарч байна” хэмээн Ерөнхийлөгч хэллээ.
Гэвч өнөөг хүртэл үгийг нь аваагүй эрх хүүхдүүд нь аль хэдийнэ чих нь хатуурсан. Гэхдээ арга бий. Энэ бол “бидний төлөө сайн ажиллаарай” гээд захиад үнэт саналаа өгсөн ард түмэн, бас хариуцлагатай хэвлэл мэдээлэл гэдгийг Ерөнхийлөгч хэллээ. Хэдийгээр таны сонгоод УИХ-ын хүндэт сэнтий рүү илгээсэн гишүүн тань хариуцлага алдаж, таны эрх ашгийг хамгаалахгүй байгаа бол эргүүлээд татах хууль эрх зүйн орчин байхгүй ч “төрүүлсэн эх нь та юм чинь алгадаад авах эрх нь танд байгаа”. Тойрог гэдэг зүйлийг өмчилж аваад, сонгууль дөхөхийн алдад нэг сургууль, эсвэл нэг цэцэрлэг, эсвэл зам барьж өгөөд дахин сонгогдоод гараад ирж байна. Гэтэл тэр сургууль, цэцэрлэгт хэдэн хүүхэд явах, эргээд төсөвт дарамт болох эсэх нь огт хамаагүй. Бас тэр тавьсан зам тойргийн цэс дуусаад цаашаа өөр замтай холбогдох эсэх нь огт хамаагүй. Гишүүнд огт хамаагүй байгаа эдгээр зүйлс үнэхээр үр ашиггүй гэдгийг хэлэх хэвлэл мэдээлэл байхгүй, яагаад гэвэл улаан тууз хайчлах ёслолдоо хэдэн сэтгүүлчийг урьж аваачин, хооллож ундалж, гарыг нь цайлгаад явуулдаг учраас. Сонгогчид нь ухаалаг, сэтгүүлчид нь ч бас ухаалаг байвал гарц бий. Өөрөөр хэлбэл, хортой алимыг хазахгүй байж болно.
Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №059