
БНСУ-ын Инчоны боомтоос Чэжүг зорьж яваад өнгөрсөн лхагва гарагт осолдсон “Sewol” усан онгоцны зорчигчдыг аврах ажиллагаа ес дэх өдрөө үргэлжилж байна. Аврах багийнхны мэдээлснээр нас барсан хүний тоо одоогийн байдлаар 187-д хүрч, 115 хүнийг үргэлжлүүлэн хайсаар байгаа аж. Ослоос 174 хүнийг аварч чадсан юм. Аврах ажиллагааг явуулж байгаа Тэнгисийн цэргийн ахмад Kim Jin-Hwang хэлснээр живсэн усан онгоцонд ажиллаж байгаа шумбагч нар нэг өрөөнөөс 48 охины цогцосыг олсон бөгөөд тэд бүгд аврах хантаазтай байжээ. Одоогоор живсэн онгоцны өрөө нэг бүрийг самнан сураггүй болсон хүмүүсийг хайсаар байгаа аж. Аврах багийн шумбагч нар тус усан онгоцны 111 өрөөний 35-ыг л шалгаад байгаа гэнэ. Мөн тэрбээр шумбагч нар живсэн усан онгоц дотор 10 минутаас иүүтэй хугацаагаар ажиллах боломжгүй байгаа хэлсэн байна. Түүнчлэн аврах ажиллагааны шумбагч нарт усан дор ажиллахад живсэн усан онгоцны өрөөн доторх бүх зүйл хөвж байгаа учраас тэдгээр бүх зүйлсийг нэг бүрчлэн шалгахад цаг алдан хүндрэл учирч байгаа тухай хэллээ. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, БНСУ-д өмнө нь товлосоныхоо дагуу албан айлчлалаар өчигдөр саатсан юм. Тэрбээр Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Park Geun Hye-д хандан танай улс үндэстэнд тохиолдсон уй гашуудлыг хуваалцаж байна гэжээ Мөн тэрбээр усан онгоцны осолд олон зуун залуус өртсөнд туйлын харамсаж буйгаа илэрхийлэн осол болсон тэр үед Цагаан ордон төрийн далбаагаа бөхийлгөн эмгэнэл илэрхийлсэн тухай дуулгалаа. Мөн хоёр орны төрийн өндөрлөгүүд усан онгоцны ослоор амь насаа алдсан БНСУ-ын иргэдийн төлөө хэсэг хором чимээгүй зогсож эмгэнэл илэрхийлжээ. Усан онгоцны сүйрлээс амьд гарсан сурагчид хичээлдээ эргэж орсон ч сургуульд явах хүүхэд цөөн, багш нар нь ч байхгүй болохоор сургууль эзэнгүй орхигдсон мэт үлдсэн тухай BBC агентлаг мэдээлж байна. Сургуулиараа аялалд явж байсан 300 сурагчийн 160 гаруй нь нас барж, ихэнхийнх нь бие муу байгаа учраас эмчилгээ хийлгэж байгаа юм. Гэвч төгсөх шалгалт ойртсон учраас ахлах ангийн сурагчид аргагүйн эрхэнд сургуульдаа эргэн орсон бөгөөд нас барсан болон сураггүй байгаа сурагчдынхаа ширээн дээр цэцгийн баглаа тавин эмгэнэл илэрхийлжээ.
Г.ДАША