
Богинохон хугацаанд зарлаж, удаан дуншиж нийтэд цацагдсан 888 жаахан удсан бол магадгүй 8888 ч хүрч болох байлаа. Түүхэн ач холбогдолтой энэ тоо монгол улс цаашид үйлдвэржих үү, эс үйлдвэржих үү ?. Өөрсдөө хөгжих үү, бусдаар хөгжүүлүүлэх үү? Монголын төрийн чадамж ямар байна. Асуудлын мөн чанараа ойлгож үү үгүй юу? УИХ-д, улс төрийн намуудад улсаа хөгжүүлэх чин эрмэлзэл, мэдлэг, чадвар байна уу үгүй юу? Монголчууд дотоод асуудлаа шийдэж чадах уу үгүй юу, Үндэсний зөвшилцөлд хүрч чадах уу үгүй юу гэдэгт хариулт өгөх юм. 888 бол Монголын үйлдвэржилтийн төлөвлөгөөнд багтах төслүүд бөгөөд үндэсний төслийн сан бүрдүүлэхэд суурь болох ач холбогдолтой мэдээллийн төвлөрүүлэлтэд чухал зүйл боллоо.
Монголын эдийн засгийг нуруундаа үүрч, татвараараа дамжуулан улс төрчид, төрийн албан хаагчид, монголчуудаа цалинжуулж, тэжээж, улсаа хөгжүүлж яваа аж ахуйн нэгжүүд, нийгмийн бүтээлч давхарга, хорин жил хийж бүтээх гэж зүтгэж унаж босож, хүү, түрээс хоёрынхоо дороос өндийж чадахгүй яваа бизнесменүүд, нийгэм эдийн засагт онцгой чухал үйлдвэр босгох эрмэлзэл тээсэн залуучууд, үнэ цэнэтэй санаа тээсэн үе үеийн сэхээтнүүд, эрдэмтэд, эрхтэн дархтны цүнх зөөн хэдэн төгрөг олчих гэсэн түрүүвчнүүд, мэдээлэл эрх мэдэлдээ дулдуйдан бусдын санааг копи принт хийсэн ашиг хайгчид бүгд л 888 ын ард байгаа.
888 бүтэхгүй
Харамсалтай нь, хичнээн чухал төсөл байгаад ч 90 хувийнх нь хувьд хөнгөлөлттэй, урт хугацааны зээл авч төслөө хэрэгжүүлэх энэ ариун хүслүүд биелэгдэх боломжгүй юм. Засгийн газар ямар ч сайхан санаачилга гаргаж, бодлогын бичиг баримт гаргасан ч хэрэгжилт нь эцсийн бүлэгтээ арилжааны банкны зээлийн хорооны мэдэлд байгаад учир байгаа юм. Монголын төрийн бодлогод арилжааны банкууд дүн тавьдаг бөгөөд эдийн засгийг засгийн газар бус банкны систем атгаж, үүнийгээ бид зах зээлийн нийгэм гэж ойлгодог болчихсон, бидэнд ойлгуулчихсанд оршиж байгаа юм.
Яагаад 888 бүтэхгүй гэж ?.
Яг бүтэн жилийн өмнө засгийн газраас ноосон даавуу үйлдвэрлэл, ноолуур, оёдлын салбарын тоног төхөөрөмжийг шинэчлэхэд зориулж 130 орчим, хүлэмж, сүүний салбарыг дэмжихээр 44 сая, нийт 170 гаруй сая доллар шийдвэрлэсэн.
Арьс ширний салбарыг дэмжихээр 2011 оноос яригдсаар 2012 оны 12 сард 200 тэрбум төгрөгийн бондыг Засгийн газраас гаргахаар тогтоол гаргасан. Харамсалтай нь арьс ширнийхэн 500 хоноход нэг ч төгрөгний бараа хараагүй, бусад бүх төслүүд дунджаар зээл олголт 40 орчим хувьтай л байна. Ноос, ноолуур, арьс шир, сүү бол түүхий эдээ дотоодоосоо бэлтгэдэг, тэр нь байнга ундарч байдаг, хэдэн мянган жилийн хэрэглээний болоод үйлдвэрлэлийн уламжлалтай, орчин үеийн техник, мэдлэг, мэргэшил бүхий үйлдвэрлэлийн бааз суурь бүрдсэн салбарууд гэдэгтээ хэн ч маргахгүй. Энэ салбарууд монголчуудын харьцангуй давуу тал юм. Хамгийн шаардлагатай зүйл нь жаахан тоног төхөөрөмжөө шинэчлэх, эргэлтийн хөрөнгийн эх үүсвэртэй болох. Үүнд нэг их ухаан хэрэггүй. Гэтэл бид чаддаггүй.
Үйлдвэрлэгчид зээлээ авч чадахгүй байгаа нь зээлжих чадвар байхгүй, баланс тайлан муу, барьцаа хөрөнгө хүрэлцэхгүй гүйцээ. Түүхий эдээ цуглуулж авах сүлжээ байхгүй, худалдаж авах хуримтлал үүсээгүй, олон жилийн зээлийн өндөр хүүний болон түрээсийн төлбөрийн дарамт дор үйлдвэрлэл нь доголдсоноос алдагдалтай ажилласан зэрэг нь хөнгөлөлттэй гэгдэж байгаа зээлээс хүртэх боломжгүй болгож байгаа юм. Дээр дурьдсан үйлдвэрүүд бол манай улсын хамгийн зээлжих чадамж өндөр байх ёстой үйлдвэрүүд юм. Нэгэнт эдгээр үйлдвэрүүд зээлжиж чадахгүй, дэмжих санхүүгийн механизм байхгүй байгаа бол 888 ын хувьд хувь заяа бүр хүнд. Арилжааны банкуудад материалууд өгөгдөнө. Банкныхны гарыг цайлгаад л, дарга цэрэг нартай нь уулзаад л жил тойрон гүйлдэнэ. Нийгэм эдийн засгийн бодитой, харагдахуйц үр дүн гарахгүй. Өөр яах юм бэ гэх хүмүүс олон байна. Энэ бол төөрсөн, аргаа барсан, аргацаасан, хоосон найдвар тээсэн хүмүүсийн хариулт. Үүнд л хариулт, шийдэл, энэ байдлаас гарах гарц хайх нь гол асуудал болоод байна. Үүнд 888 ын ач холбогдол оршино. Хэдхэн төслийг юун ч сүртэй ярьдаг юм бэ гэх нэгэн байхыг үгүйсгэхгүй ч нийгмийн амьдрал, Монголын улс төр, хэвлэл мэдээлэл 4.5 их наяад төгрөг нэхэж буй, 40 их наяадын эргэлтийг бий болгож чадахуйц эдийн засаггүйгээрбайдаг гэж ойлгодог хүн арайч байхгүй болов уу.
Засгийн газар, Эдийн засгийн хөгжлийн яам хэдэн зуун тэрбумыг Үйлдвэр Хөдөө Аж ахуйн яаманд өгчихсөн. Та нар ажлаа зохион байгуулж чадахгүй байна гэнэ. Шалтгаан нөхцөл тайлбарлаад явахаар яаман дотроо шийд гэнэ. Гэтэл энэ асуудал өөрөө нэг яамны эрх хэмжээнээс төдийгүй засгийн газрын эрх хэмжээнээс давсан асуудал гэдгийг ойлгох цаг ирсэн байна. Шалтгаан нь монголчуудын сонгосон чөлөөт зах зах зээлийн эдийн засгийн систем, улс төрийн ардчилсан тогтолцоондоо байгаа гэдгийг системтэй биш ч гэсэн уялдаа холбоогүйгээр хаа хаанаа ярьцгааж байгаа билээ.
Тийм учраас үндэсний үйлдвэрүүдийг хөгжүүлэх бодлого яагаад хэрэгжилт муу байгаа, цаашид 888 хэрэгжих боломж маш бага байх суурь шалтгаан нөхцөл нь Шинэчлэлийн засгийн газарт бус өмнөх, урдах Засгийн газруудад бус ерөөсөө монгол төрийн чадамж байхгүй болсонд оршиж байгаа юм. Үе үеийн засгийн газруудыг буруутай гэвэл буруу замаар будаа тээж яваагаа мэдээгүй, мэдсэн ч хөнгөмсөгөөр найдсаар яваад л бугшина. Миний бие 5 жилийн өмнө Төртэй ч болоосой гэсэн нэртэй эмхэтгэл ном гаргасан бөгөөд саяхан болтол Төрөө төвхнүүлэхүй гэсэн чиглэлд ном гаргахыг зорьж байлаа. Аз болоход Америкийн нэрт эрдэмтэн, нийгэм судлаач Френсис Фукуяама Төрийг төвхнүүлэх үү гэсэн цуврал номоо гаргажээ. Хэдийгээр Америкийн зүгээс дэлхийн улсуудын төрийг төвхнүүлэхэд гүйцэтгэх онцгой үүргийн тухай номлож байгаа ч төрүүдийг задлах, хүчийг нь сулруулах, чадамжгүй болгох, цомхон бөгөөд хэт их гүрний бодлогод зохицуулан төвхнүүлэх гэсэн оролдлогууд ихэнх тохиолдолд амжилтгүй болж, эргээд сул төр, чадамгүй, бодлогогүй төрүүд бүхий орнуудад ажилгүйдэл, ядуурал газар авч, хээл хахууль, гэмт хэрэг, терроризмийн үүр уурхай болж, улмаар дэлхийн бэрхшээл хүндрэлүүдийн голомт болж байгаа тухай болоод ийм байдалд хүргэсэн 70, 80, 90 ээд оны үеийн номлогчид, судлаачид алджээ гэдгийг хүлээн зөвшөөрч тэднийхээ өмнөөс нэг ёсны наминчлал үйлдсэнийг анхаарахгүй байхын аргагүй. Чухамдаа 90 ээд оны либерал эдийн засагчдын номлолоор бид байсан бүтээсэн бүхнээ нурааж, төрөө задалж тавьчихаад одоо буцаан угсарч амжаагүй байна.Зах зээл өөрөө өөрийгөө зохицуулна гэсэн хар гарын онол, сонгодог эдийн засгийн онол гэдэг нь худал хуурмаг номлол. Энэ бол ерөөсөө ч онол биш бөгөөд зүгээр л аливаа бодлого, онол, зохицуулалт бүтэхгүй болсон нөхцөлд нийгэм хар аяндаа бууж буцаж ирдэг анхдагч төлөв байдал юм.
Монголд хөрөнгө оруулалт сүүлийн 5 жилд аадар бороо шиг орсон, харин үерийн ус шиг урсаад өнгөрсөн. Учир нь бид сүүлийн 20 гаруй жилд хэрэглээний хийгээд худалдааны эдийн засгийг задгай тавьж, баялаг бүтээх хөрөнгө оруулалт, зээлийг шингээж чадах эдийн засгийн хөрс суурь бэлдэж чадаагүй юм.Энэ нь дэд бүтэц, уул уурхайд тэрбум долларын хөрөнгө оруулвал машин, тоног төхөөрөмж, шатахуунд 800 сая нь гадагшаа урсаад, барилга барьсан ч цемент, арматур, барилгын материал, ажилчдын хөлсөнд 80 хувь нь хятад руу урсдаг ийм л дүр зураг байна. Суурь өөрчлөлт хийхгүйгээр цаашид ч ийм л байх болно. Ардчилсан нам төр барих, Ардын нам төр барихаас хамааралгүй хүчин зүйл.
Ийм л учраас Чингис бондоор хэрэгжүүлж байгаа үйлдвэрийн төслүүд ч тэр одоо уралдаад байгаа 888 ч хэрэгжих магадлал маш бага бөгөөд хамгийн ноцтой нь засгийн газрын болоод монголчууд бидний хүсэн хүлээж байгаа нийгэм эдийн засгийн үр дүнг горьдох аргагүй байна. Үүнийг би салбар салбарын үйлдвэрлэгчид, мэргэжлийн холбоод, яамныхаа болоод бусад холбогдох яамдын сайд дарга нар ерөнхий сайдад хүртэл тохиолдол бүрд ойлгуулахыг хичээн тайлбарлаж, бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчдын сонорт хүргэх үүднээс хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр хүртэл байнга ярьж байна.
ГАРЦ
Богино хугацаанд
Засгийн газрын зүгээс авч хэрэгжүүлж буй үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого, ажилтай орлоготой Монгол хүн бий болгох, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжих , Монгол брэнд бий болгох үндсэн зорилтуудыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд томоохон зарчмын өөрчлөлтүүдийг цаг алдалгүй хийх шаардлагатай байна. Үүнд:
- Арилжааны банкуудын өөрийн хөрөнгийг нэмэгдүүлж үйлдвэрлэлийн зориулалтаар олгогдох үндсэн зээлийн хүүг бууруулах замаар үйлдвэрлэл эрхлэх таатай орчинг бүрдүүлэх;
- Зээлийн батлан даалтын сангийн даатгалын хэмжээг нэгээс хоёр тэрбумд хүргэх
- Нийгэм эдийн засгийн чухал ач холбогдол бүхий стратегийн салбарт хийгдэх (тухайлбал мал аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт) хөрөнгө оруулалтын санхүүжилт, хөнгөлөлттэй зээлтэй холбоотой Засгийн газрын шийдвэрийг богино хугацаанд нэг мөр хэрэгжүүлэх санхүүгийн механизмыг Хөгжлийн банк болон төрийн өмчит банкаар дамжуулан бий болгох
- Гадаадын болон олон улсын нэр хүнд бүхий банкуудыг дотоодын зах зээлд хадгаламж авах салбар байгуулах эрхгүйгээр Монгол улсад тодорхой чиглэлээр үйл ажиллагаа явуулах бололцоогоор хангах
- Түүхий эдийн нөөцийн бэлтгэл, худалдаа, экспортын зохицуулалтыг Засгийн газар онцгойлон анхаарч, төр, хувийн хэвшил, салбарын холбоодын хамтарсан субъектийн хяналтад авах
- Стратегийн чухал, түүхий эд, бүтээгдэхүүн шатахуун, буудайн импорт, мал аж ахуйн гаралтай түүхий эд, эрдэс баялагийн экспортын нэг цонхны бодлого явуулах
- Төрийн өмч давамгайлсан давхар даатгалын компани байгуулах
- Хувийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэх бололцоогүй төслүүдийг төрөөс хөрөнгө оруулалт хийж зүгшрүүлэн хувьд шилжүүлдэг аргачлалыг хэрэгжүүлж эхлэхцаашид Монгол Улсын түүхий эдийн боловсруулалтын үе шатыг нэмэгдүүлэх, улмаар эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх эдийн засгийн үр ашиг бүхий үйлдвэрлэл, хөгжлийн бодлого явуулах, нийгэмд бий болсон наймааны сэтгэлгээг бүтээлч, үйлдвэрлэгч чиглэлд хөгжүүлэхэд санхүүгийн эх үүсвэрийн зардлыг бууруулах, төрийн бодлогыг шуурхай, үр дүнтэй хэрэгждэг байхад чиглүүлэн ажиллах
Дунд хугацаанд
Хоёр их гүрэн маань маш зохион байгуулалттай, цэгцтэй, бодлоготой төлөвлөлттэй систем гэж хүлээн зөвшөөрөх нь чухал. Хүчтэй системтэй сайн систем л ажиллаж, хамтарч, өрсөлдөж чадна. Системийн эсрэг задгай, хувийн болоод ганцаарчилсан тоглолт хийх нь Реал мадридын эсрэг зах дээрээс хэдэн залуу цуглуулаад тоглохтой адил бөгөөд системийг ялна, дийлнэ, хожино, ашигтай гэрээ хийнэ гэдэг нь 1 хувийн ч магадлал байхгүй юм. Манай Оюу Толгой, Таван толгой бүх л том төслүүд системгүй хандлагын илрэл бөгөөд нэг гэр бүлд боломжийн байж болох ч нийт монголчуудад өчүүхэн ч ашигтай болох үндэсгүй юм. Иймд
1. Засгийн газрын бүтцийг оновчтой тогтоон, тогтвортой ажиллах, мэргэжлийн, мэргэшсэн чадварлаг төрийн албыг бий болгоход чиглэсэн хууль эрх зүйн зохицуулалт хийх
2. Үндсэн хуулийн бүтцийн байгууллагуудын сонгуульт болоод томилолтын хугацааг 5 жилээс доошгүйгээр тогтоох
3. Төрийн албаны зөвлөл, төрийн хяналтын төв байгууллагуудыг Үндсэн хуулийн байгууллага болгох
4. Хавтгайрсан улс төржилтөөс зайлсхийхэд чиглэсэн улст төрийн намын болон, сонгуулийн хуулийг батлан мөрдүүлэх зэрэг төрийн инстүүцүүдийг цогцоор нь бэхжүүлэхэд чиглэсэн Монгол төрөө шинээр урлан бүтээх арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх хэрэгтэй байна.
5. Макро түвшинээ төлөвлөлттэйгээр төрийн хүчтэй оролцоотойгоор удирддаг, микро түвшиндээ чөлөөт зах зээлийн эдийн засгийн баримжаатайгаар чиглүүлэх
6. Бразил, Чили, Сингапур, Малайз, Франц, Польш, Европын олон орнууд, Хятад, Вьетнамын төрийн өмчит компаниуд маш амжилттай ажиллаж, дэлхийн улс орнууд нийтийн өмчийн болон төрийн өмчийн хэлбэрүүд рүү шилжиж байгаад дүн шинжилгээ хийж, өмч хувьчлах концепцийг төгсгөл болгож, өмчийн менежментийг сайжруулах, шилэн менежменттэй болгох хувь хүн системийн эсрэг олон хүчин зүйлээр сөрөн зогсох боломжгүйг харгалзан мега төслүүд, үндэсний хэмжээний томоохон үйлдвэр, уул уурхайн томоохон ордуудад төрийн оролцооны давамгайлал бий болгох алхамуудыг зайлшгүй хийх шаардлагатай байна.
Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллаж үйлдвэр хөдөө аж ахуйн салбарыг хариуцаж байгаа дэд сайдын хувьд болж бүтэхгүй байгаа шалтгаан нөхцлийг ойлгож, мэдэж, үндэсний үйлдвэрүүд, үйлдвэрлэгчдийн дийлэнх ньнөлөөллөө алдаж, эдийн засаг үйлдвэрлэлийн бүхий л салбарт гадны маш хүчтэй түрлэг ирж буйгхарсаар байж дуугүй суух нь Шинэчлэлийн багийн гишүүний ёс зүйг хадгалсан алхам болно гэж үзэх аргагүй байна.