Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-д эмгэнэлийн цахилгаан утас илгээлээ. Үүнд, “Зорчигч тээврийн “Сэвөл” хөлөг онгоц осолдож, олон хүн, түүний дотор сурагч хүүхдүүд нэн золгүйгээр амиа алдаж, нөхөж баршгүй гарз хохирол учирсанд Монголын ард түмний өмнөөс болон хувиасаа Танд болон Танаар уламжлан осолдогсдын гэр бүлд, Солонгосын нийт ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлж байгааг минь хүлээн авна уу.
Ослоор сураггүй болсон хүмүүсээс эсэн мэнд гарч ирэхийг Таны нэгэн адил хүсэн хүлээж байсан боловч ийнхүү горьдлого тасарсанд гүнээ харамсан гашуудаж байна. Амь насаа алдсан хүмүүс, хүүхдүүдийн ар гэрийнхэнд учирсан уй гашууг хуваалцаж байгаагаа илэрхийлж, Солонгосын ард түмэн энэхүү хүнд сорилтыг сэтгэлийн хаттайгаар даван туулна гэдэгт итгэж байна.
Монголчууд энэ өдрүүдэд ослоор амь үрэгдэгсдийн хойноос зул өргөн залбирч, талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсөдтэй зүрх сэтгэлээрээ хамт байгааг уламжилж өгөхийг хүсье” хэмээсэн байна.
Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг БНСУ-ын Ерөнхий сайд Жон Хунг Вонд цахилгаан утас илгээж, зорчигч тээврийн “Сэвөлхо” хөлөг онгоц осолдож, олон хүний амь нас үрэгдэж их хэмжээний эд материалын хохирол учирсанд Монгол Улсын Засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа БНСУ-ын Засгийн газар, ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлсэн байна гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.