Математикийн олимпиад Архангай аймагт болов

Хуучирсан мэдээ: 2011.05.10-нд нийтлэгдсэн

Математикийн олимпиад Архангай аймагт болов

Математикийн шинжлэх ухааны доктор, академич, УИХ-ын гишүүн  Р.Гончигдоржийн санаачлан зохион байгуулдаг  математикийн олимпиад саяхан Архангай аймагт  11 дэхь удаагаа амжилттай  зохион байгуулагдсан байна. Олимпиадын үндсэн зорилго нь  математикчдын ирээдүйн залгамж халааг бэлтгэхэд чиглэжээ.  

Мөн багш, сурагчдын  сэтгэн бодох чадвар, математик сэтгэлгээг хөгжүүлэх,  бүтээлч үйл ажиллагааг дээшлүүлэхэд үр дүнтэй байдаг  учраас Архангай аймаг дахь ерөнхий боловсролын дунд сургуулиуд энэхүү олимпиадад эрчимтэй бэлтгэдэг болсон аж.  
Олимпиадыг  санаачлагч нь аймгийнхаа математикийн олимпиадын  дөрвөн удаагийн  аврага, 1967, 1970 онуудад  Монгол Улсын математикийн олимпиадын аврага, 1970 онд Олон улсын  математикийн олимпиадын  хүрэл медальтан болж байсан гэнэ.  

Олимпиадыг шүүн явуулахад МУИС-ийн Математик-Анализийн тэнхимийн эрхлэгч доктор, профессор В.Адъяасүрэнгээр ахлуулсан багш нарын бүрэдэхүүнтэй шүүгчдийн баг ажиллаж, арав гаруй сургуулийн  7-11 дугаар ангийн  260 гаруй  сурагчдаас  шилдэг тэргүүний  математикч хүүхдүүдийг шалгаруулан нэг, хоёр, гуравдугаар байр эзлүүлэн алт, мөнгө, хүрэл медаль хүртээж, мөнгөн шагнал олгожээ.  
Тодруулбал, 11 дүгээр ангиас тэргүүн  байрт “Хүмүүн цогцолбор” нэгдүгээр сургуулийн сурагч Ч.Гүррагчаа, хоёрдугаар байрт мөн сургуулийн сурагч Б.Батхүү, гуравдугаар байрт мөн сургуулийн сурагч Б.Гэрэлмаа нар орсон байна.
Аравдугаар ангийнхны дунд болсон олимпиадад  тэргүүн  байрыг  “Хүмүүн цогцолбор” нэгдүгээр сургуулийн сурагч Г.Сосорбурам, хоёрдугаар байрт тус сургуулийн сурагч  Э.Тодмэргэн, гуравт Төвшрүүлэх сумын сурагч  Э.Дөлгөөн оржээ.
 
Есдүгээр ангийнхны дунд зохион байгуулагдсан олимпиадад тэргүүн байрт “Хүмүүн цогцолбор” сургуулийн сурагч Э.Ганбат, хоёрдугаар байрт мөн сургуулийн сурагч Э.Тодмэргэн, гуравт тус сургуулийн сурагч Б.Булгамаа нар орсон аж.  

Наймдугаар ангийн сурагчдын дунд болсон олимпиадад  “Хүмүүн цогцолбор” нэгдүгээр сургуулийн сурагч Ж.Халиун, Ч.Баясгалан, хоёрдугаар байрт мөн сургуулийн сурагч А.Дуламсүрэн, гуравдугаар байрт “Хүмүүн цогцолбор” гуравдугаар сургуулийн сурагч О.Бямбажаргал, Т.Долгорсүрэн нар шалгарчээ.  
Долдугаар ангийн сурагчдын дунд болсон олимпиадын тэргүүн байрт “Хүмүүн цогцолбор” гуравдугаар сургуулийн сурагч М.Мөнх-Өлзий, хоёрт Өндөр-Улаан сумын дунд сургуулийн сурагч А.Гантогтох, гуравт “Хүмүүн цогцолбор” нэгдүгээр сургуулийн сурагч Г.Оюунтүлхүүр нар орсон байна.

Ингээд багийн дүнгээр “Хүмүүн цогцолбор” дунд сургуулийн сурагчид тэргүүлжээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж