Монголын “харъяат” мөнгө л Монголд эргэлдэх ёстой юу?

Хуучирсан мэдээ: 2014.04.28-нд нийтлэгдсэн

Монголын “харъяат” мөнгө л Монголд эргэлдэх ёстой юу?

-Мөнгөнд үнэр байхгүй. Хятадын мөнгө муухай, орос, америк, солонгос мөнгө гоё гэсэн юм байхгүй. Эцсийн дүндээ мөнгө үржиж ашиг авчирч л байвал аль улсын “харъяат” байх нь хамаагүй-

Хүүхдийн мөнгө, Хүний хөгжлийн сангийн мөнгө, шинэ гэр бүлийн 500.000, төрсөн хүүхдийн 100.000, оюутны 70 гээд сүүлийн арваад жилийн турш төрийн мөнгөөр угжуулж байсан монголчууд өнөөдөр мөнгөгүй болжээ. Энэ хооронд мөнгийг хүн хөдөлмөрлөж байж бий болгодог гэдгийг ч мартаж. Тиймээс ч хэн нэг хүний уран ярихыг сонсоод, эсвэл бөөгийн тэнгэр мөнгө илгээдэг гэсэн ойлголттой болсон нь Сарандаваа авхайн лекц унших танхимд сул суудал олддоггүй, бөө нарын тоо тэнгэр дэх одноос их болсноос харж болно. Төрөөр халамжлуулагч иргэд ийм байгаа бол ажил хийж мөнгө олдог гэж итгэдэг хүмүүс мөн л мөнгөгүй байна. Яагаад гэвэл цалингийн цэсэн дээрх мөнгө ямар нэг зээл, лизингийн төлбөрт аль нэг арилжааны банк руу шилждэг болж. Компани, аж ахуйн нэгжүүд ч бэлэн мөнгөгүй, бүхий л бараа үйлчилгээгээ харилцан бартердсаар мөн л мөнгөний барааг цаасан дээр хардаг болоод удаж байна. Харин төр засгийн эрх баригчид гаднаас хэдэн тэрбумын мөнгө олж ирлээ, түүнийгээ дотоодын компаниудад тараалаа гэж тайлагнаж байгаа ч усалсан мөнгөний мод үр жимсээ өгсөнгүй.

Өнөөдөр Монголоор нэг мөнгө бодож, нойргүй хоносон хүмүүс байна. “Тийм их мөнгө банкинд л байдаг байх” гэж монголчууд нэг нэгнээсээ мөнгө зээлэхээр гуйхад хариу өгдөг. Тэгвэл банкинд тэр их мөнгө байна уу. Албан бус эх сурвалжаар Монголын валютын нөөц хоёр жилийн өмнөхтэй харьцуулбал хоёр дахин багассан гэх. Өөрөөр хэлбэл, банкинд байдаг тэр их мөнгө их мөнгө байхаа больсон гэсэн үг.

Сүүлийн хэд хоногт зарим сонин хэвлэлээр гарч байгаа “даацтай нийтлэл”-үүдийг харвал Хятадын Банк (Bank of China) Улаанбаатарт салбараа нээх сонирхолтой байгаа аж. Төлөөлөгчийн газраа нээгээд хоёр жил болж байгаа Хятадын Банк үйл ажиллагаагаа өргөтгөхөөр шийджээ. Монголын мөнгөний урсгал татарсан ийм үед ийм санал гаргана гэдэг Хятадын Банкны хувьд тун мэргэн шийдвэр. Хятадын Банкны эх суурийг 1912 онд Сунь Ят Сен тавьсан. Сунь Ят Сен бол бидний мэдэх Гоминдань намыг үүсгэн байгуулагч, Хятадын засгийн эрхийн төлөө тэмцэж байгаад Тайванийн арал руу дүрвэн гарсан хүн. 1912-оос 1949 он хүртэл буюу өнөө цагийн БНХАУ үүсгэн байгуулагдах үеэс Төв банкны үүргийг залгамжлан авч, Хятадын гадаад худалдаа, валютын зах зээлийг гартаа авсан. Албан ёсных нь цахим хуудсанд мэдээлснээр Хятад дотроо 32 мужид нийт 9988 салбартай, дэлхийн 29 улсад нийт 973 салбараа ажиллуулдаг. Харъяа салбаруудад ажиллагсдын тоо нь 262,566 гэжээ. 2013 оны жилийн эцсийн байдлаар 163.741 тэрбум юанийн ашигтай /татвар төлсөний дараах байдлаар/ ажиллажээ. Энэ нь өмнөх 2012 онтой харьцуулахад 12.35 хувь өссөн дүн гэж Олон улсын санхүүгийн мэдээллийн стандарт (IFRS) мэдээлснийг цахим хуудсандаа эшилсэн байна.

Харин өмнө өгүүлсэн нийтлэлүүдэд Хятадын Банкны салбар оруулж ирэхийг хэд хэдэн үндэслэлээр эсэргүүцжээ. Монголын банкуудтай харьцуулбал хамаагүй хөрөнгөлөг банк учраас орж ирээд манай бүх барилга байгууламжийг худалдаж аваад, улмаар Монгол Улс тусгаар тогтнолоо Хятадад алдах юм байна. Хятадад эзлэгдэнэ гэсэн бидний өвөг дээдсийн айдас одоо ч монголчуудын цусанд байдаг. Чухам энэ сэтгэл дээр тоглохыг хүссэн бололтой. Дэлхий глоболчлагдсан өнөө үед дэлхийн улс орны хил зөвхөн газрын зураг дээр үлдэж, харин мөнгө санхүүгийн харилцаа хил хязгааргүй болсон. Эдэлж хэрэглэж, идэж байгаа зүйлээ бараг 100 хувь Хятадаас зөөж байж, хятадуудтай наймаа хийхгүй гэхийг ойлгохгүй юм. Өнөө цагт харилцан бие биедээ ашигтай байж, хамтдаа хөгжих тухай ярих цаг болчоод байхад хятадууд эртнээс манай өстөн дайсан гэсэн сэтгэхүйгээр хандаж, өөрсдийн хөгжил цэцэглэлтийг санаатайгаар боох нь муйхар биш гэж үү. Өөрийн гэсэн хууль цаазтай тусгаар улс юм чинь хууль эрх зүйн зохицуулалтыг нарийн хийж, сайн хянаад явбал болно.

Өөрсдийн мунхгийн гайгаар уул уурхайгаар дамжин эдийн засаг руу орж байсан мөнгийг зогсоогоод бачимдаж байгаа бидэнд мөнгөний шинэ урсгал амин чухал хэрэгтэй. Томоохон ажил эхэлье гэхээр арилжааны банкуудад үнэндээ мөнгө байдаггүй, дээрээс тун хойрго, хөшүүн ханддаг гэж бизнес эрхлэгчид гомдоллодог. Арайхийж бага хэмжээний зээл авахаар хүү маш өндөр. Жилийн 24 хувийн хүү төлж бизнес эрхэлж байгаа хүмүүс хуулийн цоорхой л ашигладаггүй юм бол өсч өндийх боломж бараг байхгүй гэдгийг шат шатандаа мэддэг шүү дээ. Чадалтай том компаниуд нь бүгд гадаад банкнаас зээл аваад явчихаж байна. Аргагүй дунд жижиг бизнесийнхэн л арилжааны банкуудыг тэжээж байгаа нь үнэн. Гадаадын банкууд орж ирээд бага хүүтэй зээл олгоод эхэлбэл Монголын арилжааны банкууд зах зээлээ алдаж, өндөр хүүтэй авсан хадгаламжаа зээл болгох боломж багасах учир хадгаламжийн хүү буурна. Хадгаламжийн хүү буураад эхлэхэд том хадгаламж эзэмшигчид мөнгөө үл хөдлөх хөрөнгө, эсвэл үнэт цаасны зах зээл дээр байршуулж эхэлнэ. Ийм процесс эхэлбэл эдийн засагт эерэг нөлөө үзүүлж, өдөртөө нэг өрөө байрны үнэтэй тэнцэх арилжаа хийж чадахгүй байгаа хөрөнгийн зах зээл сэргэнэ.

Эерэг тал нь сөргөөсөө хамаагүй их байгаа нөхцөлд зөвхөн Хятадынх гэдэг сэтгэхүйгээр татгалзах ёстой гэж үү. Мөнгөнд үнэр байхгүй. Хятадын мөнгө муухай, орос, америк, солонгос мөнгө гоё гэсэн юм байхгүй. Эцсийн дүндээ мөнгө үржиж ашиг авчирч л байвал аль улсын “харъяат” байх нь хамаагүй.

Д.НАРАНТУЯА

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №059

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж