
Украины зүүн хэсэгт террористын эсрэг тусгай ажиллагаа эхлүүлээд буй Киевийн Засгийн газрын цэргүүд өчигдөр /IV.24/ Славянск хотын ойролцоо Оросыг дэмжигч таван салан тусгаарлагчийг хөнөөжээ. Украины Дотоод хэргийн сайдын мэдээлснээр Киевийн Засгийн газрын армийн цэргүүд салан тусгаарлагчдад эзлэгдсэн Славянск хотын шалган нэвтрүүлэх гурван цэгийг зэвсэгт босогчдоос чөлөөлсөн аж. Үүнтэй зэрэгцэн ОХУ Украины хилийн ойролцоо цэргийн сургуулилт эхлүүлсэн байна. НАТО-гийн мэдээлснээр Украины хилийн ойролцоо ОХУ-ын 40 мянган цэрэг төвлөрсөн байгаа юм. Киевийн Засгийн газрын зүгээс Украины хилийн ойролцоох ОХУ-ын цэргийн ажиллагаанд Москвагаас тайлбар шаарджээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри ОХУ-ыг Украины тогтвортой байдлыг алдагдуулж, ирэх тавдугаар сард болох Киевийн ерөнхийлөгчийн сонгуулийг нураахыг оролдож байна хэмээн буруутгажээ. Харин ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров хэрэв бидний, манай иргэдийн хууль ёсны ашиг сонирхлыг Украины талаас зөрчсөн тохиолдолд яг Өмнөд Оссетын жишгийн дагуу шууд цэргийн хариу арга хэмжээ авна хэмээн мэдэгдсэн юм.
Энэ бүхний хажуугаар НАТО-гийн гишүүн Польшийн цэргийн сургуулилтанд оролцохоор АНУ-ын 600 орчим цэрэг өнгөрсөн лхагва гаригт /IV.23/ тус улсад хүрэлцэн ирээд буй юм.
Б.АНХТУЯА