
Рапаллод болсон гурав дахь гараанд барианаас 25 км-ын наана Пассо дел Бокко уул өөд өгсөх замд Воутер Вейландт унаж осолдсон юм. Эмч нар цаг алдалгүй ослын газарт очиж, анхан шатны тусламж үзүүлжээ. Улмаар нисдэг тэрэг ирэн 26 настай дугуйчныг эмнэлэгт хүргэсэн ч амьсгал хураажээ. Эмнэлгийн шинжилгээгээр Бельги дугуйчин анхны тусламжаас өмнө нас барсан байсан гэнэ.
Вейландт мэргэжлийн карьераа 2004 онд “Quick Step” багаас эхэлсэн бөгөөд 23-аас доош насныхны Тур дэ Фландерс уралдаанд түрүүлж, улмаар Парис-Руба уралдааны шагналын тавцанд зогсч, олны танил болсон дугуйчин билээ. Тэрээр 2008 оноос эхлэн насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдөж эхэлжээ.
Тэрээр өнгөрсөн оны Жиро д’Италиа уралдааны гурав дахь гараанд түрүүлж байсан бөгөөд тухайн үед уг гараа Нидерландын Амстердам хотноо болж байсан юм. Энэ жилийн уралдааныг зохион байгуулах хороо энэ гарааны ялагч Ангел Висиочо болон уралдааныг тэргүүлэгч Давид Миллар нартай тохиролцон нас барсан Вейландтыг хүндэтгэн түүнд уг гарааны тэргүүн байрыг нөхөн олгосон байна. Харамсалтай нь, Вейландтын эхнэр ирэх есдүгээр сард амаржих гэнэ.